+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд

Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38

Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0

Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0

oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » June » 3 » Уран зохиол:: Зүүдэн доторх зүүд (Адал явдалт зохиолын 3-р хэсэг)
7:25 PM
Уран зохиол:: Зүүдэн доторх зүүд (Адал явдалт зохиолын 3-р хэсэг)

Уран зохиол:: 
Зүүдэн доторх зүүд (Адал явдалт зохиолын 3-р хэсэг)

- Нийгмийн сэтгэл зүйн антироман -

C.Зоригийн гэгээн дурсгалд зориулав

Үргэлжлэл.

Долоо. Далд санаа
"Цагаан харх”-ын үл үзэгдэгч эзэн буурал толгойт эр, "ордны тул” хоёр есөн сарын 31-ний налгар өдөр ихэд нууцлагаар саарал өнгийн бенз хөлөглөн Их тэнгэрийн амаар уруудан Туул голын хөвөөнд очиж шар айраг задлан тухалцгаав. Буурал толгойтын жолооч бадриун бор залуу тэр хоёроос зайдуухан тэрэг рүүгээ ус цацан угааж зогсоно. Буурал толгойт "Чиний гарын хүн гээд байгаа цаад хүн чинь баараггүй хүн олоо биз дээ? Тэр хүн ч тэгээд хир найдвартай юм бол? Энэ талаар эзэн их санаа зовж байна. Дутуу, гуцуу юм хийж хөөдөх вий дээ. Тэгвэл ч дээр, доргүй бүгд ч баларна шүү дээ. Цаад хүн чинь мөнгөний сонирхол ихтэй хүн болохоор гардагчиддаа гар татаад сүйдэж мэдэх юм шүү?” хэмээн ордны эрээс асуухад нөгөөх нь "Энэ талаар санаа зоволтгүй. Би тэр хүнтэй ний нуугүй ярилцсан. Ер нь ч түүнийг сайн мэднэ. Надтай олон юман дээр гар нийлж ажилласан. Тэр нөхөр надаас урваад ямар ч ашиг олохгүй. Өөрийнхөө толгойг л цусдана гэсэн үг. Үүнийгээ ч сайн мэдэж байгаа. Би урьдчилгаа гээд хэдэн төгрөг өгсөн. Тэрэндээ овоо сэтгэл дүүрэн байх шиг байна лээ. Их л хатуу сэтгэлтэй, чанга гартай хүн. Одоо биднээс өөр түшиж тулж, итгэж найдах хүн түүнд байхгүй. Хоолой дээр нь хутганы ир ирчихээд байхад мань хүн хаашаа ч ухрахгүй л дээ. Харин эзэн та нар мань эрийг тендерт ороход нь ёстой ухрах газаргүй болтол нь мадалж орхисон байна лээ. Мань эр тэр тухай ямар ч сэжиг аваагүй. Бүх бурууг өөртөө л өгөөд явж байгаа. Түүнд одоо өөрийгөө авч гарахад нь бидний захиалга тус болно. Өөр ямар ч яриа байхгүй” гэж учирлав.
   
Буурал толгойт "Чи цаадахынхаа гардаж хийх хүмүүсийг судалсан биз дээ? Ямархуу хүмүүс байна?” гэж шантаажлан асуухад саарал ордны эр "Гардаж зохион байгуулж байгаа хүн нь Ху овогт гэдэг КГБ төгссөн 40 эргэм насны туранхай эр байх шиг байна лээ. Яг үнэндээ гардах хүмүүсийг л сайн мэдэхгүй байна” хэмээн хэлэхэд буурал толгойт хэсэг зуур чимээгүй байснаа "Муу л байна даа. Асуудал яаж ч эргэж мэдэх юм. Гардагчууд илэрч баригдсан тохиолдолд гардан зохион байгуулагчийг дор нь устгахгүй бол бид өөрсдөө илэрч мэднэ. Болж л өгвөл чи өөрийнхөө хяналтад  бүгдийг л оруулах ёстой шүү дээ. Тэгээд ч ер нь юун түрүүн гардагчдыгаа үгүй хийх төлөвлөгөөг одоо боловсруулчихсан байх хэрэгтэй шүү дээ. Ямар ч үед түүн шиг зөв юм байхгүй л байх. Эзэн чамайг иймэрхүү янзтай байгааг мэдвэл их л уурлах байх. Би ямар эзнээс энэ бүхнийг нуугаад байлтай биш. Эзэн чамд итгэдэг л дээ. Гэхдээ итгэл гэдэг чинь хэзээ ч эвдэрч болох зүйл биз дээ?” гэж үгээ зөөн зуунгидуухан өчив. Саарал ордны эр "Та эзэнд аль болох эерэг талаас нь яриарай. Би маргааш бүх зүйлийг тодорхой болгочихсон байя. Тэгээд бас та нараас гуйх нэг юм бол ерөнхий зохион байгуулагчийг одооноос анхааралдаа аван, болж өгвөл бүх зүйл дууссаны дараа зохицуулчихвал яасан юм бэ?” гэв. Буурал толгойт "Чи мэдэж байгаа. Эзэн Зоригийг дээш нь гаргах тухай яриа болсноос хойш энэ талаар санаа зовж эхэлснийг сайн мэдэж байсан. Зориг бол бидэнд маш аюултай хүн. Тэр Ерөнхий сайдаар гарч ирвэл бидний эсрэг хүчтэй үйл ажиллагаа явуулж эхлэх нь тодорхой. Шударга хүн гэдэг дүрдээ итгэчихээд юу ч хийхээс сийхгүй. Бид Зоригтой зарим зүйл дээр тохиролцох гэж үзсэн. Ёстой ойлгомжгүй хүн. Шударга ёс гэдэг хоосон мөрөөдлөө өмнөө барьсан, тэр мөрөөдлөө байдаг гээд итгэчихсэн хүн. МҮАН-ынхан С.Зоригийг Ерөнхий сайд болох тал дээр санал нэгдчихээд байгаа юм шиг байна.
   
С.Зориг Ерөнхий сайдад ногоон гэрлээр гарч магадгүй хүн. М.Зэнээ, О.Дашбалбар нарын ардын хүүхдүүд гэж өөрсдийгөө үздэг хүмүүс түүнийг дэмжих нь тодорхой. Ер нь ч "Ху” намын нэг бус хүн түүнд талтай. Дээр нь Ерөнхийлөгч Н.Багабанди С.Зоригийг хэл аманд өртдөггүй болохоор нь ямар нэгэн асуудалгүйгээр дэмжих нь зайлшгүй нөхцөл байдалтай байхад Зориг Ерөнхий сайд болох магадлал ихтэй байна. Тэгээд ч ер нь С.Зоригийг Ерөнхий сайд болсон ч бай, болоогүй ч бай аль ч тохиолдолд үгүй хийх нь "Цагаан харх”-ын ирээдүйд чухал ач холбогдолтой. Юун түрүүнд олон улсад болон дотооддоо нэр хүндтэй түүнийг гүйцэтгэх засаглалд гарч, бидний эсрэг үйл ажиллагаа явуулж амжаагүй байхад нь устгах хэрэгтэй. Манай саарал ордны нөхөд ч энэ тал дээр санал нэгтэй байх шиг байна лээ. Хоёрдугаарт, шударга ёс, улс орны эрх ашиг гэж өвчигнөдөг зарим улс төрчдөд түүний үхэл сургамж болж, тэд ам хамраа үдэж аваг. Гуравт, Зориг алагдвал улс төрийн тогтворгүй байдал үүсэх магадлалтай. Аль болох Монголын улс төр тогтворгүй байвал "Цагаан харх” төдийчинээ хурдан байр сууриа бэхжүүлнэ. Тийм болохоор эзэн улс төрчдийн дунд булууны яс болгож хаяхаар гардагчдаар нь "дараагийнх нь Бат-Үүл гэж хэлүүл” гэж шаардаж байгаа юм. Тэр тохиолдолд цаад цагдаагийнхан чинь "Энэ Бат-Үүл гэдэг нөхөр өөрийгөө сүрхий чухал хүн болгож рекламдах гээд С.Зоригийг алуулчихаж” гэлцээд чулуу хөөж, бидэнд өөрийгөө хангалттай далдлах боломж олгоно. Ийм болохоор энэ ажилд ямар ч хариуцлага алдаж болохгүй” хэмээн өгүүлснээ дууныхаа өнгийг өөрчлөн "Одоо ингээд буцах уу даа” гээд үгээ дуусгав.
   
Саарал ордны эр буурал толгойт руу нэг сүрхий харсанаа "Маргааш би тань руу утасдъя даа” хэмээв. Буурал толгойт цагаан ордны эрийн үгэнд ямар ч хариу өгөлгүй шилтэй шар айргийг амаар нь гүд гүдхийтэл нь залгиллаа. Буурал толгойт эр тийнхүү залгилж байхдаа дотор хүнтэйгээ "Хэрвээ гардагчид баригдаад байдал эргэвэл яалт ч үгүй саарал ордны энэ чухал хүнээ хөнөөж л таарах байх даа. Харамсалтай л юм. Гээд одоо яахав дээ” гэж шивнэлдэж байсныг дэргэд нь суугаа мөнөөх хүн нь яахин тааварлах билээ. Буурал толгойт нэгэн амиар шахуу шилтэй пивоо хоослоод нэгэнтээ сүрхий хэхэрсэнээ "Тэгье дээ. Маргааш уулзъя” гээд суудлаасаа өндийлөө. Төд удалгүй тэд жолоочоо дуудан их хотын зүг нэг л их яарсан маягтайгаар хурдлан алга болов. Хатан Туул гол зууныг донсолгосон, монголчуудын зүрхэнд шар ус хуруулсан аймшигт алуурчид хөвөөнд нь сууж үл үзэгдэгч ирт мэсээ хурцалж байгаад явсаныг анзаарсан мэтээр айсан ботгоны нүд шиг мэлэрсэн хар долгиогоо мяралзуулан үлдлээ.

Найм. Тоглоом
Цацрал ажил дээрээ байж байгаад заналхийлэлд өртсөнөөсөө хойш хэн гээч амьтан түүн рүү ярьсан байж болохыг олж тогтоох гээд хоёр хоног тамаа цайв. Тэрбээр энэ талаар хэлтсийнхээ зарим офицеруудтай санал бодлоо солилцоход "За даа. Шал дэмий л юм байна даа. Манайд улс төрийн захиалгат аллага гарна гэж юу байдаг юм. Солиотой, шизотой нэг нөхөр дэмий юм ярьчихаад л түүнийгээ чамд итгүүлэх гэж арга саам зохиож л байхгүй юу. Чи өөрөө ч мэдэж байгаа шүү дээ. Хавар, намар хоёрт л манай гудамжны улс төрийн зүтгэлтнүүдийн өвчин хөдөлдөг гэдгийг. Тэдний улирлын шинтэй өвчин нь хөдөлчихөөд балайрч байхгүй юу. Арай чи дарга нарт энэ тухай мэдээлж нэр хөөдөөгүй биз дээ? Саарал ордныхон бие биенээ захиалж алуулна гэж одоохондоо байхгүй. Тэд нар чинь өнгөн дээрээ бие биенээ нэг л их ална, шулна гэж сагсуурцгаадаг хэрнээ цагаа болохоор юу ч хийж чадахгүй цагаан гартай улс. Бодоод үз л дээ. Хэн нь хэнийгээ алж, хөнөөх гээд байгаа юм. 90-ээд оноос хойш л тэд нэг сүрхий улс намайг алах гэлээ, тагнах гэлээ, сүйд хийх гэлээ гээд л бөөн өргөдөл чирэгдэл болон сүр үзүүлж байсан. Одоо тэгээд тэр олон тохиолдлуудын аль нь ч үнэн байгаагүй шүү дээ. Шал утгагүй юм. Наадахыгаа орхи” гэцгээсэн юм. Цацрал хэлтсийнхээ нөхдүүдийн үгийг дагаж, уг болсон явдлын талаар дээш, доош нь ямар ч мэдэгдэл явуулсангүй. Түүн рүү заналхийлж утасдсан эрийг таксофоноос ярьсан гэж холбогдох албаныхан мэдэгдсэн. Тэгж бодохоор зохион байгуулалттай зүйл шиг байгаа юм. Гэлээ гээд аль амьтан таксофоноос ярихыг тэр гэхэв дээ. Гэртээ утасгүй, ажил дээрээ утасгүй нэг эр л хий таксофоноор яриа биз. Тэгээд ч ер нь дээд түвшинд зохион байгуулагдаж байдаг улс төрийн захиалгат аллагыг гудамжны нэг нөхөр яриад явж байна гэдэг байж болшгүй зүйл юм шиг. Цацрал сайн бодоод уг асуудлыг мартаж орхиё гэж үзсэн.
   
Гэвч сэтгэлийн угт нь ямар нэгэн юм болох гээд ч байгаа юм шиг мэдрэмж төрөөд байхаар нь бөөн эрэл сурал болж байж мэдээлэл өгсөн эрийг олж уулзах гэж хичээсэн. Гэвч тэр олдоогүй юм. Тэгж эрэл сурал болж явахдаа Цацрал гудамжны хөдөлгөөнийхөнтэй уулзаж, тандаж үзсэн юм. Тэгэхэд цаадуул нь ордон тойрч хашгирахаас биш ордонд юу болж байгааг ер мэдэх сэхээгүй амьтад байлаа. Харин ч бүр гудамжны хөдөлгөөн гэгдэж байгаа тэр хэдэн хүмүүс хэний эсрэг, хэний төлөө Ялалтын талбай дээр гэр барьчихаад сууж байгаагаа ч ойлгодоггүй хүмүүс байхыг хараад дургүй нь хүрсэн юм. Бараг л орон гэргүй шахуу тэр хэдэн хүмүүс хотын төвд гэр барьчихаад дотор нь гудас дэвсгэрхэн хаяж, түүн дээрээ унтаж шөнийн бор хоног өнгөрөөдгийг ойлгоод "Хүн гэдэг амьтан ч амьдрахын төлөө янз бүрийн л юм сэдэх юм даа” хэмээн бодсон. Тэр хэдэн хүмүүс улс төрийн захиалгат аллага хийх нь бүү хэл хоногийн хоолоо олж идэж чадахааргүй арчаагүй хүмүүс юм байна гэдгийг анзаарсан. Тэгээд "Ийм хүмүүсийн улс төрийн тэмцэл гэж юу байхав дээ. Арга ядсан л хэрэг юм. Ажил төрөлгүй, мөнгө төгрөггүй болохоороо л бухимдсан сэтгэлээ дарах гэж ингэж цаг хугацааг дэмий өнгөрөөж байна. Ингэж дэмий бүтэхгүй зүйлийн төлөө дүрдээ итгэн амьдралынхаа үнэт цагийг алдаж байхаар өөр өөрсдөдөө тохирсон ямар нэгэн ажил хийвэл өөрсдөд нь хэрэгтэй. Ийм учир утгагүй тэмцэл, шаардлагыг саарал ордон яаж хүлээж авахав дээ” гэж санасан. Тэгэхдээ Цацралын тархи толгойд үүний зэрэгцээ "Үгүй ээ. Харин энэ хүмүүсийг гадны болон дотоодын янз бүрийн бүлэглэлүүд золиос болгон ашиглах гэж болох л юм даа. Америкт хүчээ авсан Хятадын гудамжны нөлөө бүхий бүлэглэлийн нэг болох Тонгийнхон Америкт аллага, дээрэм хийхдээ мөрөө баллах зорилгоор Нью-Йорк, Вашингтоны зарим нэг шашин болох улс төрийн анархистуудыг үйлдсэн мэтээр цуу дэгдээх, хэргийн газар тэдний эд зүйлсийг нотлох баримт болгох зорилгоор үлдээдэг гээ биз дээ.
   
Манайд ч гэсэн Тонгтой төстэй гэмт хэргийн нууц бүлэглэл бий болчихоод хууль бус үйл ажиллагаанд л саад болж болох хэн нэгэн улс төрчийг алахынхаа өмнө зориудаар шуугиан дэгдээж, хууль хяналтынхны бүх анхаарлыг гудамжны хөдөлгөөнийхөн рүү чиглүүлэх гэж заль зохиож, эд нарыг ингэж өөгшүүлж байгаа юм биш биз дээ. Мэдээж, тэр тохиолдолд манайхан болон цагдаагийнхан хэрэгтэн этгээдийг гудамжны хөдөлгөөний хэдэн үл бүтэх нөхдийн дундаас олох гэж багагүй цагаа алдана. Яах ч учраа олохгүй байгаа энэ хэдэн хүмүүс худал, үнэн юм ярьж хуулийг ч, өөрсдийгөө ч хүндрүүлнэ. Ийм нэг үйл ажиллагаа зохиогдож байж болох талтай. Хэрвээ энэ үнэн бол саарал ордонд байдаг туслахын маань хэлсэн "Торгоны зам”-ын нууц эзэд Монголд байна гэсэн үг болно. Тэгэхлээр манайхан мэргэжлийн хүмүүс ч төдийлөн мэдээд байдаггүй мафизмын далд аллагыг монголчууд хийж байдаг нь зайлшгүй болно. Бид л өөрсдийгөө "Монголчууд цагаан цайлган зантай. Хүнд тусархуу, зөөлөн сэтгэлтэй, монгол хүмүүст улс төрийн зохион байгуулалттай аллага хийх сэтгэлзүй байхгүй” хэмээн хөөрөгддөг болохоос биш манай Монгол Улс бол яг үнэндээ аймшигтай гэмт хэргийн үүр болсон орон шүү дээ. Өнөөдөр Монголд аллага болдоггүй өдөр гэж бараг л байдаггүй гэхэд хилсдэхгүй. Дээр нь үнэндээ монголчууд энэ ХХ зуунд дэндүү аймшигтай захиалгат аллага, үй олноор нь хоморголон устгах аллагыг зохион байгуулсан улс. Энэ зууны эхэн үед захиалгат аллагаар Да лам Цэрэнчимэд, Дайчин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн нарын зэрэг цөөнгүй эх орончид хөнөөгдсөн. Дараа нь ардын хувьсгалын эхний жилүүдэд Ерөнхий сайд Бодоо, баруунтан гэгддэг Данзан, Баваасан, жанжин Сүхбаатар нарын олон эрс бас л хэн нэгний захиалгаар алуулсан.
   
30, 40-өөд оны үед бол нийтдээ 36 мянга гаруй сэхээтэн, язгууртан, лам, хар гээд нийгмийн бүх л давхарт идэвхтэй эрс зохион байгуулалттай аллагын бай болсон. Түүний дараа 50, 60-аад онд олон арван тэргүүний сэхээтэн хэн нэгний захиалгаар ажил, амьдралгүй болон үндэс угсаагаараа хохирч байсан. 70, 80-аад онд ч Д.Төмөр-Очир гэх зэрэг нэр хүнд, өндөр албан тушаал бүхий хүмүүс захиалгат аллагын золиосонд хөнөөгдсөн. 90-ээд он гарснаас хойш ч зарим нэр бүхий хүмүүс, урлагийнхан захиалгат аллагад өртсөн нь ч нууц биш. Зохиолч Ж.Бямба, сэтгүүлч Сэсмээ, орчуулагч Алтанхуяг, дуучин Баяраа, Төмөр нарын үхэл захиалгат аллагын бай гэж хэлж болохоор л байсан. Бодит байдал бол үнэндээ ийм л байдаг. Тэгэхлээр өнөөдөр ч гэсэн хэн нэгэн бусдыг захиалан алуулах гэж цус үнэртүүлсэн мөнгөө алуурчны хормой руу сэмхэн шургуулж байгааг үгүйсгэх аргагүй юм”. Цацрал ингэж бодоод мэдээлэгч эрийн үг үнэн биш байгаа даа хэмээн дотроо эргэлзсэн. Аллага болдог юм бол мэдээлэгч эрийн хэлснээр гудамжны хөдөлгөөний хэдэн үл бүтэх хүмүүс биш өөр хүмүүс өөр замаар уг аллагыг хийх нь тодорхой. Харин тэр хэн байх нь л Цацралд сонин байсан. Тэгээд тэр хүмүүс Цацралыг чулуу хөөлгөх тоглоомынхоо гол тоглогч болгох гээд байгаа нь нэг л учир битүүлэг санагдсан. Цацрал дотоод сэтгэлдээ буй энэхүү эрс тэрс хоёр хүчин зүйлийнхээ алийг ч сонгож чадахгүй учрыг ойлгох гэж тамаа цайсан. Эцсийн эцэст тэгээд юу ч болж байсан бүхнийг чив чимээгүй харж байх нь хамгийн зөв шийдвэр юм байна л гэж бодсон.

Ес. Айдас
Ордны тул хэмээгдэгч албан тушаалтан эр Туулын хөвөөнд "Цагаан харх”-ын эзний төлөөний итгэлт хүн гэх буурал толгойттой уулзсан тэр оройдоо амьдралдаа сандарч байгаагүйгээр сандарч, барьц алдаж байгаагүйгээрээ барьц алдав. Монгол Улсын нэг сая 500 км.кв газар нутаг дээр хэзээ ч өвдөг нахийж явахгүй гэж дотроо ихэд бардам бодож явдаг түүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, тагнуул, цагдаагийн дарга нар зүгээр л нэг юмны учир ойлгодоггүй хүүхэд шиг санагддаг. Тэдний хэнээс ч тэр эмээж яваагүй. Дэндүү бага байхдаа, арван жилийн бага ангийн сурагч байхдаа л тэрбээр бусдаас айж байсан байх. Үе тэнгийн зарим банди нар ном дэвтрийг нь булааж шоглох, гуанзных нь мөнгийг дээрэмдэх явдал нэг бус удаа гаргаж байсан. Тэгэхэд тэр дотроо хий л өширхөхөөс өөр яаж ч чаддаггүй байсан. Харин том ангид ороод тэр амьдралын ухаанд суралцаж, бусдын арга эвийг амархаан олчихдог болсон. Бусдаасаа арай л нэг чадалтай, хүчтэй банди нарт тэрбээр тал засан карман дахь мөнгөө нэхээгүй байхад нь л тамхины мөнгө гээд өгчихдөг болсон. Заримдаа эцэг, эхээсээ тав арван цаас гуйж аваад тэднийг цай, хоолонд урьж орхидог байсан. Түүнээс хойш хэн ч түүнд гар хүрээгүй. Бүгд л эр хүн шиг зантай, дажгүй банди гээд л мань эрийг дархалж орхисон. Амьдралаас түүний олж авсан хамгийн урт бөгөөд өгөөжтэй зан нь энэ л байсан. Аравдугаар ангиа төгсөөд оюутан болж, дараа нь ажил дээр гараад тэр энэ арга, энэ зангаа орхиогүй. Өөртөө хэрэгтэй гэсэн бүхэндээ эвийг нь тааруулж, тал засч явах нь нэг ёсондоо түүний ажил бөгөөд хамгийн шилдэг мэргэжил нь болсон. Улс төрд ч гэсэн тэр энэ замаар маш хурдан гарч ирсэн. Яваандаа тэр хүний итгэлт, найдвартай найзын дүрд тоглож байгаад түүнийгээ өдөр тутмын хэвшил болгоод тэр дүрээрээ хаа, хаагүй л тоглож явдаг болсон билээ.
   
Тийм болохоор Монголын улс төрийн томоохон өндөрлөгт буй ихэнх хүмүүс л түүний найз нөхөд болон хор найруулгынх нь гар, хөл болцгоосон. Түүний оролцоогүйгээр дээш мацаж гарсан хүн даанч цөөхөн. Энэ бүхэндээ ордны тул гэж "Цагаан харх”-ынханд нэрлэгддэг болсон. Тэрбээр барагтайхан аавын хүүг хурууныхаа ганц дохилтоор л хувь заяаг нь шийдчихдэг нэгэн болсон. Түүнд бусдаас айх, түгших зүйл даанч байхгүй болсон. Харин түүний бүхий л хувь заяаг нь өөрчилж өгсөн "Цагаан харх”-ынхан мань эрд аймаар, сүрдмээр санагддаг. Санаанд таарахгүй нэгнийг нүд ирмэхийн төдийд л ам арчсан цаас мэт базаж орхидог "Цагаан харх”-ын нууц эзнээс тэр айж, болгоомжилж явдаг билээ. Учир нь, "Цагаан харх”-ынхан түүнийг дээш нь яаж гаргаж ирсэн шигээ хүссэн өдрөө л доош хийчих нь тодорхой тул айхаас ч аргагүй байдаг юм. "Цагаан харх”-ын үл үзэгдэгч эзний ганц найдвартай түнш гэлцдэг буурал толгойт эр Туулын хөвөөнд урьж авааччихаад нэг л далд утгатай, заналхийлсэн янзтай байхаар нь тэр ухаан жолоогүй айсан. Тэгээд тэр даруй Туулын хөвөөнөөс ирэнгүүтээ өөрийнхөө гар, хөл болсон бизнесмэн эрийг дуудаж уулзсан юм. Бизнесмэн эр түүнд "Та битгий санаа зов. Манай хүмүүс чинь мэргэжлийн, мэргэжилдээ гаршсан хүмүүс шүү дээ. Алдаа мадаг гаргахгүй байх гэж би найдаж байна. Өмнө нь ч би тэр хүмүүстэй хамтран ажиллаж байсан. Бүх юмыг л яв цав гүйцэтгэдэг улс. Тийм хүмүүс худлаа ярина гэж байдаггүй юм. Тав арван цаасан дээр нь л гар татахгүй байхад бүх зүйл жин тан гэсэн үг. Та санаж байгаа байх. Хэдэн жилийн өмнө Америкийн нэг хөрөнгө оруулагч эр манайд цохондоо буудуулж алагдсаныг. Тэр аллагыг чинь манай энэ ерөнхий зохион байгуулж байгаа эр гардаж хийсэн юм шиг байна лээ. Зоригийг бодвол харьцангуй хар ихтэй, буруу зөв юманд хутгалдаж байсан тэр эр ёстой "га” ч гэж дуугарахгүй өнгөрсөн шүү дээ.
   
Араас нь Интерполынхон, тагнуулынхан, мөрдөнгийнхөн ажиллаад ямар ч үр дүнд хүрээгүй. Дэндүү цэвэрхэн хийсэн байсан. Дээр нь тэгээд ч цагдаа, тагнуулын албанд танайхны хүмүүс зөндөө л байгаа биз дээ? Тэр хүмүүс чинь ч гэмт хэргийн мөр баллуурдахад оролцох юм байгаа биз дээ. Санаа зовох хэрэггүй дээ. Би энэ ажилд бүх анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байгаа. Манай хүмүүсийн яриагаар аллага гардан үйлдэгчид бол урьд өмнө нь нэг их цагдаа, хорихынхны анхааралд өртөж байгаагүй хэрнээ тэр ажилдаа гаршсан хүмүүс гэсэн. Бид ярьж байгаад аллагыг хоёр хүнээр гардуулах болсон. Бие биенээ сайн таньж мэдэхгүй хүмүүс байгаа. Нэгийг нь бид бүр эмэгтэй хүн байхаар төлөвлөсөн. Тэр эмэгтэй бол бидний найдвартай хүн. Хоёр, гурван удаа зохион байгуулсан операцид сайн ажилласан. Үнэндээ хүмүүсийн хэлдгээр шулам шиг л хүүхэн дээ. Тэгэхдээ бүр хүний цус уудаг гаж донтой яахаас ч буцахгүй шулам шиг л хүүхэн байгаа. Бид тэр хүүхэнд давхар даалгавар өгсөн. Хамтран гардагч нь аллага дутуу орхивол заавал гүйцээх. Операцийн ажиллагаа бүтэлгүйтэж илрэхээр болвол хамтрагчийгаа хөнөөх даалгавар өгсөн. Аллагыг гардагчид маань яг баригдаад явчихвал эрэгтэй нь амьд үлдвэл осолтой. Өмнө нь орон шоронд орж яваагүй хүн болохоор гэнэ алдаад зохион байгуулагчдыгаа илрүүлчихэж магадгүй. Харин тэр хүүхэн бол шал өөр. Манай хүмүүс тэр хүүхнийг гурван сарын өмнө турших зорилгоор багагүй эрүүдэж үзсэн байсан.
   
Улаан нялга болтол нь нүдээд ч хашрахгүй хүүхэн байна гэж байсан. Яс юман дээр хүүхнүүд чинь эрчүүдээс хамаагүй тэвчээртэй улс юм шиг байна аа даа. Хүүхэд, шуухад төрүүлэхээс эхлээд амьдралын янз бүрийн зовлон хангалттай амссан байдаг болохоор ямар ч өвдөлтийг тэсвэрлэх чадвартай байдаг шиг байна. Дээр нь бас хүүхнүүд чинь эрчүүдийн дарамтад хамаг цагаа өнгөрөөдөг болохоор хэрэг дээрээ ам чангатай улс байдаг бололтой юм. Тэр хүүхэн гардагчийгаа хөнөөчихсөн тохиолдолд бидэнд айх зүйл хамаагүй бага байна. Шоронд тэр хүүхнийг дарамтлаад байх хүүхэн нэг ч байхгүй. Тийм болохоор шоронгийн гүйцэтгэх ажлаар түүнээс ам алдуулна гэж байхгүй. Мөрдөн байцаагчид ч гэсэн эмэгтэй хүн болохоор нь харьцангуй эрүүдэн тамлахгүй энэ бүх үндэслэлээр тэр хүүхэн бидэнд хангалттай цаг өгөх болно. Түүний дараа бид хүүхнийг янзалчихаж хангалттай чадна шүү. За, одоо ингээд яриад байвал нарийн ширийн зүйл хангалттай их байгаа. Энэ бол бидний А төлөвлөгөөний ерөнхий зүйл. Нарийвчилсан зүйлүүдийг нь зохион байгуулж байгаа хүмүүс нь мэдэж байгаа. Та бид тэр хүмүүсийг авчраад яах гэж байна, одоо юу хийх гэж байна гэлцэж, хуарангийн социализмын нэгдлийн дарга шиг гэнэн ажил хийгээд хэрэггүй биз дээ. Ухрах, буцах газар байхгүй юм чинь. Юу болохыг тэвчээртэйгээр харж л байя” гэж өгүүлсэн юм. Саарал ордны эр бизнесмэн эрийн итгэл төрүүлсэн ярианд жаахан ч атугай тайвширсан хэдий ч "Цагаан харх”-ын эзний итгэлт хүн болох буурал толгойтын хэлсэн үгийг санахаараа л өөрийн эрхгүй түгшиж байлаа.

Арав. Золбин
Хүүд аав ч, ээж ч, ах, эгч, дүү ч байгаагүй аж. Хэн ч түүнийг "Миний хүү” хэмээн дуудаж байсангүй. Бүгд л "Золбин, хөөе золбин” гэж дуудна. Тийм болохоор хүү өөрийгөө золбин гэдэг юм байна гээд ойлгочихсон хэрэг. Харин хүүд нэг өвөө байсан. Өвөө нь гэнэт л нэг өдөр хаашаа ч юм яваад алга болчихсон. Хүмүүс өвөөг нь бурхан болсон гэж хэлсэн. Хүү тэгэхлээр нь Гандан орж өвөөгөө баахан хайсан. "Энэ олон бурхны аль нь өвөө маань юм бол доо? Дотор нь ороод суучихсан юм байх даа” гэж бодоод өвөөгөө эрсэн боловч хөлдүү, хатуу чулуун бурхдын аль нь ч өвөө нь биш байсан. Нэг хэсэгтээ хүү тийнхүү Гандан гарч өвөөгөө хайдаг ажилтай байснаа сүүлдээ яагаад ч юм өвөө нь тэндээс хэзээ ч олдохгүй юм шиг санагдаад тэгсгээд л больчихсон. Хүүг хүмүүс өвөөгүй болсноос нь хойш нэг ч удаа хүн гэж үзээгүй. Эхийнхээ толгойг залгисан заяа муутай амьтан гэцгээдэг байсан. Тэгэхлээр нь хүү өөрийгөө "Би хүн биш байх. Эхийнхээ толгойг залгисан юм чинь хүн байж яасан ч таарахгүй” гэж боддог болсон. Хүмүүст дулаан гэр, орон байр, идэх хоол байдаг бол хүүд аль нь ч байгаагүй. Хүү яг л нохой шиг гадуур тэнэж, нохой шиг хаа дуртай газраа унтаад өгдөг байсан. Тийм болохоор хүү өөрийгөө нохой л байх гэж боддог болсон. Тэгээд нэг удаа өвлийн шөнө гудамжинд учиргүй их даарахын эрхэнд нохой шиг хуцаад байвал даарахгүй байж магадгүй гэж санасан. Хүү сар руу харж байгаад яг л нохой шиг дөрвөн хөллөж байгаад нэг л их хуцаж үзсэн. Хүүгийн хуцах дуу нь нохойных шиг биш нэг л турь муутай гонгиносон юм өөрт нь сонсогдсон. Хүү тэгэхлээр нь "Би яг л гөлөг юм байна. Гөлөг л ингэж дуугардаг шүү дээ” гэж санаад өөрийгөө гөлөг юм байна гээд итгэчихсэн. Гөлгөнд ч бас эх байдаг болохоор хүү эхтэй болъё гэж бодоод гудамжинд явж буй нэг жингэрийг өдөржин дагасан. Хүний урманд өнөөх жингэр нь түүнийг нэг нүдээрээ тоож хараагүй.
   
Идэж буй булууны ясыг нь хажуугаас нь мэрэлцдэг юм бил үү гээд дөхтөл өмнөөс нь аймаар том шүдтэй амаа ярзайлган архирсан. Хүү тэр жингэрээс айгаад дахиж нохой руу ойртохоо больсон юм. Дараа нь хүү золбин нохой байснаас айлын тэжээвэр нохой байвал хамаагүй дээр юм байна гэж бодсон. Тийнхүү гунигтайгаар бодоод гудамжинд явж байтал нь жижигхэн цагаан хав хөтөлсөн нэгэн авгай тааралдсан юм. Авгай мөнөөх цагаан хавандаа хүүгийн амьдралдаа идэх нь бүү хэл харж үзээгүй зүсэн зүйлийн хоол өгөхийг хараад ерөөсөө энэ авгайн тэжээвэр нохой болъё гэж шийдсэн. Тэгээд эзнийхээ хөлийг долоон эрхлэх цагаан хавыг дууриан өнөөх авгайд сэмхэн мөлхөн дөхөж очоод хөлийг нь илбэтэл  "Пөөх, паах, пүү, пай” болоод л нөгөө авгай чинь хүүгийн толгой руу барьж явсан шүхрээрээ хэдэнтээ гөвшиж орхиод л цагаан хаваа тэвэрч аваад хүүгээс зугтах мэт арилж өгсөн. Уул нь хүү баян авгайн тэжээвэр нохой болчихоод л авгайд эрхлэн аз жаргалтайгаар гэдэс цатгалан амьдарч явъя гэж санасан хэрэг л дээ. Авгай хүүгийн тэр санааг даанч ойлгоогүй. Хүү түүнээс хойш "Би ерөөсөө нохойноос дор амьтан юм, нохой л лав биш. Хүн бол бүүр ч биш, хүн гэдэг чинь хачин гоё машин унадаг, сургуульд сурдаг, театрт орж сайхан сайхан юм үздэг, халуун усанд ордог, бүгдээрээ хамтдаа аз жаргалтай амьдардаг гэсэн. Би тэгэхлээр хүн бол биш. Би тэгээд бас нохойноос шал дор амьтан. Нохой бол ерөөсөө өлсөхгүй, хүмүүсийн хаясан яс масыг дор нь л үмхээд идчихнэ.
   
Нохой бас даарахгүй, гадуураа хачин дулаахан үстэй болохоороо өвөл ч байсан даарахгүй. Хүн, нохой хоёр аль аль нь жаргалтай юм. Харин би бол азгүй амьтан. Зүгээр л нэгэн золбин. Хүн ч биш, нохой ч биш ерөөсөө л золбин. Ядаж хүн биш юм аа гэхэд нохой болчих юмсан. Тэгвэл ингэж өлсөхгүй дээ, ингэж даарахгүй дээ” хэмээн гунигтайгаар мөрөөддөг болсон. Хүү тэгж даанч олон удаа өлсөх бүртээ, даарах болгондоо мөрөөдсөн. Хүүд өлсдөггүй, даардаггүй өдөр гэж ер байгаагүй. Хүү нэг удаа "Өвөө маань байхад би энэнээс арай л дээр байсан. Өвөө өдөржин хог түүгээд тэр хогноос олсон хоолныхоо шавхруугаар надад хоол хийж өгдөг байсан. Өвөө бас хүйтэн өдөр болохоор гал түлээд намайг дулаацуулдаг байсан. Ерөөсөө өвөөтэйгээ амьдарч байсан "Цагаан даваа”-ны хогон дээр очиж өвөө шигээ амьдаръя. Тэгж байгаад бас бурхан болоод өвөө дээрээ очиж уулзъя” гээд "Цагаан даваа”-ны хогон дээр очтол эрэгтэй, эмэгтэй хоёр амьтан байсан. Нүүр нь пад харласан, үс гэзэг нь сэгсийж сагсайсан, хөл гар нь сайртсан тэр амьтад хүн бол биш байсан. Тэд хүүг хараад аймаар муухай хашгиран хөөсөн. Эмэгтэй амьтан нь бүр хүүг хөөж барьж аваад нүд рүү нь хог цацаад "Ахиад чамайг энд ирвэл шууд л алаад хаячихна шүү” гэж занасан.
   
Хүү хог нүдэнд нь орж хорсгохоор байж ядталаа чарлан уйлсан. Хамаг тэнхээ чадлаа бартал тийнхүү чарлан уйлсныхаа эцэст хүү жаахан ч атугай тайвшрах шиг болсон. Хүү тэгж уйлж тайвширсныхаа дараа "Би хүн биш, нохой биш, өвөөгийн оромжинд байгаа тэр муухай хоёр амьтан шиг л юм байна. Өвөө бас амьтан байсан юм байна. Тийм болоод ч өвөө "Энэ дээдсүүд л, саарал ордныхон л өөрсдөө хагартлаа баяжаад биднийг хүний ёсноос гаргаж хүн биш болголоо. Энэ муу хүүгийн эх өвчнөө даасангүй дээ. Хүн шиг амьдралтай, хүн шиг наад захын хөрөнгө, мөнгөтэй байсан бол юу гэж үхэхэв. Залуу зандан болохоороо эдгэрээд босоод ирэх байсан. Надаас хойш энэ хүү нь л их зовно доо. Энэ мууг хүн гэж үзэх амьтан байх биш” гэж нэг танил өвгөндөө ярьж байсан. Тэгэхлээр миний ээж ч бас хүн биш байсан юм байна” хэмээн бодсон юм. Хүү тэгж бодоод "Өвөөгийн оромжинд байсан тэр муухай хоёр амьтан шиг байснаас нохой болсон нь дээр, ерөөсөө нохой л болъё” гэж шийдсэн. Хүү тэгэхдээ бас өвөө нь нэг удаа "Энэ саарал ордныхон биднийг анхаарч үздэг бол юу байхав дээ. Дорхноо л бид чинь өөр болоод хүн шиг амьдралтай болчихно. Би насаараа энэ Монгол улсын хилийг хамгаалж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрч ихийг үзсэн. Эцэст нь ийм л амь амьдралтай болдог юм байна даа. Тэр Зориг гэдэг хүү уул нь ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүн шиг байгаа юм. Даанч цаадуул нь түүнийг дээшээ гаргахгүй болохоор яаж ч чаддаггүй юм шиг байна лээ, зайлуул” хэмээн ярьсныг санасан юм. Тэгээд хүү "Тэр Зориг гэдэг хүн нь дээш гарчихаасай даа” гэж сэтгэлдээ залбирч явдаг болсон билээ.
- See more at: http://www.wikimon.mn/content/44662.shtml#sthash.H64BPhV9.dpuf

Үргэлжлэл бий...

Category: Уран зохиол | Views: 1179 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online

widgeo.net

Reklam

Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024