Horiotoi::
Галын бурхан хилэгнэхэд үнс өгч аргадав
Манай нутагт Найдан гэж туульч өвгөн байсан юм. Тэднийхээс машин тэрэг
ер салахгүй. Хожим бодохноо ардын аман зохиол, тууль судлаачид л тэгш
тэр хар өвгөнийг үнэд оруулж байсан байгаа юм. Хар өвгөнд эрдэм бий, хар
авдарт ном бий гэдэг болохоор Найдан гуайг нам гүмхэн суугаад
байгаагаас биш үдэш оройн цагаар хайлдаг туульд нь гардаг баатар эрс шиг
ид шидтэй нэгэн гэлцэх нь ч байсан л юм. Энэ үнэний хувьтай байжээ.
Сумын төв дээр суудаг Найдан гуайнд дүүгийнх нь хүү, ач Тогтох нь өвлийн
нэг үдэш морио битүү цан цас болгочихсон иржээ.
- Анжаа! Хүүхэд
муудаад. Сумын эмчийг явуулчихлаа, танд хэлэхгүй бол болохгүй гэж
бодоод гэжээ. Тэгж хэлмэгц Тогтох яаран гарах гэсэнд өвгөн Найдан,
- Тогтох гуай, та тогтож айлд. Аяга цай уу гэжээ. Ач хүү нь бараг уурлаж,
- Та боль л доо. Миний хүү тэнд үхэх гэж байна. Та ойлгож байна уу гэж
бараг хашгирах шахжээ. Өвгөн хүүдээ санаа зовсон эцгийн нүүр рүү хэсэг
зуур ажиглан хараад,
- Чамд яагаад Тогтох гэж нэр өгсөн гэж
бодно. Нэрэнд нь таарсан араншинг ертөнц заяадаг л юмсан гэжээ. Энэ үг
сандарч тэвдсэн Тогтохыг тайвшруулж, зууханд гараа ээж, аяга халуун цай
уужээ. Хүү чинь алзахгүй ээ. Би бас л Алзахгүй гэдэг нэг өгсөн юм.
Алзахгүй хүнийг та нар тостой гараар барьж, тоостой газар суулгахгүй
тойлж тордсоор ийм болгож. Ямба нь ихэдсэнээс яр шарханд баригдсан
хэрэг. Чи өнөө шөнө манайд хоночих гэжээ. Тогтох уйлагнан,
- Би
ганц хүүгээ өвчтэй байхад яаж айлд хонох юм бэ гэжээ. Гэхдээ Найдан гуай
ах зах хүний сүр хүчийг үзүүлэн түүнийг нойргүй сэрвэлзүүлэн хонуулжээ.
Маргааш өглөө нь Найдан гуай,
- Хүү чинь зүгээр хоносон байх
аа. Итгэхгүй байвал сумын эмч ирсэн бол уулзаж асуугаад яв. Ямба нь
наснаасаа хэтэрсэн хүүхдээс би энэ шөнө ял асууж чамайг уйлуулж шаналгаж
энд хорьж цагдсан юм. Хүүгээ байхад уйлаад шаналаад авчихлаа шүү дээ,
чи. Одоо дахиад чи ингэж зовж шаналахгүй ээ. Тийм болохоор юу гэсэн үг
вэ. Хүү чинь алзахгүй. Алзахгүй чинь алзахгүй. Харин танай гал жаахан
булингартай болж. Эхнэртээ хэл. Гал түлэхдээ битгий төмөр тачигнуулаад
бай гэж хэл. Галын бурхан тань жаахан хилэгнэж. Ахын чинь 70 гартлаа
манасан энэ голомтын хөх үнс танай галыг аргадаж чадах биз гээд хүрз үнс
өгөөд явуулжээ. Тогтох замдаа сумын эмчийнхээр орж юу болсныг асуухад,
- Чи мөн сайхан, хэнэггүй аав юм даа. Хүүг чинь би зүв зүгээр
болгочихоод эдгээчихээд ирлээ. Чи хүүхэн шуухан эргүүлээд дахиад хэсэг
хоноод явсан ч болно гэжээ.
Юм гэдэг ийм л далдын шижим, үл үзэгдэхийн олс дээсээр зангидагдсан байдаг ажгуу.
Эх сурвалж www.T1771.Tk