Маш нууц ::
Израиль Моссад болон тусгай үүрэг гүйцэтгэх хүчний түүх
Цаг хугацаа өнгөрсөөр, ажиллагаа улам хүндэрсээр. Тусгайгийн захирагч Баракт удирдамж ирэхгүй удаад байхаар нь тэрбээр эхнэрийнхээ хамтаар Эйлатад амрахаар шийдэв. Гэтэл хоёр ч хонолгүй байтал түүнийг Тель-Авив дахь Жанжин штабын нарийн бичгийн дарга нарын газарт яаралтай ир гэсэн тушаал ирэв.
Баракийг Давид Элазар, түүний орлогч “Талик” хочтой генерал Йона Эфрат, Шакед (цэргийн хоч нь “Мано”) нар хүлээж байлаа. Тэд мэндэлмэгц “Мано” “Хар 09-р сар” байгууллагын толгойлогчдыг устгах ажиллагааны талаар боловсруулсан өөрийн төлөвлөгөөг танилцуулав. “Мано”-гийн төлөвлөснөөр гол үүргийг Баракийн удирдсан тусгайгийнхан гүйцэтгэх ёстой байв. Тусгайгийн дайчдыг далайгаас болон хуурай газар дээр Израилийн десантын цөөн тооны бүрэлдэхүүнтэй 15 хөдөлгөөнт хэсэг халхлах байлаа.
- Төлөвлөгөөний талаар ямар бодолтой байна вэ? гэж анхнаасаа л Баракаас харц бууруулалгүй ширтэж байсан Элазар асуув.
- Тэнд чинь дэндүү олон хүн байх болоод байгаа юм биш үү?
- Тэр чинь юу гэсэн үг вэ?
- Ажиллагааг өөр аргаар гүйцэтгэж болно гэж бодож байна, гэж Барак хэлэв. Гол нь ажиллагаа террористуудыг барьц алдуулахуйц гэнэтийн байх ёстой. Ажиллагаа ердөө хэдхэн минут үргэлжлэх юм. Гол ажиллагааг гүйцэтгэх хэсэгт 15-аас дээшгүй тооны хүн байна.
- Тэгвэл чи өөрийнхөө төлөвлөгөөг хэзээ танилцуулж чадах вэ? гэж Элазар асуув.
- Намайг яг одоо явуулбал маргааш танилцуулъя.
Маргааш өглөө нь ажиллагааны төлөвлөгөө Элазарын ширээн дээр тавиастай байв. Цагийн дараа гэхэд тэрбээр Барак, Шакед хоёрын хамтаар Даяанд ажиллагааны төлөвлөгөө болон ажиллагаа явуулах газрын орчим дахь террористуудын төвлөрсөн газрууд хийгээд Ливаны байнгын армийн болон хилийн цэргийн томоохон анги, нэгтгэлүүдийн тухай тагнуулын бүх мэдээллийг танилцуулав.
- Ийм байхад ажиллагаа явуулах боломжтой гэж бодож байна уу? хэмээн сайд асуув.
- Бид боломжтой бүхнийг хийх болно гэж Барак товч хариулжээ.
Энэхүү хуралдаан дээр төлөвлөсөн ажиллагаанд “Залуу насны хавар” гэсэн нууц нэр өгч, ЦАХАЛ-ын Жанжин штабын дэргэдэх нууц ажиллагааны хэлтсийн компьютерт оруулав.
Энэ нэр Баракт таалагджээ.
Батлан хамгаалахын сайд нэг шөнийн дотор Бейрут хотод байгаа террористуудын байрлаж буй бүхий л газрууд руу довтолж, цохилт өгөхийг Жанжин штабын даргад зөвшөөрөв. Гол бай нь Ливаны нийслэлийн төвд байрлаж буй Палестиныг чөлөөлөх ардын фронт байгууллагын төв штаб байв. Жанжин штабын тооцоолсноор нэгэн зэрэг олон чиглэлээр хийх цохилт нь Ливаны аюулаас хамгаалах хүчин болон армийн анхаарлыг өөр дээрээ татаж, “командос”-ын дайчид зорилгодоо хүрэхэд нь учрах саад тотгорыг зайлуулж, даалгавраа биелүүлэхэд нь дөхөм болох байв.
- Засгийн газрын тэргүүний зөвшөөрлийг авсан уу? гэж Барак асуув.
- Одоохондоо аваагүй байгаа гэж Даяан товчхон хариулжээ.
- Ерөнхий сайд хатагтай Голда Мейр зөвшөөрөх үү?
- Хатагтай зөвшөөрнө гэж Батлан хамгаалахын сайд хэлээд толгой дохив. Хатагтай хэдийнэ энэ ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээсээр байгаа. Товчхон хэлэхэд, Ерөнхий сайд дээр асуудал гарахгүй гэв.
Ажиллагааны ганцхан асуудал дээр маргаан үүсэв. Тэр нь тусгайгийн дайчид далайн эргээс бусдын анхаарлыг татахгүйгээр хүрэх газартаа хэрхэн очих вэ? Тэгтэл тусгай ангийн хамгийн шилдэг дайчин Муки Бецер “Командосын дайчдыг дурлалт хосуудын дүрд тоглуулж хэдэн хэсэг болгон хуваая. Намхан нуруутай эрчүүд нь эмэгтэй хүн болж хувцаслаад, өндөр нуруутай эрчүүд нь тэднийг эргүүлдэх юм” гэсэн саналыг дэвшүүлэв.
- Эхуд залуу хөвгүүний төрхтэй шүү дээ гэж Бецер тоглоом ч үгүй хэлээд - Тиймээс Эхуд шар сортой хүрэн бор өнгийн үстэй бүсгүйн дүрд сайхан таарах юм... гэв.
Даяаны өрөөнд болсон хуралдааны дараа Барак бэлтгэл ажлынхаа төгсгөлийн шатанд оров. Тохирох өнгийн хиймэл үс олох хэрэгтэй боллоо. Ажиллагаанд оролцох дайчид ганц нэгээрээ Тель-Авив хотын Алленби гудамжинд байдаг эмэгтэй хувцасны дэлгүүрт очиж, “хайртай бүсгүйдээ” зориулж маш том хэмжээтэй гол төлөв хөх өнгийн гадуур цамцнуудыг авав. Том биетэй бүсгүйчүүдийн тусгай дэлгүүрээс хувцас авах санааг мөн л Бецер гаргасан юм. Учир нь, цамцан дотуур нижгээд гар гранат, автомат бууны дайз нуучих боломжтой байсан билээ.
Нэлээд эргэлзсэний эцэст ажиллагаанд ердийн “Узи” загварын автомат бууг ашиглахаар болов. Учир нь, тусгайлан захиалан хийлгэж байгаа жижигрүүлж хөнгөн болгосон буу нь бэлэн болоогүй байсан, тэгээд ч шийдвэрлэх мөчид гацаж болзошгүй байв. Мөн Баракийн удирдсан группын дайчид бүгд арай холын зайны тусгалтай автомат буу болон тус бүр нь 250 грамм жинтэй хэд хэдэн тэсрэх бөмбөг багтдаг жижиг хэмжээний чемодантай (дайчид түүнийгээ “Жеймс Бонд” гэж нэрлэнэ) байв.
Ажиллагаа дууссаны дараа Лондон хотын “Санди таймс” сонинд сурвалжлагчийн эрэн сурвалжилсан өгүүлэл нийтлэгдсэн юм. Уг өгүүлэлд 1973 оны 04-р сарын 01-ний өдөр Бейрут хотын захад байдаг “Сандс” зочид буудалд гадаадын хоёр жуулчин буудаллажээ. Нэг нь Майн дахь Франкфурт хотоос агаарын тээврийн “Люфтханза” компанийн онгоцоор Ливаны нийслэлд ирсэн Бельгийн бизнесмэн Жильбер Римбодын бичиг баримттай байжээ. Нөгөө нэг гадаадын иргэн нь мөн тэр онгоцоор ирж, онгоцны буудал дахь шалган нэвтрүүлэх товчоонд Дитер Альтнуцер гэх ХБНГУ-ын иргэний гадаад паспортыг үзүүлсэн байна.
Тав хоногийн дараа уг буудалд өөр гурван жуулчин буудалласан нь хээнцэр эр Эндрю Вижвэй, мөн Шарль Босар, Жорж Эльдар нар байв. Эдгээр хүмүүс Лондон хотоос агаарын тээврийн “Бритиш эйрвейз” компанийн онгоцоор Бейрутэд иржээ.
Мөн тэр үдэш “Хар 09-р сар” байгууллагын толгойлогчид амьдардаг байшингаас холгүй орших Бейрут хотын “Атлантик” зочид буудалд Эндрю Мэйси гэгч Английн иргэн шинээр ирж буудаллав. Зочид буудлын үйлчлэгчдийн анхааралд түүний энгийн зан харьцаа, гадаадын иргэн сайхан амарч зугаацчихмаар Бейрут хотын элдэв цэнгээний газрыг байнга асууж сурагладаг байсан нь тусчээ. Мөн өөрийгээ усанд сэлэх дуртай гээд Газар дундын тэнгисийн эрэг дээрхи усны температур, далайн давалгааны өндрийн хэмжээг асууж сурагласан байжээ.
Сурвалжлагчийн эрэн сурвалжилснаар Эндрю Мэйси нь “Залуу насны хавар” ажиллагаа эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Бейрутэд ирсэн “Моссад”-ын шуурхай бүлгийн удирдагч байжээ. Гэвч тэдгээр зургаан хүн хамтдаа байхыг нь хэн ч олж хараагүй байдаг юм...
Үргэлжлэл бий...
|