Гэмт хэрэг::
Бүсгүйг долоон залуу зэрлэгээр зодож, хүчирхийлжээЭнэ оны нэгдүгээр сарын эхний долоон хоногт буюу 05-наас 08-ны
өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод нэр бүхий 7 залуу тус аймгийн
иргэн Ө гэгч 20 гаруй насны бүсгүйг гурван хоногийн турш зочид буудалд
зэрлэгээр зодож, бүлэглэн хүчиндсэн хэрэг гарчээ. Эл балмад хэргийг
үйлдэгчид нь тодорхой эрхэлсэн ажил төрөлтэй, 23-30 насны залуус аж.
Тэд хохирогчийг тус аймгийн төвийн "Солонго”, "Цэцэг”, "Орхон” зочид
буудалд гурван хоногийн турш хорьж зодон, зүй бусаар хүчирхийлж, 2013
оны нэгдүгээр сар 8-ны өдөр суллан явуулсан байна. Хохирогч Ө нь зочид
буудлаасаа шууд найз залуугийндаа очиж, хэрэг явдлыг нэг бүрчлэн ярьсны
дараа ээж, аав руу нь утсаар мэдэгджээ.
Эл балмад хэргийг мэдэж цочролд орсон эцэг, эх нь 2013.01.08-ны өдрөө
Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна. Сэжигтэн
залуусыг 2013.01.09-ны өдөр саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж
эхэлжээ. Тэдний нэг Оюутолгойд ажилладаг агаад амралтаараа нутагтаа
ирээд байж. Мөн нэг нь хувиараа интернет-РС тоглоомын газар ажиллуулдаг
юм байна.
Хохирогч Ө өнөөдрийг хүртэл шок-ийн байдалд буюу сэтгэл санааны хүнд
цочролд оржээ. Түүний биед учирсан хохирлыг аймгийн шүүх эмнэлгээр
магадлуулан баримтжуулсан байна. Удахгүй Улаанбаатар хотын шүүх
эмнэлгээр дахин магадлуулахаар эцэг, эх, ах дүү нар нь хөөцөлдөж буй аж.
Сэжигтэнүүдийн эцэг, эхчүүд энэ хэргийг замхруулах тал дээр хүч тавин
ажиллаж байгаа сурагтай.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ