богино өгүүллэг
Бүсгүйн зураг
Бүүдгэр гэрэлтэй унтлагын өрөөнд минь
нэгэн бүсгүйн зураг байдаг. Инээмсэглэсэн гал цогтой нүд нь намайг яг
тэр өрөөний хаалгаар ороход надруу хардаг. Танихгүй бүсгүйн зураг
...гэхдээ надад дотно.
Хэзээ ч уйлдаггүй юм шиг тэр мөнхийн
инээмсэглэл намайг тайтгаруулдаг ч байж болох...тийм нүднээс нулимс
гарна гэхэд би лав итгэхгүй...баяр баясал дүүрэн нүд...тэр хэвээрээ
...тэр агшин мөнхөрсөн...гунигийн толбо ч байхгүй... сайхан нүд...тэр
бүсгүй ингэж хэдэн удаа инээмсэглэж чадсан бол...ямар ч гуниггүй
...үргэлжлэл хэрэггүй агшин...
Гэхдээ түүний амьдрал үргэлжилсэн...яаж
үргэлжилснийг нь би мэдэхгүй. Дахиж ингэж инээгээгүй ч байж магад...
мэдэхгүй. Үргэлж ингэж инээж байгаа ч юм билүү.
Түүний цагаахан шүдээ бага зэрэг гаргаж
инээсэн улаахан уруул...ийм амнаас худал хуурмаг үг хэзээ ч гарахгүй
байх...надтай юу ч яриагүй болохоор тэгж бодож байж магадгүй...гэхдээ
энэ ам юм ярьсан...надад түүний зураг байгаа болохоос биш тэр бүсгүй
өөрөө зураг биш...тэр амьдарч байгаа... намайг харааж зүхээгүй...намайг
хуураагүй ам...чив чимээгүй инээх...аз болж надад юу ч хэлэхгүй...энэ
чигээрээ мөнхөрсөн...үргэлжлэл хэрэггүй ...үргэлжлэлийг мэдэх бас
хэрэггүй ...үнэт агшин...
Намирсан хар үс...салхинаас өөр зүйл
хүрээгүй мэт...улиг болсон зүйрлэл...гэхдээ тэр сайхан үсэнд хүрэх
эрхийг тэр бүсгүй хэнд ч өгөхөөргүй бардам...түүнийг үнэрлэж таалахыг
хэнд ч зөвшөөрөхгүй мэт...ариухан...эрх чөлөөтэй...сэтгэл
хангалуун...гэхдээ энэ үс үргэлж ингэж намирч хийсээгүй байх...магадгүй
хэн нэгэнд эсхүл олон хүнд түүний энэ сайхан үсийг илбэн таалах боломж
олдсон байж болно...гэхдээ одоо хэн ч байхгүй ганцаараа...салхи,
далайгаас өөр зүйл үгүй...би хэнд ч атаархах хэрэг байхгүй тийм сайхан
агшин...
Үнэ цэнэтэй үргэлжлэл хэрэггүй
агшин...үргэлж надтай хамт байдаг. Гоо сайхан гэж энэ ...энэ агшныг би
гоо сайхан гэж хэлнэ. Өөр зүйл хэрэггүй ...