эрүүл мэнд:
Яс үе мөчний өвчин
Яс үе мөчний өвчнөөр монголчуудын бараг гурван хүн тутмын нэг нь хүнд
хөнгөн хэмжээгээр өвчилж байгаа. Тийм болохоор энэ талын мэдлэг
боловсролтой болох хэрэгтэй. Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангина
бол маш их газар авсан өвчний нэг. Доороосоо даарах, хүйтэн юм уух,
биеийн дархлаа сулрах, ханиад томууг сайн эмчлүүлэхгүй зэргээс болж
үүсдэг. Хөнгөн бол тохирсон эм тан хэрэглэх, ангины хор гаргах тусгай
цай уух, дархлаа дэмжиж биеэ чийрэгжүүлэх зэргээр эдгээж болно. Хэрвээ
архагшиж, үе мөч зүрхэнд орсон байвал тус тусын эмчилгээг хангалттай
хийхгүй бол насны гэм болох тал байдаг.
Яс ургалт, ясны сийрэгжилт болон шохойжилт бол дундаас дээш насны
хүмүүст хөнгөн хэлбэрээр байж болох асуудал боловч байршил болон өвчний
явцаас их зүйл шалтгаалдаг. Хэрвээ эдгээр өвчний өөрчлөлт өвдөг, нуруу,
мөр зэрэг үесийн завсар ургасан, шохойжсон байвал эрт оношлуулж зөв,
оновчтой эмчилгээг хангалттай хийлгэж, өвчний явцыг зогсоож авах
хэрэгтэй. Эс тийм болвоос үе мөчний хөдөлгөөнд нөлөөлөх, хазгар доголон
болгох, суудлын мэдрэл зэрэг мэдрэлийн ёзоор дарагдсанаар доод бие
мэдээ алдах зэрэг ноцтой үр дагаварт хүрч магадгүй тул эрт эмчлүүлэх нь
юу юунаас чухал байдаг. Аливаа үе мөчний өвчин нь дан ганцаараа байх нь
ховор, байнга хавсарсан буюу хурсан байдаг тул аль нь гол болж байвал
түүнийг нь эмчилж бусдыг нь дэс дараатай эмчлэх зарчим баривал зохино.
Эс тийм болбоос өвчин хялбархан сэдрэх, дахих талтай юм.
Ер нь яс үений өвчин түгээмэл мөртлөө насжилтыг дагалдан хүн бүхэн их
бага хэмжээгээр нэрвэгдэх тул хүн бүхэн тодорхой хэмжээний
ойлголттой болох нь чухал. Жишээлбэл, чийг нойтон хүйтнээс хамгаалах,
хоолойны ангина байвал сайтар эмчлүүлэх, жин хэтрэхгүй байх, хөдөлгөөн
тэнцвэртэй байх.
Дөчөөс дээш насны хүмүүс тодорхой хэмжээгээр ясны тэжээл нөхөх,
цэвэршилт буюу дааврын өөрчлөлт орохоос сэргийлэх, хүнд зүйл өргөхгүй
байх, ясны шөл, сүү тараг, шинэ соргог ногоо жимс байнга хэрэглэх
хэрэгтэй. Мөн ясны сийрэгжилт, цэвэршилтийн эсрэг нунтаг шар буурцгийг
усанд найруулж уух буюу тараг, айрганд зуурч, яс үе мөчин дээрээ
халуун жин барих нь зүйтэй. Үе мөчний тодорхой өөрчлөлттэй бол эмчид
үзүүлж цаг алдалгүй эмчлүүлэх нь зүйтэй юм.
Ер нь өвчилсний дараа биш өвчлөхөөс өмнө өвчнөөс өөрийгөө хамгаалж,
өвчнөөс зайлсхийж чаддаг болох хэрэгтэй. Ийм болохын тулд эрүүл
мэндийн мэдлэг, боловсрол, эрүүл аж төрөх ёсыг хичээл зүтгэл гаргаж
эзэмшвэл зохино.