Гэмт хэрэг::
Онц аюултай гэмт хэрэгтнийг баривчилжээ
Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийнхан 1996 оноос хойш удаа дараагийн
үйлдлээр бага насны хүүхэд хүчирхийлсэн болон хүний амь насыг
санаатайгаар хороосон гэмт хэргүүдэд сэрдэгдэн эрэн сурвалжлагдаж байсан
Б гэгчийг баривчилжээ.
Тэрбээр цагдаа нарт баригдалгүй зугтаж,
онц ноцтой гэмт хэрэг давтан үйлддэг байсан тул ЭЦГ-ынхан нэг жилийн
өмнөөс түүний байж болох бүх газрыг тогтоож, нууц ажиллагаа явуулсны үр
дүнд ийнхүү барьж чадсан аж. Б нь удаан хугацаанд овог нэр, зүс царайгаа
өөрчилж Монгол Улсын иргэний бүртгэл болон халамж үйлчилгээний сан,
банк санхүүгийн байгууллага, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд
бүртгэлгүйгээр амьдарч байсан гэнэ. Тэрбээр 1971 онд Улаанбаатар хотод
төрсөн, 43 настай Э гэх нэрээр СХД амьдарч байсныг ЭЦГ, мөрдөн байцаах
газрын ажилтнууд удаан хугацааны мөрдлөгийн үр дүнд илрүүлжээ.
Мөн
Б нь эхнэр, хоёр хүүхэдтэй аж. Одоогоор түүний эхнэрээс нөхрийнхөө гэмт
үйлдлүүдийг мэддэг байсан эсэх талаар мэдүүлэг авч байгаа гэнэ. Харин
сэжигтнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд тэрбээр
мөрдөн байцаалтын явцад хоёр хүний аминд хүрч, насанд хүрээгүй дөрвөн
хүүхэд хүчирхийлсэн гэдгээ хүлээгээд байгаа гэнэ. Ер нь хүчирхийлэлд
өртөгчдийн ихэнх нь насанд хүрээгүй охид болж хувирсан нь нийгэмд
түгшүүр бий болгоод байгаа тул эцэг, эхчүүд бага насны хүүхдүүд, охиддоо
тавих хараа хяналтаа сайжруулж, гэрт нь ганцааранг нь орхиж, гадуур
харгалзах хүнгүй явуулахгүй байх хэрэгтэйг анхаарах хэрэгтэй юм.