Ярилцлага::
“БИТЛЗ” 1965
Ярилцлагыг нь уншихад тун ч хөгжилтэй болсон нь илт. "Playboy"-ийн сэтгүүлч Жон Шеперд дуу хураагчид нь бичигдсэн бүхий л яриаг нэгийг ч хасалгүй сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагын хэсгийг танд хүргэж байна. 1965 он буюу хамтлаг дэлхий хэмжээний од болсноос нэг жилийн хойно уг ярилцлага хэвлэгдэж байжээ. 1960 онд Ливерпулд байгуулагдсан хамтлаг тавхан жилийн дотор дэлхий даяар шуугиан тарьж, "Rubber soul" (1965) цомгоос хойш өдийг хүртэл дэлхийн хөгжмийн ертөнцийн ноён оргилд байсаар байна. Дэлхий даяар нийт 117 сая хувь цомог, 600 сая дуу борлуулж, "Биллбоард"-ын жагсаалтыг 20 дуу нь тэргүүлж, арван удаа "Грэмми" атгаж, бас Оскарыг ч энэхүү цуглуулгадаа багтааж амжсан. Бүх цаг үеийн хөвгүүдийн хамгийн амжилттай хамтлагаар тодорсон тэднийг "Time"сэтгүүл өнгөрсөн зууны 100 нөлөө бүхий хүний нэгээр нэрлэсэн билээ.
-Тэгэхээр, яагаад би ярилцлагаа...
Жон: -"Гамлет"-ийн тухай сэдвээр эхэлж болохгүй гэж.
Ринго. -Тийм ээ, тэгье.-За тэр наргиа яахав ээ, ярилцлагаа эхлэе, тэгэх үү?
Жорж: -Зөв санаа байна, тэгье.
Пол: -Бид эхлээд чамаас асуулт асуух уу?
Ринго: -Халуухан охидыг та юу гэж боддог вэ (инээв)?
-Ринго, та "Битлз"-ийн хамгийн залуу гишүүн. Таныг анх элсэх үед тэд одоогийнх шигээ алдартай болж амжаагүй байсан байх аа, тийм үү?
Ринго: -Яалаа гэж. Тэд Ливерпул даяар домог шиг цуурайтаж байсан. Тэгэхэд тэд бут аваад эхэлчихсэн байсан.
Пол: -Бид Ливерпулээс гадуур нэг ч аялан тоглолт хийгээгүй байхад бүхий л Англи даяар шуугиан эхэлсэн байсан. Аа мартаж, Хамбургт нэг удаа тоглосон юм байн. Энэ хоёр хотоос өөр газраар яваагүй. Одоо бидний байр суурь өөр болсон ч тухайн үед бид үнэхээр од болчихлоо гэж бодож байсан. Тэр нь одоо бидний мэдэрч буйтай огтхон ч зөрүүтэй биш.
-Үнэхээр нэрд гарч, бут авсан гэж хэзээ мэдсэн бэ. Ямар үйл явдал, цаг хугацааг нэрлэх вэ?
Жон: -Хамбургт тоглочихоод Ливерпулдээ ирэхэд л бөөн шуугиан үүссэн байсан. Баахан сонин хэвлэлд гараад л. Сонирхолтой нь Хамбургийн үзэгчдийн 70 хувь нь биднийг Германы хамтлаг гэж бодсон байгаа юм.
Пол: -Англиар ямар цэвэрхэн ярьж, дуулдаг юм бэ гээд үү (хаха).
-Тэр тоглолтоос хэдэн ам.долларын орлого олж байв?
Жон: -20 ам.доллар.
-Тус тусдаа биз дээ?
Жон: -Үгүй ээ, хамтлагаараа. Бид Ливерпулд нэг шөнийн тоглолтоос гурав, дөрвөн ам.доллар авдаг байсан.
-Америкт анх очихдоо их эргэлзэж байсан, тэнд хит болж чадахгүй байх хэмээн айж байсан гэж сонссон. Энэ үнэн үү?
Жон: -Үнэн, үнэн. Ганц итгэж байсан хүн нь Бриан Эпстэйн. Манай менежер. Жорж Харрисонд горьдлого байсан, гэхдээ зуун хувь биш. Америк бол дэлхий дахинд гарах гэж зорьсон хамтлагийн гол зах зээл. Тэнд амжилт гаргавал хаа сайгүй алдаршина. Биднийг анх очиход Их Британиас ирсэн хамтлаг, дуучдыг үл ойшоодог, элдэв тоглолт зэрэгт үнэ төлбөргүйгээр тогловол тогло гэх янзтай.
Пол: -"Time", "Life", "Newsweek" сэтгүүл долоо хоног бүр дуу санал болгодог буландаа биднийг хэд хэдэн удаа оруулсан байсан. Тэр нь ч их сайнаар нөлөөлсөн дөө.
-Жон: -Тэгээд ёстой цуцахгүй хөдөлмөрл өсөн. Эхлээд бид нар мөнгөний төлөө явсан. Дараа нь жинхэнэ уран бүтээлдээ орсон.
Ринго: -Үгүй ш дээ, бид тэгээгүй.
Жон: -Тэгээд юуны төлөө явсан гэж?
Ринго: -Мэдэхгүй юм даа, эхлээд уран бүтээлийн хойноос явсан.
-Жон: -Ок.
-Битлзийн гишүүн байх хэр нэр хүндтэй хэрэг вэ. Та нар өглөө сэрээд, толинд хараад "Бурхан минь, би чинь "Битлз"-ийн гишүүн шүү дээ" гэж бодож байв уу?
Пол: - Үгүй ээ (инээв).
Жон: -Хамтдаа байхдаа л тэгдэг. Ганцаараа байхдаа хэзээ ч тэгж догдлож үзээгүй
.Ринго: -Би лав тэгж байсан. Нэг удаа Жон лаг гоё машин авахад "Өө Христ, өөрийгөө хараач. Чи феноменон болсон байна" гэж хэлээд чангаар инээсэн. Ливерпулд бидний үеийн залуус хувьдаа догь машинтай болно гэдэг бурхны туслалцаатай л биелэх зүйл.
-Одоо бол та нар жирийн хүн биш, "Битлз" болсон шүү дээ.
Пол: -Тийм ээ, зарим талаар хөгжилтэй. Гэхдээ л бид Ливерпулийн юу ч үзээгүй залуус хэвээрээ л байгаа. Алдартай дуучид, кино оддыг хараад "Хөөх" гэж догдолдог нь хэвээр.
-Зочид буудлын өрөөндөө хэнд ч мэдэгдэхгүйгээр нууцаар орох зэрэг нь ядаргаатай биш байна уу?
Жон. Яалаа гэж. Бид гудамжаар алхаж, шүтэн бишрэгчдийнхээ сайхан магтаалыг сонсохдоо дуртай.
-Та нар гудамжаар бие хамгаалагчгүй явж зүрхэлдэг гэж үү?
Ринго: -Тэгэлгүй дээ. Жорж: Тэгж ярьвал та нар Жон Ленноныг гудамжны сандал дээр унтаж байхад нь таарч ч мэднэ.
-Шүтэн бишрэгч охид чинь та нарыг зүгээр явуулахгүй болсон нь лав. Гэр бүлтэй болох талаар бодож эхэлсэн хүн байна уу?
Пол: Би лав үгүй. Жорж: Ринго бид хоёр гэрлэх гэж байгаа.-Өө тийм үү, нууц биш бол хэнтэй?
Жорж: -Бие биетэйгээ.
Ринго: -Жорж, бэлгийн чиг баримжаагаа битгий олон хүнд зарлаж бай л даа.-Рингогоос нэг асуулт асууя.
Ринго: -Бололгүй яахав, "Playboy"-ийн эрхэм ээ?
-Хэвлэлийнхний тухай ямар бодолтой байдаг вэ. Чи шинэхэн гишүүн учраас бүхнийг шинээр мэдэрч байгаа байх.
-Би урьд өмнөхөөс ч илүү үзэн ядаж байгаа.
Гласговт та нарыг тоглосон шөнө бослого гарсан талаар уншсан уу?
Жон: -Болоод өнгөрсөн хойно нь мэдсэн.
-Дараачийн өдөр нь Гласговын нэг сонин дээр та нарыг тэднийг бослогод уриалсан гэж бичсэн байна лээ.
Ринго: -Яаж тэгж гүжирдэж чадаж байна аа. Энэ бол ёстой гүжир үг байна.
Жорж: -Хөгийн новшнууд.Пол: -Гласгов яг л Бельфаст шиг. Хүмүүс нь юуны ч төлөө хамаагүй сөргөлдөж, бослого гаргаж байдаг. Тэдэнд ер нь шалтаг хэрэгтэй байдаг юм уу даа, мэдэхгүй.
-Үүнтэй холбож асуухад дэлхийн том гүрнүүдийн нөхцөл байдал дахиад хурцдаж эхэллээ. Та нар дахин дайн болно гэж итгэдэг үү?
Жорж: -Болно ш дээ. Энэ баасан гаригт.Ринго: -Бид хангалттай хэмжээний мөнгө олтол тийм юм болох ёсгүй (инээв).
Жон: -Дайн болохдоо тулбал бидэнтэй бидэнгүй эхэлнэ. Бидний бэлтгэлтэй байх, тэр тухай бодох, эсвэл эсэргүүцэх ямар ч хамаагүй. Гласговт болсонтой яг л ижилхэн зарчимтай байдаг юм.Пол: -Хэрвээ дайн гарвал би Ливерпулд, ядаж Лондонд байх юмсан гэж хүсэж байна.
-За энэ сэдвийг орхиё. Та нар Хатан Хаан Элизабетатай уулзаж үзсэн үү?
Жон: -Үгүй. Тэр бидэнтэй уулзаагүй цорын ганц хүн болоо шив. Бусадтай нь уулзсан.
-Тэгвэл Уинстон Черчиллтэй?
Ринго: -Үгүй.Жон: -Дашрамд хэлэхэд тэр догь эр шүү.
-Алдартнуудаас уулзах юмсан гэж хүсдэг хүн байна уу?
Пол: -Одоо боломжгүй л дээ. Уг нь Адольф Гитлертэй уулзмаар байдаг юм.
-Та нар сүсэгтэй юү. Сүмд очдог уу?
Жон: -Үгүй.
Жорж: -Үгүй.
Пол: -Үгүй. Гэхдээ бид атэйст биш. Бид бурхан байдагт итгэдэггүй л болохоос шашинд сүсэгтэй. Энэ бол атэйстээс огт өөр ойлголт.
Жон: -Хэрэв чи бурханд итгэдэггүй гэж хэлбэл, хүмүүс бүгд чамайг шууд л шашины эсрэг гэж ойлгодог. Гэвч энэ буруу. Бид атэйстээс илүү агностик хүмүүс.-
Жон чи энийг хамтлагийнхаа өмнөөс хэлж байна уу, эсвэл хувийн бодол чинь уу?
Жон: -Хамтлагийнхаа өмнөөс.
Жорж: -Жон манай хамтлагийн шашны хэрэг хариуцдаг хүн л дээ.-Та нар ижил хүйстнүүдийн талаар ямар бодолтой явдаг вэ?
Жорж: -Өө, бид бүгдээрээ ижил хүйстэн.
Ринго: -Тийм шүү, тийм.
Пол: -Гэхдээ хүмүүст битгий хэлээрэй.
-Яриа сунжраад, та нарыг залхааж байна уу?
Пол: -Үгүй. Харин нэмж уух юм авъя. Виски, эсвэл Кола?
Жон: -Би шоколад идмээр байна.
Жорж: -Пол бид хоёрт виски, Битлзийн өсвөр насны хүү, бяцхан Жонд шоколад захиалчих.
Жон: -Виски бөөрөнд муу гэж мэдэхгүй л байна даа, та нар.
-Рокнн ролл хөгжим яагаад Америкаас илүү Англид дэлгэрч, феноменон болж байгаад сэтгэгдлээ хэлээч?
Жон: -Англид илүү нэртэй гэж үү дээ?
Пол: -Тийм ш дээ. Англид рокнн ролл хамтлаг хэдэн зуугаараа байхад энд тоотой хэд л байдаг. Харин яагаадыг даанч мэдэхгүй юм даа.
|