Эрүүл мэнд::
Шар айрагнаас татгалзах зургаан шалтгаан
"Шар айраг уудаг хүн аз жаргалтай
амьдарна!”- гэж шар айраг үйлдвэрлэгчид лоозогнож, түүнд нь итгэмтгий
эрэгтэйчүүд үг дуугүй итгэдэг. Гэтэл шар айраг эрүүл мэндэд тань том
асуудал үүсгэдэг. Шар айраг нь уураг, нүүрс-усаар баялаг, согтууруулах
чанар сул гэсэн төөрөгдөл гол буруутан нь аж. Ойр дотныхноос тань нэг нь
шар айрагны тустайг нотлохыг оролдвол түүнд шар айрганд донтдог хүмүүс
байдаг болох, том гэдэстэй болгодог, элгийг өвчлүүлдэг, зүрхэнд асуудал
үүсгэж, бэлгийн сулралтай болгодгийг бодитой жишээ татан ойлгуулахыг
хичээгээрэй.
Зүй зохистой буюу хэтрүүлэлгүй
хэрэглэсэн тохиолдолд л шар айраг биед сайнаар нөлөөлөх боломжтой.
Гэхдээ хэдэн аягыг уувал тустай, хэдээс хэтрүүлж болохгүй вэ гэдгийг хэн
ч мэдэхгүй, маш харьцангуй ойлголт юм. Шар айрагт орох нь аймшигтай
өвчин. Шар айраг уух дуртай хүмүүс зөвхөн согтох төдийгүй тэрхүү ундааны
мансууруулах чанарт дасна. Таатай мэдрэмжид дахин дахин автсаар уух
хэмжээгээ ихэсгэсээр байдаг.
Анхны хэлмэгдэгч нь ХОДООД
Шар айраг согтууруулах чанар бага,
хийжүүлээгүй ч этилийн спиртийг тодорхой хэмжээгээр агуулдаг. Зарим
хөөстэй ундааны согтууруулах чанар 10-14 хувьтай байдаг, өөрөөр хэлбэл,
лонх шар айраг уусан бол 50-100 грамм архи уусантай адил юм. Өдөр бүр
ходоод, гэдсээ эсгэгч бодистой согтууруулах шингэнээр дүүргэх нь эдгээр
эрхтэний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхын аргагүй. Шар айраг салстад
маш хүчтэй цочрол өгч, хордуулна.
Үүний сацуу хөөстэй ундааг байнга уухад
ходоодны хананд байрладаг, ходоодны шүүс ялгаруулдаг булчирхайнууд
эхлээд их шүүс ялгаруулж байгаад дараа нь хатангиршдаг. Үүнээс болж хоол
боловсруулалт дутуу явагдаж, шингэлт нь удааширч, муудна эсвэл дутуу
боловсорсон чигээрээ гэдэс рүү орно. Ингээд өтгөн хатдаг болж, ходоод
үрэвсэнэ. Дашрамд хэлэхэд, согтууруулах ундаанаас үүдсэн үрэвсэл биеийг
ерөнхийд нь сульдааж, сэтгэл санаа өөдрөг бус болж, ажиллах чадвар
буурч, аманд төмөр амтагдаж, гашуу оргиж, гэдэс өвдөж, аюулхайд хүнд
оргино.
ЭЛЭГний дайсан
Бие махбодийг цэвэрлэхэд гол үүрэг
гүйцэтгэдэг элэгний гол дайсан нь согтууруулах ундаа юм. Энэ эрхтэнийг
зөвхөн шар айрагтай тэмцэхэд хүргэвэл түүний хороос хамгаалах үүрэг
алдагдаж болзошгүй. Тэр цагт элэг бусад хүчтэй нөлөөтэй, хортой бодисоос
найдвартай хамгаалагч болж чадахгүй. Исгэмэл ундааг хэтрүүлэн хэрэглэх
нь үрэвслийг газар авахуулж, улмаар гепатиттай болоход хүргэнэ. Тэр
тусмаа шар айрагны архаг гепатит тодорхой илрэх шинжгүй, нууцлагдмал
байдлаар газар авч болдог. Хэрвээ цагаа олж зогсохгүй бол шар айрагнаас
болж элэгний цирроз буюу хорт хавдартай болж ч магадгүй.
Түүнчлэн шар айргийг байнга ууснаас болж
нойр булчирхай үрэвсэнэ. Учир нь энэ ундаа ферментүүд ялгарахад саад
болж, тэжээллэг бодис шимэгдэх жам ёсны үйл явцад өөрчлөлт оруулна.
БӨӨР бие махбодийг цэвэрлэгч
Бөөр нь бие махбодийн дотоод орчны
хэвийн байдлыг дэмжин сахиулах гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ эрхтэн бие
махбодийн ус-электролитийн тэнцвэрт байдал, хүчил-шүлтийн хэмжээг
зохицуулахад оролцдог. Шар айраг жам ёсны энэ үйл явцыг алдагдуулж,
бөөрийг өглөөний эрч хүчээр ажиллахад хүргэдэг юм. Шинжлэх ухаанд үүнийг
бөөрний эд эсийг спиртийн нөлөө цочроож, тэдгээр эд эсийн шүүх чадавхи
ихэссэнээс үүдэлтэй шээс ялгаруулалт ихсэлт буюу полиури гэж нэрлэдэг.
Шээс хөөх ийм хүчтэй нөлөөтэй шар айраг
бие махбодид маш чухал хэрэгцээтэй, микро болон макроэлементүүд,
ялангуяа кали, магни, С амин дэмийг хөөн гаргадаг. Кали дутагдсанаас
зүрхний хэмнэл алдагдаж, хөлийн булчинд өвдөж, хөл сульдах шинж тэмдэг
илэрдэг. Магнийн дутагдал хүний зан байдалд нөлөөлж, цухалдуу,
уйлагнасан болж, нойр мууддаг. С амин дэмийн дутагдлаас болж биеийн
эсэргүүцэл суларч, ханиад томуу байнга тусдаг байна.
Шар айрагт донтсон үед элэгний хорт
хавдартай болж, бөөрөнд цус алдалт болж, бөөрний цус харвалт өгч, үхлийн
голомтууд үүсч болзошгүй. Цаашлаад спиртээр байнга цочроосны улмаас
үхсэн эсүүд орооцолдож, бөөрний хэмжээ багасаж, үрчийдэг.
"Үхрийн” ЗҮРХ
Шар айраг маш түргэн шимэгддэг учраас
судаснууд агшин зуур тэлдэг. Хэрэв та байнга, их хэмжээгээр шар айраг
уувал венийн судас тэлж, зүрх томордог. Рентгенологичид энэ үзэгдлийг
"шар айрагны зүрх”, "үхрийн зүрх” эсвэл "шилэн оймсны” синдром гэж
нэрлэдэг.
Өдөр бүр биеэс илүүдэл шингэнийг
гадагшлуулдаг чухал эрхтэн улбагар болж, гадуураа өөх тосоор бүрхэгддэг.
Зүрхний агшилт олширч, зүрхний хэмнэл алдагдаж, даралт ихэсдэг. Биеийн
ачааллыг улам бүр л даахаа больж, амьсгааддаг болно. Шар айрагт
донтогчдод зүрхний цусан хангамж муудах өвчтэй болох магадлал нэмэгддэг.
Зүрхний булчингийн агших чадвар буурч, зүрхний хэмжээ томорсноос
зүрхний дутагдалд ороход хүрдэг. Үүний уршгаар зүрхний шигдээсээр нас
барах магадлал хоёр дахин өсдөг байна.
Дааврын өөрчлөлтөд нөлөөлнө
Шар айрагт эмэгтэй хүний бэлгийн даавар-
прогестеронтой төстэй фитоэстрогеныг агуулдаг. Энэ нь тусгай гашуун
амтыг шар айрагт оруулахад ашигладаг зөрөг цэцгийн ундаанд ордог.
Тиймээс уг ундааг байнга хэрэглэх нь дотоод шүүрлийн системийн ажиллагаа
алдагдахад хүргэнэ.
Эрэгтэйчүүдэд эр бэлгийн даавар
боловсроход шар айраг саад учруулна. Үүнээс болж эм гормонууд
давамгайлснаар эрэгтэйчүүдийн бие, нүүрэн дэх үс шингэрч, булчин
багасаж, хөхний булчирхай өсч, дууны өнгө өөрчлөгдөж, "шар айрагны
гүзээ”-тэй болж, гуя, бэлхүүсээр өөх хуримтлагдана. Тэгэхлээр айрганд
дурладаг хүн биологийн шинж тэмдгээр аажмаар эмэгтэй хүн болж хувирах
болж байна. Мэдээжийн хэрэг гормоны тийм өөрчлөлт эрэгтэйчүүдийн чалхад
шууд нөлөөлнө.
Шар айраг архитай адилгүй
Согтууруулах чанар султай шар айраг
донтоход хүргэхгүй гэж бодвол эндүүрэл болно. Харин ч эсрэгээр! Архинд
орох гэдэг шиг шар айрганд орох гэсэн нэр томъёо анагаах ухаанд хүртэл
байдаг. Энэ нь 3-4 дахин хурдан түргэн газар авч, уух гэсэн эрмэлзлэл нь
ч хүчтэй байдгаараа архинд донтохоос ялгаатай юм.
Энэ нь зарим талаар шар айргийг
хэрэглэхэд хялбар, хүртээмж ихтэй, байдагтай холбоотой. Ширээ засч, олон
хүн цуглуулж, ямар нэг шалтаг бодож олох гэх шаардлагагүй, учир нь шар
айргийг ганцаараа гудамжинд эсвэл зурагтны өмнө сууж байгаад "шимж”
болно. Наркологи буюу мансуурал судлалын үүднээс бол шар айрагт донтох
нь эмчлэхэд хүнд донтолтын хэлбэр юм.
Хэрвээ танд болон таны ойр дотны хэн нэгэн:
- Өдөрт нэгээс илүү литр шар айраг уувал. Сэтгэл санаагаа сэргээх гэж байнга найз нөхөдтэйгөө уулздаг болбол.
- Уухгүй л бол байж чадахгүй, уурладаг болбол.
- Эрүүл мэнд нь муудвал.
- "Шар айрагны гүзээ”-тэй болбол.
- Биеийн ерөнхий чалх суларвал.
- Шар айраг гэсэн сэргээшийг уухгүйгээр унтаж амарч чадахгүй болбол.
- Өглөөд шар тайлахыг хүсээд байвал шар айрагт донтож буйн шинж юм.
Шар айрагчид сэтгэл судлаач болон
мансуурал судлаачид хандах нь маш ховор байдаг. Ихэвчлэн тэд зүрх, элэг,
ходоод гэж эмнэлэгт ханддаг. Өвчтөнд үзлэг хийсэн эмч, шар айраг хэт их
хэрэглэснээс болсон гэсэн гол шалтгааныг оношилно.