Гэмт хэрэг[Дарханд]::
Ц.Гүнтэв: Цагдаагийн ажилтан хэрэг үйлдсэнээ хүлээсэн
Дархан-Уул аймгийн эрүүлжүүлэх байранд өнгөрсөн оны гуравдугаар сарын
30-нд амь насаа алдсан Г.Гантулгын аав Ц.Гүнтэв олон нийтэд хандлаа.
Тэрээр хүүгийнх нь амь насанд эрүүлжүүлэх байрны эмч Ц.Оюунболд
хүрсэн, уг хэргийг цагдаа, прокурорынхон нуун дарагдуулж байна хэмээн
үзэж буй аж. Хэргийг тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сарын 29-ний
шөнө хохирогч Г.Гантулга хэдэн хүний хамт согтууруулах ундаа хэрэглэсэн
үедээ эрүүлжүүлэх байранд хүргэгджээ.
Гэвч өглөө 4.00 цагт эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр нас барсан
байна. Тухайн үед хохирогч их хэмжээний цус алдаж, хавирга нь хугарсан,
нүүрэндээ ил шархтай байжээ.
Хэрэг гарах үед эрүүлжүүлэх байрны эмч Ц.Оюунболд ""Ээж ээ, би хүн
алчихлаа. Харьж чадахгүй нь. Мөрдөнд орно” гээд уйлж байсан” хэмээн
Ц.Гүнтэв ярив. Мөн Ц.Оюунболдын ах нь "Хэргийн талаар шүүх, цагдаад
хандаад хэрэггүй. Танайд машин, мөнгө өгье. Тохиролцъё” хэмээн
хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаж байсан тухай ярив.
Харин Шүүх эмнэлгийн шинжилгээгээр "Архины хурц хордлогын улмаас нас
барсан. Талийгаачийн баруун хоёр хавирганы хугарал, нүүрний зулгарал,
өвдөгт цус хурсан нь амь насаа алдах шалтгаан болоогүй” гэсэн дүгнэлтийг
гаргасан байна. Хэргийн талаар хохирогчийн ар гэрийнхэн аймгийн
Прокурорын газар, Улсын ерөнхий прокурор зэрэг байгууллагад удаа дараа
хандсан ч хэрэгсэхгүй болгосоор байгаа ажээ.
Хохирогчийн аав Ц.Гүнтэв "Цагдаагийн ажилтан хохирогчийн амь насанд
хүрсэн баримт нотолгоо байсаар байхад шийдвэр гаргахгүй, цаг хугацаа
алдаж байгаад гомдолтой байна” гэв. Тэрээр уг хэргийн талаар УИХ-ын
Г.Баярсайхан, Ж.Батзандан нарт хандана гэж мэдэгдэв.