Эрүүл мэнд::
Монголд амьд явахын үнэ цэнэ
Хэн нэгний буруугаас болоод хэзээ зуурдаар үхчих бол гэсэн айдас
дунд амьдарч байгаа монголчуудын амьд явах үнэ цэнэ хэд юм бол. Хэнд
хэдийн авлига өгч байж гэмээнэ бид амьд явах эрхээ баталгаажуулах ёстой
юм бол.
Хүүхдээ хөтлөөд гудамжаар алхахаас ч аймаар болчихсон, өвдлөө гэхэд
өвчинг маань эмчлээд өгнө гэсэн итгэлээ гээчихсэн монголчуудын амь
үнэндээ дэндүү хямдхан болчихсон нь танил тал, мөнгө төгрөгтэй нь юу ч
хийсэн хамаагүй, хариуцлага хүлээдэггүй энэ нийгмийн, тийм нийгэм буй
болгоод байгаа төр засгийн буруу юм. Сав л хийвэл цалингаа голж,
хариуцлагын тухай ярихаар жагсахаараа айлгадаг Монголын эмч нарт эрүүл
мэндээ даатгаад эцэстээ амь нас эрүүл мэндээрээ хохирсон жишээ туйлын
олон. Гэлээ гээд тэдгээр эмч нарт хүний амь нас эрүүл мэндээр нь
тоглосны хариуцлага тооцсон нь хэд билээ Их л сайндаа ажлаас нь халаад л
өнгөрдөг бус уу. Ажлаас нь халах, цалингаас нь хасах төдий болоод
өнгөрдөг болохоор мөнгө цагаан, нүд улаан болчихсон Монголын эмч нарт
хариуцлага гэдэг хэтэрхий хөнгөн, хөөс мэт сонсогддог байж болох юм.
Тонгорог барьсан чөтгөр тангараг өргөсөн эмч болохоор зүтгээд байвал хэн
түүнд хандаж, хэн түүнд эрүүл мэнд, амь насаа даатгах билээ дээ. Тэгвэл
тангараг өргөсөн эмч, тонгорог барьсан чөтгөр болчихоод зогсч байгаа
мэдэхгүй түүнд хандсан хэн нэгний буруу гэж үү.
Баянгол дүүргийн V хороо Н.П.Шастины нэрэмжит III эмнэлгийн хажууд
байрлах "Лунобо” компанийн "Алтан Элс” дотрын клиникийн сувилалд хэвтэн
эмчлүүлж байсан 17 эмчлүүлэгчийн 14 хүн эм тариандаа хордсон хэрэг энэ
сарын 5-наас 6-нд шилжих шөнө гарчээ. Азаар хэн нэгний амь нас
эрсдсэнгүй. Эмнэлгийн захирал эмэгтэй нь эдийн засагч мэргэжилтэй юм
байх. Мэргэжлийн бус, эмчилгээ, сувилгааны талаар "а " үгүй хүн яахаараа
эмнэлэг, сувилал хүртэл байгуулчихдаг байна аа. Эдийн засагч хүнд
эмнэлэг, сувилал байгуулах эрхийг салбарын яамнаас нь олгоогүй байсан
бол эрүүл мэндээрээ эдгээр хүмүүс хохирохгүй байх байсан. Харамсалтай нь
төрийн албанд ажилладаг, эрх мэдэлтэй хүмүүсийн өнгө, мөнгөний төлөөх
шуналаас болоод бусдын амь нас эрүүл мэнд хохирч байгааг Н.Цэндсүрэнд
эмнэлэг байгуулах зөвшөөрөл олгосон эрх мэдэлтэн мэдэж байгаа болов уу.
1.Болсон явдал 1.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 2010 онд бяцхан
хүү эмч нарын буруутай үйлдлээс болж, амиа алдсан хэрэг гарсан байдаг.
Талийгаач хүү эхлээд уушгины хатгалгаагаар өвдөж, тус эмнэлэгт хандсан
бөгөөд эмчлэгч эмч н.Энхжаргал бүрэн эдгэсэн хэмээн оношилж, эмнэлгээс
гарахыг зөвшөөрсөн байна. Хүү эмнэлгээс гараад удаагүй байтал тус
дүүргийн 24-р хорооны өрхийн эмч "Вакцин хийлгэ” гэсний дагуу хүүд
вакцин хийлгэсэн аж. Хүү тэр өдрөө халуурч биеийн байдал нь муудсаар
дүүргийн эмнэлэгт хүргэгджээ. Онош тодруулна гэх шалтгаанаар бяцхан
хүүгийн нугаснаас ус авахад хүүгийн биеийн байдал улам хүндэрч улмаар
амьсгал хураасан байдаг. Шүүхээс уг эмчийг буруугүй хэмээн шийдвэрлэж,
харин хүүгээ алдсан эцэг эх насан туршдаа сэтгэлийн шархтай хоцорсон юм.
2.Болсон явдал 2.
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 2011 онд Э бүсгүй нярайлж 3кг
200 грамм охин төрүүлсэн ч эмч нарын хариуцлагагүй үйлдлээс үүдэн
бяцхан охин хорвоог орхисон талаар тухайн үед хэвлэлүүдээр нэг хэсэгтээ л
шуугисан. Хэргийн талаар сануулахад Э бүсгүйг төрөх үед охин нь архаг
бүтэлтэй гарсан тул эмч нар хүчилтөрөгчийн аппарат залгажээ. Гэтэл энэ
үед хий алдаж хоёр сувилагч гэмтэл гарсан хэсгийг бохиор наах
оролдлого хийх үеэр бяцхан охин амь насаа алдсан байна.
Болсон явдал 3.
Өрхийн эмчийн буруугаас тавхан сартай охин тархиндаа бүтэн харвалт
авчээ. Охины ээж Д.Алтантунгалагийнхэлж буйгаар улсын III төрөх эмнэлэгт
эрүүл, саруул охин мэндэлсэн байдаг. Гэтэл өнгөрсөн зургадугаар сарын
11-нд охиндоо ээлжит вакциныг нь хийлгэснээс болоод бяцхан охин хорвоод
амьдрах эрхгүй болжээ. Хан-Уул дүүргийн өрхийн эмч Г.Ариунбайгаль охиныг
ханиадтай байсныг мэдээгүй юу, мэдсээр байж хэргээр ийм үйлдэл
гаргасан уу. Ямарч байсан түүний буруугаас болж бяцхан охин хохирогч
болж үлдсэн байна. Харин хариуцсан эмч нар өөрсдийнх буруугаас болоод
бяцхан охин хохирсонд ямар хариуцлага, яаж хүлээсэн нь тодорхойгүй.
Магадгүй цалингаа хасуулсан нэртэй ажлаа хийгээд явж байгаа тэр эмч
алдаа дахин гаргахгүй гэсэн баталгаа алга.
Болсон явдал 4.
ЭНЭШТ-ийн эх барих эмч Н.Сарантуяагийн гаргасан алдаанаас болж 2006
онд нэгэн бүсгүй арван сар тээсэн үрдээ ангир уургийг нь амтлуулж
чадаагүй хэрэг гарч байлаа. Задлан шинжилгээгээр "Эмчийн буруугаас
хүүхэд төрөх явцдаа эндсэн. Хүзүүг нь тас мушгисан байна” гэсэн хариу
гарсан байна. Гэвч Н.Сарантуяа эмч ямар шийтгэл хүлээсэн нь мөн л
тодорхойгүй өнгөрсөн.
Болсон явдал 5.
Хан-Уул дүүргийн иргэн 29 настай И.Наранзул гэх залуу хэвлэлийнхэнд
хандан, Улсын клиникийн I эмнэлгийн эмчийн буруугаас эрүүгээ тайруулсан
тухайгаа мэдээлсэн. И.Наранзул нь анх 2006 онд шүд өвдсөний улмаас Улсын
клиникийн I эмнэлгийн Эрүү нүүрний тасгийн эрхлэгч Д.Мягмарт хандсан
аж. Улмаар эрүүнд нь хагалгаа хийснээр үрэвссэн шүдний идээлэлтийг авсан
ч эмчилгээ үр дүнгээ өгөөгүй тул эрүүг нь тайрах болсон байна. Гэвч
түүний эрүү улам өвчлөн, удаа дараа хийлгэсэн хагалгааны зовиур нь
хүндэрсний улмаас Д.Мягмарт дахин ханджээ. Д.Мягмар "Эрүүнд чинь яс
залгах шаардлагатай” гээд шилбэнийх нь яснаас авч, дахин мэс ажилбар
хийсэн байна. Гэтэл үүний дараа өвчтөний хэл татан, эрүү нь мурийж, хоол
унд ч идэж чадахаа болиход эмчлэгч эмч нь "Энэ нь туршилтын байдлаар
хийсэн мэс засал учир яах ч аргагүй” гэсэн хариулт өгсөн аж.
Болсон явдал 6.
Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн сувилагчийн буруутай үйл
ажиллагаанаас болж дөрөвхөн сартай бяцхан хүүхэд амиа алдсан. Сувилагч
өвчтөнд "дексаметазан” гэх судасны тонус дэмжих, харшил хордлогын эсрэг
тариа хийх ёстой байтал "суксамеигионин” гэдэг булчин сулруулах
үйлчилгээтэй тариаг андуурч хийснээс дөрөвхөн сартай хүүхдийн амийг
хөнөөсөн.
Энэ бол хэвлэлийнхэнд ил болсон хэргүүдийн цөөхөн нь. Үүний цаана эмч
нарын буруугаас болж хэчнээн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч үлдэж
байгааг хэлж мэдэхгүй. Эмч нарын буруугаас, хариуцлагагүйгээс, шуналаас
болж олон хүн амиа алдаж, бас эрэмдэг зэрэмдэг болдог ч хүний амь,
эрүүл мэндээр нь тоглох эмч нар хариуцлага хүлээдэг нь хэд билээ.
Монгол хүний амь сохор зоосны үнэ хүрэхгүй ийм хямдхан болчих гэж дээ.
Ж.ЭРХЭС
www.T1771.Tk