Эрүүл мэнд::
Өвчин аминд хүрдэг ч, ордог ч
Бат итгэл суусан үзэл санаа худлаа болохыг үзэх хэцүү байдаг байх.
Дандаа ялаад байх юм шиг санагдсан нам, улс төрийн хүчин хүртэл ээлжит
сонгуулиар хусагдчихаж байна.
За тэр ч яахав. Бид үр хүүхдээ эрүүл саруул өсгөх гэж хэрэндээ л
чардайдаг даа. Өвчин хуучтай болчихвол мянган эд хөрөнгө, эрх мэдэлтэй
байгаад ямар хэрэг байна гэж ирээд л ёстой ухаантай үг олчихсон аятай
сургадаг. Гэтэл цагаа тулахаар тийм биш байсныг нэлээд олон
тохиолдолд харлаа. Тухайлбал шүүх цагдаад дуудагдсан, улмаар
яллагдсан томцуул нөгөө газар луу ачигдахгүй үлдэх гарц нь эрүүл
мэндийн асуудал юм билээ. Мөд эдгэхээргүй суурь өвчинтэй бол тэрнийгээ
хэлээд л шорон руу биш эмнэлэг рүү явчихаж байна. Тэгэхээр юмыг яаж
мэдэхэв. Туг барьж явтал гэнэт тугал хариулах болчих ч юм билүү. Тэр
үед цоо эрүүл цохиж явбал төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлахгүй нь.
Ер нь өвчин оёг амьдралд хэрэг болох явдал шинэ юм биш. Дээхнэ цэрэг
татлагаас зугтсан залуучууд өөрөөсөө өвчин хайгаад олдохгүй болохоор
нь зориуд өвчилж байсан шүү.
Янз бүрийн тохиолдолтой учрах бүрдээ төвөгшөөн сайн эсвэл муу гэсэн
хоёрхон дүнг тавьдаггүй л юм байна. Өвчин хүртэл өөрийн гэсэн гэрэл
сүүдэртэй байхаар чинь одоо яалтай билээ.
Ж.ГАНГАА www.T1771.Tk