өгүүллэг
Будрах сэтгэл
Түүний халаасанд яг жижигхэн шувуухай
орчихсон юм шиг санагдахад тэр байн байн дарж үзэж байлаа. Алгын чинээ
гар утаснаас нь халуу төөнөж байх шиг нэг л сонин. Ундрах алт эрдэнэс
олчихсон хүн шиг л гар утсаа дахин дахин гаргаж үзэв. "Баярлалаа. Шинэ
оны мэнд хүргэе” гэсэн ердөө л тавхан үг. Албархуу ч юм шиг товчхон
мэндчилгээ...
Гэхдээ тэр энэ үгийг л сонсох гэж, унших
гэж өчнөөн жил амьдарсан юм шиг сэтгэл нь хөөр баяраар дүүрч,
Анхмаагаас ирсэн энэ мессежийг дахин дахин уншив. Түүний сэтгэлд нуугдаж
үлдсэн анхны хайрын дурсамж сэргэж, яагаад ч юм Анхмаатай ярихыг тэр
туйлаас их хүсэж байгаагаа мэдэрч байлаа. Гэвч ярих гэхээр нэг л болж
өгөхгүй байлаа. Үнэндээ хайртай гэдгээ хэлэх гэж, хагас сар ноороглосон
захидлаа өгч чадалгүй гурван сар халаасандаа хадгалж, гэрийнх нь үүдэнд
эргэлдэж, дөрвөн жилийг барсан хэрнээ, түүнийг үгүйлэн нойргүй хонож,
үнсэж зүүдлээд сэрдэг байсан мөртлөө, хэзээ хойно гар утасных нь
дугаарыг олж аваад баярласандаа хөл газар хүрэхгүй самгардаж байсан
атлаа тэр утсаар ярьж зүрхлэхгүй бараг сар болж байна.
Тэгсэн хэрнээ сэтгэл нь нэг л хөнгөн.
Олон жил нуугдаж байсан дурсамж амилж, тэр яг л ангийнхаа охинд хөл
алдан дурласан балчир хөвгүүн шиг сэтгэл нь баяр гуниг хоёрт дэвтэн
зөөлөрч байлаа. Яг өнөөдөр л Анхмаатай утсаар ярина гэсэн хөгжүүн бодол
түүнийг сэргээдэг ч "Хэрвээ надтай ярихгүй бол, бүүр таньдаггүй хүн шиг
аашилбал яана” гэсэн бодол түгшүүрийн харанга адил түүний өнөөх дэвэргэн
бодлыг нам дарж байлаа.
Анхмаа энэ нэр түүнд нэг л зөөлөн эерүү
санагдана. Өнгөрсөн олон жил Анхмаа гэсэн нэрийг сонсох бүрт сэтгэл нь
сэртхийдэг байсныг тэр сайн мэднэ. Жижигхэн биетэй, улаан хацартай,
бусдаас гойд ялгараад байхаар царай зүс, бие хаагүй ч гэсэн хачин
дүрсгүй, цовоо тэр охины хэл ам гүйцэгдэнээ гэж үгүй.
Шүлэг бичдэг, эвлэгхэн дуулдаг, юм юманд
овсгоотой энэ охин Ундралын хувьд хэзээ ч гүйцэгдэхгүй, гарт нь
баригдахгүй, салхи шиг л санагддаг байсан удаатай. Тэр салхи шиг амьтан
үргэлж олны нүдэн дээр дэрвэж явна. Харин Ундрал дандаа л бусдын
харцнаас нуугдаж, чимээгүйхэн түүнийг дотроо л хайрлаж, сэтгэлийг нь
хөвсөлзүүлсэн энэ салхи хэзээ нэгэн цагт хэн нэгний нөмөрт хоргодож
үлдэнэ, харин тэр нь би биш байна гэж гунигтайхан бодсоор өдий хүрчээ.
Тэр нэг өдөр Ундрах их л зориг гарган
хэдэн шил шар айраг ууж, уусан дарс, уймартал сэтгэл нялхруулах
дурсамжинд хөтлөгдөн Анхмаа руу залгалаа. Гар утас руу нь залгасан
хэрнээ учиргүй сандарч, дахин дахин тасалж байв. Утсаа тасалсан хойноо
нэг их харамсаж, тэгсэн атлаа хэн нэгнээс айж ичингүйрнэ.
-Байна уу? Хэн бэ? гэх бүсгүйн зөөлхөн
дуу гэнэтхэн түүнийг асар их сандралаас аварлаа. Ундрах яг л хулгай хийж
байгаад баригдсан хүн шиг сандарч, ээрч мууран
-Байнаа... гэсэн хэрнээ өөр юу хэлэхээ мэддэггүй.
-Хэн бэ? хэмээн Анхмаа шаргуухан асуухад сандарсандаа -Танихгүй байна уу? хэмээн түгдэрлээ.
-Дд..дд..дийд.. хэмээх утасны тасалдах дуу Ундрахын зүрх зориг, итгэлгүйг шоолох мэт даажинтай дуугарна.
Ундрах хоёр хүүхэдтэй, эхнэртэй, Анхмаа ч
гэсэн айлын гэргий, хүний эхнэр болсныг тэр сайн мэдэж байгаа. Гучин
насны босго даваад цөөнгүй жилийг элээсэн хэрнээ ингэтлээ догдолж,
жаахан хүүхэд шиг хөл алдах юм гэж тэр төсөөлсөн ч үгүй явлаа. Гэвч
тэрбээр догдолсон сэтгэлээ хорьж чадсангүй. Түүнтэй заавал уулзах ёстой
гэсэн дэвэргэн бодол Ундрахыг хөтлөөд, хаашаа ч хөдөлгөхгүй байлаа.
Анхмаа... Үргэлж л сэтгэлийг нь соронзон
адил татдаг цовоо цолгин, жижигхэн охиныг тэр үргэлж санана. Ялангуяа
эхнэрийгээ уурлаж, бухимдах бүрт, бас хааяа найзуудтайгаа уулзаад жаахан
оройтож ирэхэд л хөөж тууж, харааж загнах бүрт хайртай гэж хэзээ ч хэлж
чадаагүй тэр охиныг санадаг байлаа. Ундрахад дутаад байхаар зүйл
байсангүй. Өөрийн гэсэн орон гэр, бас унаа машин, хоёр хөөрхөн хүү гээд
тоочоод байвал түүнд бүх юм бий. Бас хэзээ ч гайхуулаад байхааргүй нэг
зүйл бий. Энэ бол нэгэн хэвийн уйтгарт амьдрал, харааж загнах эхнэр.
Түүний эхнэр өөрөөс нь хоёр дүү, бас царайлаг, нуруулаг, өөрийн гэсэн
ажил төрөлтэй. Гэвч хаанаас нь гарч байгаа юм гэмээр омогтой шартай, бас
хэтэрхий их хартай. Жаахан оройтоод л гэртээ орвол "Зайл” хэмээн
хашгирах эхнэрээсээ залхаж, явмаар санагддаг ч хүүхдүүдээ бодоод л тэр
хөдлөж чадахгүй бараг арваад жилийг үдэж.
Харин сүүлийн үед Анхмаагийн утасны
дугаарыг олж авсан тэр өдрөөс хойш сэтгэлд нь хурж байсан гомдол
бухимдлыг бага залуу насны сайхан дурсамж түлхэж байх шиг санагдах
болсоор удаж.
-Байна уу? Анхмаа юу. Сайн уу? Би Ундрах байна? хэмээн нэг орой тэр их л зориг гаргаж утсаар ярьлаа.
-Хөөх ямар сонин хүн бэ? Энэ олон жилийн
дараа чамайг гараад ирнэ гэж бодсонгүй. За амьдрал сайн уу? Ажил төрөл
сайн биз дээ? Хэнтэй суусан? Хэдэн хүүхэдтэй болсон хэмээн Анхмаа
түүнийг асуултаар булж, тачигнатал инээд алдахад Ундрах яг л шүүлгэд орж
байгаа оюутан шиг сандрав.
-Сайн, сайн гэсэн ганцхан асуултаар л
түүний бүхий л асуултанд хариулт өглөө. Анхмаа инэээд алдаж, анги хамт
олон найз нөхдийнхөө тухай эцэс төгсгөлгүй яриа хөврүүлж, байн байн
часхийтэл инээд алдана. Гижигдүүлсэн юм шиг л байнга инээд алддаг тэр
охин яг л хэвээрээ, Ундрах яг л арван долоотой юм шиг сэтгэл нь нэг л
хөгжүүн.
Тэр өдрөөс хойш Ундрахын хөл хөнгөн,
сэтгэл ч дэврүүн, саяхан л уйтгартай санагддаг байсан тэр амьдрал өнгө
орон гялалзаж байх шиг санагддаг болсоор удаж.
-Анхмаа чи ирэхгүй юм уу? -Найз нь саяхан нутаг яваад ирсэн. Ойрд нутаг руу явах онцын ажилгүй л байна.
-Би чамтай л нэг уулзмаар байх юм?
-Найз нь нутагтаа очихоор чамтай заавал хэрэг болгож уулзанаа.
-Тэгээд хэзээ ирэх юм?
-Яг хэзээ гэдгийг мэдэхгүй л байна? Ийм
нэг яриа болсноос хойш Ундрах түүнийг яг л маргааш ирэх юм шиг сэтгэл
догдлон хүлээдэг болсноо өөрөө ч сайн анзаарсангүй. Гэвч түүний энэ
огцом өөрчлөлт эхнэрийнх нь анхаарлаас ангид хоцорсонгүй.
Нэг өдөр ажлынхантайгаа нийлж, найзынхаа
төрсөн өдөр дээр очоод нилээд оройтож ирэв. Эхнэрийнх нь нүд гялалзан,
"Хар архичин минь. Яг одоо явж далд ороорой. Тэр хөгшин эхийнхээ хаяанд
очиж архиа гудар” хэмээн хашгирч байлаа. Түүний амнаас энэ үгийг Ундрах
наснаасаа олон сонссон. Гэхдээ өнөөдөр шиг гомдож бухимдаж байснаа тэр
санахгүй байлаа. Цөөн хэдхэн хувцсыг нь түнтийтэл чихсэн жижигхэн
цүнхийг аваад тэр эргэж ч харсангүй, гэрээсээ гарлаа. Хоёр хүүхдээ
өрөвдөн бас өөрийнхөө арчаагүй доройг мэдрэх тусам гэнэтхэн том хар
нулимс нүдийг нь бүрхээд ирлээ. Дөчин насны босго дөхөж яваа хэжээл
эрийн гомдол бухимдал, нулимс болж асгарах юм гэж тэр өдий насалтлаа
бодсонгүй. Нэг л мэдэхэд Ундрах Дэлгэрмөрөний эрэгт зогсож байлаа.
Дэлгэрмөрний ус намуухан урсаж,
цахилдаганы толгой нам намс хийн бөхөлзөх нь яг л түүнээс уучлал эрэх
шиг нэг л сонин. Ундрахын өмнө урьд нь хэн ч имй зөөлөн эерүү байгаагүй
санахад нэг л уйтгартай. Тэр Анхмаа руу залгалаа. -Сайн байна уу? Ямар
сонин хүн бэ? Найз нь охиноо салхилуулаад л гадаа явж байна. Миний охин
ямар хөөрхөн гээч. Дараа нь танай хүүхдүүдтэй хамт тоглуулж, эхнэртэй
чинь тухтай танилцанаа хэмээн ярих бүсгүй сэтгэлд хурсан гуниг үргэтэл
инээд алдав.
Өнгөрсөн арав гаруй жил түүнд ганцхан
энэ л дутагдаж байж. Бүсгүй хүний ялдам ааш, зөөлхөн хонгор инээд эр
хүний сэтгэлийг зөөллөж, амьдралыг чимж байдаг юм гэдгийг тэр сая л
ухаарав. Ундрах хуучин муу цүнхээ үүрээд гэрийнхээ зүг алхаж байлаа. Тэр
эхнэрийгээ чин сэтгэлэсээ инээгээсэй гэж өөрөө ч мэдэлгүй хүсэж байв.
Тэрбээр гэрийнхээ хаалгыг зориг муутайхан татлаа. Ундрах инээмсэглэх
аядсан ч эхнэр нь түүний царай өөд хяламхийж харснаа "Өөдгүй гуйлгачин.
Очих газартай ч юм шиг нэг их сүрхий хүн гараад явсан. Хаана очиж хэвтэж
байгаад ирэв” гэснээ цаад өрөө рүүгээ оров.
Ундрахын сэтгэлд яг л цас будран орж
байх шиг санагдаж, хачин хүйт дааж байлаа. Түүний чихэнд өнөөх л хайртай
гэж хэлж амжаагүй тэр охины цангинасан инээд хадаж, Ундрах Анхмааг
үхтлээ санаж байгаагаа л мэдэж байв.