Гэгээн валентин (өгүүллэг)
Хамгийн дэгжин даашинзаа өмсөөд,
Болороогоос зээлсэн гялалзсан хар туфлиэ ахин дахин харж, ороосон
үснийхээ хэвийг гаргахгүйг хичээн эвтэйхэн толины өмнө хэд хэд эргэлдээд
авлаа. Өнөөдөр ч Сэлэнгийн хувьд аргагүй чухал өдөр, чухам ингэж гоёж
гоодож догдлох нь ч аргагүй.
Удаан хүлээсэн гэгээн Валентины баярын
үдэшлэг дээр Хангай лав түүнийг урьж бүжиглэнэ, тэгээд хосуудын тэмцээнд
ороод, бүр түрүүлээд тансаг зоогийн газар хоёулханаа үдшийг өнгөрүүлнэ
гэж бодохоос цагийн зүүг бушуухан урагшлуулчихмаар. Хараад байхад
Болороогийн түмэн зөв юм гээч. Дандаа боож явдаг үсээ ингээд долгио
оруулаад янзалчихаар, муу жинсэн өмдөө даашинзаар солиод өсгийтэй гутал
өмссөн чинь тэгшхэн цагаан шилбэ нь тодроод ёстой янзтай харагдаж байх
чинь. Харин хамгийн гол нь яаж ийм байдалтай гэрээс гарах билээ? Бүхий л
хорвоо ертөнц түүнийг өөр болсныг анзаарч мэдээд шоолох ч юм шиг, нэг л
зүрх хүрэхгүй байдаг.
Урт гэгчийн хар цуванд хамаг биеэ
нуугаад бушуухан таксинд сууж сургуулийнхаа үүдэнд ирсэн хойноо Сэлэнгээ
арай гэж санаа амрав. Одоо хамгийн гол нь ангийнхантайгаа уулзана, олон
хүн хуран цугласан танхимд орно гэдэг л зүрхшээмээр. Болороо яарсан
байртай цагаа харан хялалзаж байснаа Сэлэнгээг хармагц гүйн ирж, чирэх
дайны дотогшоо хөтлөн оруулав.
-Чи чинь яачихав аа? Үдэшлэг эхлэх гээд байхад.
- Харин тийм ээ. Нөгөө ... юу ...
- За за мэдэж байна. Гарна гэж маяглаад бөөн юм болоо биз.
Нүд гялбам чимэглэсэн гял цал том
танхимд Сэлэнгээ яваад орчихлоо. Өөрийнхөө ямар гайхалтай харагдаж
байгааг мэдэхгүй болохоор хацар нь улайн ичингүйрэн шал ширтэн өөртөө
итгэлгүйхэн буланд очиж зогслоо. Салхинаас өөр зүйл хөндөөгүй хээрийн
онгон цэцэг шиг түүнийг үдэшлэгт ирсэн бүх л залуус нүд салгалгүй
ширтэнэ. "хөөх. Энэ булбарай жимс хаанаас гараад ирэв?” "Энэ чинь 10-н
Г-ийн Сэлэнгэ л байна ш д.” "Пөөх ямар гоё болоо вэ. Ийм хөөрхөн охин
байлуу?”
Бүжгийн ая эгшиглэхэд Сэлэнгийг нэлээн
олон залуу урьсан ч бүжиглэсэнгүй, нууцхан нэг л хүнийг хүлээх авч тэр
танхимд байсангүй. Харин хүмүүсийн хандлага онцгой өөр болсныг тэр
анзаарчээ. Өмнө нь Сэлэнгийг нүднийхээ булангаар ч тоож хардаггүй байсан
залуус шүлсээ гоожуулах шахам эргэлдэх нь төвөгтэй. Хувцас гэдэг ийм
шидтэй эд үү гэхээс Сэлэнгийн урам хугарах шиг болов. Урьд нь үсээ
боочихоод урьд хойгуур нь дэгдэж явахад анзаарч ч хараагүй тэд одоо
торгомсог сайхан гэж үсийг нь магтана. Хорвоо үнэхээр хуурамч ажээ. Энэ
хүмүүсийн хэн нь ч Сэлэнгээ гэж хэн бэ гэдгийг бус өмсөж зүүсэн гялгар
цалгарт нь л нүд хууртан байна гэхээс их догдлол баясал нь гал дээр ус
хийсэн мэт шархийн унтарч бушуухан тэндээс гарахаас өөр хүсэл төрсөнгүй.
Магад Хангай эдний нэг биз гэж бодохоос урам нь бүр ч ихээр хугаран
сэмхэн гарч гэртээ харихаар шийдэв. Яг сургуулиас гарахын даваан дээр
үүдэн дээр түүнийг нэг залуу гүйцээд ирэв. Сургуулийн бүх охид унаж
тусдаг, араас нь ёстой л үсээ зулгаадаг ихэмсэг зантай тэр одоо
Сэлэнгээг унаж тусан гуйх нь өрөвдөлтэй.
- Харих гэж байгаа юм уу?
- Тиймээ. Толгой өвдөөд.
- Жаахан байж байгаад яв л даа. Манай найзууд эндээс гараад "Метро” орно. Чи хамт яваач.
- Хэрэггүй ээ баярлалаа. Би зүгээр л харимаар байна.
- Ээ чи битгий ийм зан гарга л даа.
Чамайг би ийм хөөрхөн охин гэж мэдсэнгүй гэснээ гэнэт гараас нь барин
өөр лүүгээ татаад архи сэнгэнүүлсэн хошуугаараа үнсэх гэж мунаглан
оролдов. Сэлэнгээ өөрөөсөө гарамгүй хүчээр түүнийг түлхэж орхиод
зугтаалаа.
Гэртээ ирсэн хойноо гоёлын даашинзаа
тайлж, нүүрний будгаа арилган, үсээ зүгээр боогоод толинд харлаа. Яагаад
ч юм энэ танил царай, эгэл төрх Сэлэнгэд өөрт нь юунаас ч илүү
таалагддаг. Тиймдээ ч гоёж гоодож, аалигүйтэхийн оронд энгийн даруу
төрхнийхөө цаана эгэл биш гоо үзэсгэлэнгээ нууж явдаг билээ. Хүсэн
хүлээсэн гэгээн хайрын өдөр дуусахад 15хан минут үлджээ. Яагаад ч юм бүх
зүйл санасанаас тэс өөрөөр эргэж орхисон нь харамсалтай. Өнөөдөр л хэлж
үзээгүй хайрын үгээ Хангайдаа хэлж, түүндээ л сайхан харагдах гэж
хичээсэн юмсан. "Boss you have a text message” Инээмсэглэн утсаа үзвэл
"Гадаа чинь байна. Хангай” гэсэн байна.
[www.T1771Music.Ucoz.Net]