эрүүл мэнд
Кофе таны эрүүл мэндэд
Кофе нь кофеин болон олон төрлийн идэвхтэй бодисуудыг агуулдаг ч
никотиний хүчил нэртэй ганц л амин дэм бүхий тэжээлийн бодисын хувьд ач
холбогдолтой юм. Кофеиний үрийг хуурах үед никотины хүчил үүсдэг. Нэг
аяга кофе нь 1мг хэртэй энэ витаминыг агуулдаг. Гэхдээ хүний никотиний
хүчлийн өдрийн хэрэгцээг дан ганц кофегоор хангана гэвэл өдөр 15 аяга
кофе уух хэрэгтэй болно гэсэн үг.
Кофе их уух нь зүрхний өвчний нэг шалтгаан болдогийг эрдэмтэд нотолсон
нь бий. Өдөрт зургаа ба түүнээс олон аяга кофе уудаг хүмүүс зүрхний
өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдгийг олон тооны судалгаа харуулсан
байдаг. Гэхдээ энэ сөрөг нөлөө нь кофенд агуулагддаг кофеинтэй холбоотой
юм. Нунтаг кофе дотуур уур гүйлгэх, ус хийгээд буцалгах зэрэг аргаар
кофе бэлдэх үед цусан дахь холестериний хэмжээг нэмж, улмаар зүрхний
өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг кофестро, кофеол гэсэн хоёр бодисыг
ялгаруулдаг. Эдгээр нь кофений үрэнд агуулагдаж байдаг ч уусдаг кофе
бэлдэх явцад кофег цаасаар шүүх, кофе буцалгагчид кофе бэлдэх үед
зайлуулагддаг байна.
Кофеингүйжүүлэх аргууд:
Кофег кофеингүй болгохын тулд химийн олон төрлийн бодисыг урвалд
оруулдаг. Тэгэхээр кофеингүй кофе уух дуртай хүмүүс тэдгээр химийн
бодисын нөлөөлөлд өртдөг. Жишээлэхэд, кофений кофеинийг ялгаруулан
салгах нөлөөтэй хоёр бодис нь хорт хавдар үүсэх нөлөө үзүүлдэг болохыг
судлаачид тогтоосон байдаг. Тэгэхээр кофеингүй кофе уухыг хүсч байгаа
хүмүүс кофег усанд уусгах замаар кофеинээс ангиржуулах аргыг хэрэглэсэн
нь дээр болов уу.
Үүнээс гадна өдөрт 2-3 аяга кофе уудаг эмэгтэйчүүдийн дунд цэвэршсний
дараа, нас ахихын хэрээр яс сийрэгжих өвчин үүсэх магадлал өндөр болохыг
судалгаа харуулсныг санаж байхад илүүдэхгүй л болов уу. Ямартаа ч
шинжлэх ухаан кофеин нь шээс хөөх үйлчилгээтэй болохыг нотлоод багагүй
хугацаа өнгөрч байна. Кофе шээс хөөх үйлчилгээтэй болохоор кальцийн
гадашлуулалтыг хурдасгадаг. Иймд их хэмжээгээр кофе ууж байгаа хүн яс
сийрэгжих, хэврэг болох эмгэг тусах эрсдэл өндөртэй болж ирнэ.
Кофенд агуулагддаг бодис нь мөн чанартаа туулга, гэдэсний гүрвэлзэх
хөдөлгөөнийг нэмэгдүүлэх үйлчилгээгүй ч кофе уухад тодорхой хэмжээгээр
ийм нөлөө үзүүлдэг. Гэхдээ кофенд агуулагддаг 300 гаруй нэр төрлийн
органик бодисуудаас яг аль нь ийм нөлөө үзүүлээд байдгийг одоо хүртэл
тогтоож чадаагүй байдаг.
Кофений хэрэглээ нь нойр булчирхайн өмөн гэх мэт хорт хавдар үүсэх
эрсдлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэсэн таамаг байдаг ч батлагдаагүй.
Харин кофений хэрэглээ нь бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөө
үзүүлдэг гэдгийг судалгаагаар баталсан байдаг юм.
Даралт өндөртэй, зүрх, бөөрний эмгэгтэй хүмүүс кофег хэрэглээнээсээ бүрэн хассан нь хамгийн зохистой гэдэг.
Хүүхдийн хэрэглээ:
Сэргээх үйлчилгээтэй эм гэдэг утгаар нь кофег 2-оос дээш насны хүүхдэд аяганы ¼ илүүгүй тунгаар өгч болно.
Үүнээс их хэмжээгээр кофе уух үед хүүхэд эхлээд хэт сэрэлд автан
нойргүйдүүлдэг. Улмаар ингэж хэт сэрэлд автсан мэдрэлийн эсүүд туйлдан
ядарснаар хүүхэд нойрмог, хурдан ядардаг болно. Кофеин нь амьсгалах тоог
нэмэгдүүлдгээс гадна, зүрхний цохилтын тоог олшруулах замаар зүрхэнд
ирэх ачааллыг ихэсгэж, шээс ялгаруулалтыг ихэсгэх замаар бөөрөнд ирэх
ачааллыг нэмэгдүүлэхээс гадна ходоодны шүүс ялгаруулалтыг ихэсгэн нойр
булчирхайн ачааллыг нэмдэг. Үр дүнд нь өсч торниж яваа хүүхдийн бие
махбодь байвал зохих хэмжээнээс илүү өндөр ачаалалтай ажиллаж эхэлдэг нь
яав ч сайн нөлөө үзүүлэхгүй нь ойлгомжтой.
Ингээд ч зогсохгүй кофе нь богино хугацаанд дадал, хамаарал үүсгэдэг.
Өөрөөр хэлбэл нэгэн төрлийн дон болдог. Тэгэхээр кофенд дадчихсан,
хамааралтай, сурчихсан хүүхэд кофе уухгүй л бол цуцамтгай, сулбагар
явдаг болно. Ийм хүүхдийг кофеноос хараат байдлаас салгахын тулд оронд
нь сүүтэй какао буцалгаж өгдөг. Дашрамд сонирхуулахад какаонд
агуулагддаг магни ядаргаа тайлж, мэдрэлийн цуцалтыг арилган, кальцийн
шингэлтийг сайжруулдаг. Ингэхдээ кофе, эсвэл сүүтэй какао уухдаа аль
болох бага чихэр хийж байгаарай.
Кофеины нөлөө:
Зөөлөн сэргээгч, өдөөгч. Өөрөөр хэлбэл хэтрүүлэлгүй хэрэглэвэл тархины үйл ажиллагааг сайжруулж чаддаг.
Гэхдээ кофеин нь дасал үүсгэдэг бодис. Тэгвэл таны хэрэглээ хэтрээд байгааг яаж мэдэж болох вэ?
Үүнд: зүрх, гар салгалах, хөлрөх, зүрхний лугшилтын тоо эрс
нэмэгдэх,толгой таллаж өвдөх шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ нэгэнт дасал
болсон үед кофений хэрэглээг эрс зогсоох хэрэггүй. Учир нь эрс зогсоосны
дараагаар толгой өвдөх, уцаарлан бухимдах зэрэг шинж тэмдэг илүүтэй
илэрдэг.
Үүнээс гадна хүүхдийн ундаа, чихэр, шоколад зэрэгт агуулагдсан кофеин нь
нойргүйдэл үүсгэдэг гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй болов уу. Жишээ нь
унтахынхаа өмнө 1-2 аяга кола уувал нойр нь сэргэнэ