Маш нууц::
Номер нэг устгалт
New Yorker сэтгүүл бин Ладеныг устгах ажиллагааны нарийн ширийн
зүйлийг өгүүлжээ. 2011 оны тавдугаар сард Америкийн тусгайгийнхан
нэгэн нууц ажиллагаа явуулсан бөгөөд энэ үеэр Пакистан улсад
"Аль-Каеда” бүлэглэлийн удирдагч Осама бин Ладен устгагдсан билээ. New
Yorker сэтгүүл энэ ажиллагааны талаар наймдугаар сарын дугаартаа
"Тэр шөнө Абботтабад хотод юу болсон бэ?” гэсэн гарчиг бүхий
дэлгэрэнгүй материал нийтэлсэн бөгөөд тэрхүү тусгай ажиллагааг
бэлтгэж зохион байгуулсан, явуулсан хүмүүстэй хийсэн ярилцлагадаа
үндэслэсэн байна.
* * *
Тавдугаар
сарын нэгний шөнийн 12 цагийн үед Афганистан улсын зүүн хэсэгт байрлах
Жалалабад хотын нисэх онгоцны буудлаас агаарт хоёр ширхэг МН-60 Black
Hawk нисдэг тэрэг хөөрсөн бөгөөд тэд Осама бин Ладеныг устгах нууц
даалгаврыг гүйцэтгэхээр Пакистаны зүг чиглэн нисчээ. Нисдэг тэргэн
дотор албан ёсоор DEVGRU хэмээн нэрлэгддэг "далайн мигуй” нарын
Зургаадугаар отрядын байлдагчид болох тусгайгийн 23 байлдагч нисч
явав. Дээрх байгууллага нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Байлдааны
үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай аргачлал болон
хэрэгслийг боловсруулах бүлэглэл билээ. Тэдэнтэй хамт уг даалгаврыг
биелүүлэхээр америк гаралтай пакистан орчуулагч (түүнийг Ахмед гэж
нэрлэе) болон Каир хочтой бельги овчарка нохой нисч байлаа. Тэр шөнө
саргүй шөнө байсан тул шөнийн дуран харааны хэрэгсэл зүүсэн нь
нисгэгчид гэрлээ асаалгүйгээр нисдэг тэрэгнүүдээ Пакистаны хил дээрх
уулс руу чиглүүлжээ. Радио холбоог бараг ашиглаагүй бөгөөд нисдэг
тэрэгнүүдийн дотор нам гүм байдал ноёрхож байлаа.
Арван таван
минутын дараа хоёр нисдэг тэрэг уулсын дундах хавцал руу шунгаж орсон
бөгөөд Пакистан улсын агаарын хилийг мэдэгдэлгүйгээр зөрчсөн аж. Сүүлийн
60 жилийн туршид энэ улсын цэргийнхэн зүүн хөрш болох Энэтхэг улстай
хиллэдэг газраа илүү анхааралтай хянаж байгаа билээ. Тийм учраас
Пакистаны армийн шинжээчийн өгүүлснээр агаарын цохилтоос эсэргүүцэн
хамгаалах үндсэн хүч нь зүүн хил дагуу төвлөрсөн гэнэ. Үүнийг ч
Пакистаны өндөр албан тушаалтны хэд хэдэн хүн болон цэргийнхэн хүлээн
зөвшөөрсөн бөгөөд тус улсын цэргийн удирдлагаас нэг л хүн үүнтэй санал
нэгдсэнгүй. Түүний хэлснээр бол огт мэдэгдэлгүйгээр хилийг зөрчинө
гэдэг нь боломжгүй зүйл аж. Пакистаны радарууд чухам хаана байрлаж,
хаашаагаа чиглэгдсэн байдгийг энэ хүн хэлэхээс татгалзжээ. "Радарууд
хаана байдаг, хаана байдаггүй вэ? гэдэгт хэргийн гол нь оршихгүй”
гэж пакистан эр онцлов. Түүний бодлоор бол америкчууд тус улсын нутаг
дэвсгэрт амжилттай нэвтэрсэн явдал нь АНУ-ын технологийн давуу байдлын
үр дүн болсон аж. Үнэн хэрэг дээрээ АНУ-ын тусгай зориулалтын 160
дугаар агаарын нисэх хорооны нисгэгчдийн жолоодож явсан нисдэг тэрэгнүүд
Black Hawk загварын сайжруулсан хувилбарууд байсан юм. Тэдгээрийн
бүтцэд өөрчлөлтүүд хийснээр ялгарах дулаан болон дуу чимээг
мэдэгдэхүйц багасгасан бөгөөд ингэснээр уг тэрэгнүүдийг
харагдуулахгүй болгож чаджээ. Хоёр нисдэг тэрэг шовх өнцөгт хэлбэртэй
байсан бөгөөд онцгой радио шингээгч бодисоор бүрхэгдсэн байв.
"Далайн
мигуй”-нуудын очих ёстой газар нь хилээс 190 километрийн зайд
Пакистаны нийслэл Исламабад хотоос хойд хэсэгт байрлах Абботтабад
нэртэй жижиг хот байсан юм. Зун нь энэ хотод Өмнөдөөс халууны
улирлаас дайжсан олон тооны гэр бүл ирж суурьшдаг аж. Тус хотыг 1853
онд Британийн цэргийн хошууч Жеймс Аббот үндэслэн байгуулжээ. Хожим
1947 онд Пакистаны засаг захиргаа тус хотод нэр хүндтэй Цэргийн
академийг байгуулсан гэдэг. Тагнуулын төв газрын мэдээлснээр бол бин
Ладены гуравдугаар давхарт нь нуугдаж байсан тэрхүү байшин энэ
сургуулиас нэг километр орчим зайд байрлаж байжээ. Уг барилга
Билал-Таун гэдэг дундаж орлоготой гэр бүлүүд оршин суудаг дүүргийн
Какул зам дагуу дөрвөн га гаруй хэмжээтэй цогцолбор газар дээр байршиж
байжээ. Төлөвлөгөө ёсоор тусгайгийн байлдагчид нисдэг тэрэгнээсээ
тэрхүү хэрмэн хашаа бүхий цогцолборын дотор бууж бин Ладены хамгаалалтыг
үгүй хийгээд түүнийг өөрийг нь буудаж устгаад, цогцсыг нь Афганистан
улсад авч очих үүрэгтэй байсан юм.
Нисдэг тэрэгнүүд Пакистаны
долоон овог аймгийн нэг Момандын дээгүүр нисч өнгөрөөд Пешавар хотын
хойгуур ороогоод зүүн зүгт нисчээ. DEVGRU байгууллагын улаан эскадрилийн
дарга (түүнийг Жеймс гэж нэрлэе) нисдэг тэрэгний шалан дээр бусад
арван дайчныхаа дунд Ахмед, Каир нарын дэргэд сууж байв. (Тусгай
ажиллагаанд оролцогсдын нэрсийг өөрчилсөн болно). Гучин настай Жеймс
бусдаасаа нэлээн ялгарч байлаа. Өргөн цээжтэй тэрбээр зээрэнцэг
шидэлтийн тамирчинг санагдуулах аж. Тэр шөнө тэрбээр дүрэмт хувцас
өмссөн байв. Жеймс өөртөө дуу намсгагч бүхий SIG-Sauer P226 загварын
гар бууг сонгож авсан бөгөөд нэмэлт дайз, усны нөөц бүхий CamelBak
үүргэвч үүрсэн байлаа. Гартаа тэрбээр богино гол түмэр бүхий дуу
намсгагчтай М4 автомат буу барьсан агаад бусад дайчид нь
Heckler&Koch MP7 загварын гар буу-пулеметыг илүүд үзжээ. Жеймсийн
бүсэнд эмийн сан бэхлэгдсэн байлаа. Түүний нэг халаасанд бин Ладены
орогнож буй барилгын нарийвч зураг байсан бөгөөд нөгөөд нь тэрхүү
байшинд байж болзошгүй хүмүүсийн гэрэл зураг болон аман зураг бүхий
хавтас байсан юм. Дарга толгойдоо чимээ үл нэвтрүүлэх чихэвчийг
зүүсэн бөгөөд түүнд гагцхүү өөрийнх нь зүрхний цохилт л сонсогдож
байлаа.
Нислэг нэг цаг хагасын хугацаанд үргэлжилсэн бөгөөд Жеймс
байлдагчдынхаа хамтаар явуулах ажиллагааныхаа төлөвлөгөөг бодож явав.
2001 оноос хойш тэд Афганистан, Ирак, Йемен, Африкийн халуун цэгүүдэд
очиж үүргээ гүйцэтгэж байжээ. Тэдний дор хаяж гурав нь 2009 оны
дөрөвдүгээр сард Сомали улсын эрэг орчимд явуулсан нууц ажиллагаанд
оролцож байсан аж. Тэгэхэд "Маерск Алабама” хөлөг онгоцны ахмад Ричард
Филлипс чөлөөлөгдсөн бөгөөд гурван далайн дээрэмчнийг устгасан
билээ. 2010 оны аравдугаар сард DEVGRU отряд Афганистаны зүүн хэсэгт
ажиллаж байсан Шотландын хүмүүнлэгийн байгууллагын ажилтан бүсгүй
Линда Норгроувыг суллахыг оролдсон юм. Түүнийг талибуд хулгайлсан
байна. Дайралтын үеэр дайчдын нэг нь алан хядагчид руу тэсрэх бөмбөг
шидсэн бөгөөд харамсалтай нь тэнд Норгроув бүсгүй байсныг мэдээгүй
гэдэг. Дэлбэрэлтийн улмаас энэ эмэгтэй нас баржээ. Энэ болчимгүй
алдаагаа тусгайгийн дайчид дараа нь удтал мартаж чадаагүй аж. Эцэстээ
тэдний гурав нь албанаасаа чөлөөлөгдсөн юм.
Дайчид Пакистанд ч
үүрэг гүйцэтгэж байв. Тусгайгийн нэг байлдагчийн өгүүлснээр бол "Далайн
мигуй” нар энэ улсад 10-12 ажиллагаа явуулжээ. Эдгээрийн дийлэнхийг
Умард болон Өмнөд Вазиристанд явуулсан гэдэг. Тагнуулын мэдээгээр бол
тэнд бин Ладен болон "Аль-Каеда”-гийн бусад гишүүд орогнож байв. Гэхдээ
дайчид Пакистаны нутагт ийм гүн нэвтэрч байгаагүй гэнэ. Харин энэ удаад
бин Ладенд өгсөн нууц нэр болох "Коленвал”-ыг устгах ээлжит оролдлого
2001 оны өвлөөс хойш явуулж буй хамгийн том ажиллагаа болох учиртай
байв. Тэгэхэд дэлхийн номер нэг алан хядагчийг Афганистаны Тора-Бора
хэмээх зүүн бүс нутагт баривчлахыг оролдсон хэдий ч тэрбээр зугтаж
чадсан билээ. Тэр цагаас хойш бин Ладены мөрөөр орох гэсэн бүхий л
оролдлогууд бүтэл муутай байсан юм. Тэрбээр яаж яваад Абботтабад
хотод оччихсон нь тодорхойгүй хэвээр байгаа аж.
Хоёр нисдэг
тэргийг хөөрснөөс хойш 45 минутын дараа мөн дээрх нисэх онгоцны
буудлаас МН47 Chinook загварын дөрвөн нисдэг тэрэг хөөрчээ. Тэдгээрийн
хоёр нь хилийг зөрчилгүй наана нь газарджээ. Нөгөө хоёр нь Пакистаны
агаарын хилийг нэвтэрч цааш нисэв. Тэдгээрийг илгээх шийдвэрийг
эцсийн мөчид Ерөнхийлөгч Барак Обамагийн шаардлагаар гаргав. Төрийн
тэргүүн дайчдаа Пакистанаас амьд мэнд буцаж ирэх ёстой гэж үзэн давхар
даатгал хийхээр шийдсэн байна. Хил дээр үлдсэн хоёр нисдэг тэргэн дотор
Афганистанд байрлаж буй хороонд хамаарагдах DEVGRU-гийн 25 байлдагч
сууж байлаа. Тэд хэрэг явдал бишидвэл тулаанд ороход бэлэн байсан юм.
Харин хил давж ниссэн нисдэг тэрэгнүүд бүхээгтээ хурдан шүршигч М134
Minigun пулеметыг тээвэрлэж явжээ. Эхлээд тэд Black Hawk нисдэг
тэрэгнүүдийн ниссэн чиглэлээр явж байгаад чиглэлээ өөрчлөн Пакистаны
баруун умард хэсэгт байх эзгүй цөлд буулт хийсэн аж. Хамгийн ойр байх
суурин тэднээс нэг километрийн цаана байжээ. Буулт хийгээд нисгэгчид
хөдөлгүүрээ унтраагаагүй гэнэ. Дотор нь байсан дайчид Пакистаны нисдэг
тэрэг юм уу сөнөөгч онгоцнуудыг ирж магадгүй хэмээн хүлээж байлаа. Нэг
нисдэг тэргэн дотор нь шаардлагатай тохиолдолд хэрэглэгдэх түлшний
нэмэлт савыг байршуулсан аж.
Тэр хойгуур эхний хоёр нисдэг тэрэг
хотын хойно байх уулсын цаагуур орж хүрэх цэгтээ дөхөж байсан гэнэ.
Дараагийн дөрвөн минутын туршид нисдэг тэрэгнүүд дотор зөвхөн зэвсгээ
сумлан бэлэн болгож буй дуу чимээ сонсдож байв. Хаалга нь онгорхой эхний
нисдэг тэрэгний үүдэнд бүлгийн ахлах ахлагч Марк өвдөглөн суусан
байлаа. Бээлий болон шөнийн дуран харааны хэрэгслээ өмсөөд тэр болон
түүний 11 дайчин доош буух дохиог хүлээн догдолж суусан аж. Гэвч
байшингийн дээр тогтолт хийн доош болохдоо нисгэгч нисдэг тэргийг
хажуу тийш нь хазайх болсныг мэдэрчээ. Осолд орох нь гарцаагүй болов.
2008
онд тэр үед сенатын гишүүн байсан Обама Ерөнхийлөгчийн сонгууль
болохоос нэг сарын өмнө Нэшвил мужийн Бельмонтын их сургуульд болсон
халз мэтгэлцээний үеэр өрсөлдөгч Жон Маккейнтэйгээ ширүүхэн үзэлцсэн
гэдэг. Тэгэхэд танхимд байсан нэг сонгогч Обамагаас "Та Пакистанд
нуугдаж байгаа алан хядагчдыг устгахын тулд тус улс руу нэвтрэх тушаал
өгч чадах уу?” хэмээн асуусан аж. Үүний хариуд сенатч эр "Бид Осама бин
Ладеныг тэнд байгааг мэдтэл Пакистаны Засгийн газар түүнтэй холбогдохыг
хүсэхгүй байвал бид бие даан шийдвэр гарган өөрсдөө түүнийг үгүй хийх
болно. Бид бин Ладеныг алах болно. Бид "Аль-Каеда”-г буулгаж авна. Энэ
нь манай аюулгүй байдлын бодлогын нэг үндсэн чиглэл болох ёстой”
хэмээн хариулжээ. Харин Обамаг гадаад бодлогын асуудал дээр гэнэн
хоомгой ханддаг хэмээн буруутгаж байсан нэр дэвшигч Маккейн түүний энэ
амлалтыг тэнэг зүйл гэж хэлээд "Би өөрийн бодол санаагаа хэзээ ч
дэлгэхгүй байсан” гэжээ.
Обамаг Ерөнхийлөгчийн албан тушаалд
сууснаас хойш дөрвөн сарын дараа ТТГ-ын захирал Леон Панетта түүнд бин
Ладеныг эрж хайх ажилд зориулан хэрэгжүүлж буй өөрийн байгууллагын
сүүлийн үеийн хөтөлбөрт ажлуудын талаар илтгэжээ. Гэвч тэдгээр нь
Обамагийн сэтгэлд хүрсэнгүй. 2009 оны зургаадугаар сард тэрбээр
Панеттад "Аль-Каеда”-гийн удирдагчийг эрж хайх ажиллагааны нарийвчилсан
төлөвлөгөөг боловсруулахыг үүрэг болгожээ. Энэ төлөвлөгөөг
боловсруулж ажил хэрэг болгоход Ерөнхийлөгч бүх хүчин чармайлтаа
гаргахыг тушаасан аж. Түүнээс гадна Ерөнхийлөгч Обама нисгэгчгүй
нисэх онгоцыг ашиглах тухай ТТГ-ын нууц хөтөлбөрийг чангатгаж өгсөн
тул нэг жилийн дотор л Пакистан улсад пуужингийн цохилтыг олноор өгсөн
байна. Алан хядагчид ч ихээхэн хохирол хүлээж буйгаа ойлгов. Мөн оны
долоодугаар сард мэдээллийн СBS агентлаг "Аль-Каеда” байгууллагын
гаргасан мэдэгдлийг дамжуулсан юм. Тэрхүү мэдэгдэлд тус байгууллага
эрэлхэг дайчдаа алдаад зогсохгүй олон тооны нууц агуулахуудаа
газартай тэгшлүүлсэн талаараа харамсан буйг өгүүлжээ. Мөн тэрхүү
баримт бичигт алан хядагчид өөрийн газар нутаг дээр царцаа адил
олширсон туршуулуудын идэвхтэй үйл ажиллагаанаас болж хүнд байдалд
ороод байгаа талаараа дурдав. Гэсэн хэдий ч тэр үед бин Ладены мөрөөр
орж чадаагүй билээ.
Үргэлжлэл 2010 оны наймдугаар сард Панетта
Цагаан ордонд сайн мэдээтэй эргэн иржээ. ТТГ-ын шинжээчид бин Ладены
зарлага болох нэгэн хүнийг олж тогтоосон байна. 30 гаруй настай энэ
эрийг Абу Ахмед аль-Кувейти гэдэг байв. Тэрбээр нөөц дугуйн дээрээ
цагаан хирсний зураг наасан бөгөөд цагаан өнгийн жийп машин хөлөглөж
явдаг байв. ТТГ-ынхан түүний араас мөрдөх болжээ. Нэг удаа тагнуулын
хиймэл дагуул түүний унасан машиныг Абботтабад хот дахь бетонон
барилгуудын цогцолбор бүхий хашаа руу орж явахыг нь дүрсжүүлэн авчээ.
Аль Кувейтиг тэнд амьдардгийг мэдээд туршуулууд ажиглалтаа өндөржүүлсэн
байна. Гурван давхар байшин, зочны байр, албан барилгуудаас бүрдэх
цогцолборыг нисгэгчгүй тагнуулын нисэх онгоцууд ажиглалтандаа байлгах
болов. Тэнд амьдардаг хүмүүс хогоо гаргаж асгахын оронд шууд хашаан
дотроо шатаадаг болохыг тагнуулынхан тогтоожээ. Түүнчлэн байшин дотор
утас болон интернэтийн аль нь ч байхгүйг мэдэж авчээ. Аль- Кувейти болон
түүний дүү үе үе гадагш гардаг байсан хэдий ч гуравдугаар давхарт
амьдардаг өөр нэг хүн хэзээ ч гадагш гардаггүй байлаа. Тэр хүн хааяахан
гарахдаа хашаан дотроо холхидог байв. Иймд шинжээчид үл мэдэгдэх тэр
хүнийг бин Ладен хэмээн таамаглах болжээ. ТТГ-ынхан түүнд нууц нэр
хайрлахаа ч мартсангүй.
Ерөнхийлөгч Обама энэ мэдээг сонсоод
баярласан хэдий ч ямар нэгэн ажиллагаа яаран сандран явуулахыг
хүссэнгүй. Ерөнхийлөгчийн терроризмтай тэмцэх асуудлыг хариуцсан зөвлөх
Жон Бреннаны өгүүлснээр бол үүний оронд түүний нөхөд уг мэдээллийг
сайтар шалгах ажлыг эхлүүлжээ. Ингэснээр тэд уг цогцолборт бин Ладен
байгаа гэсэн мэдээллийг үгүйсгэхийг оролдсон байна. Төдөлгүй ТТГ-ынхан ч
мэдээлэл цуглуулах ажиллагаанд идэвхийлэн оролцов. Тус газар Абботтабад
хот руу нэгэн эмчийг илгээсэн бөгөөд тэр хүн вакцинжуулалт хийх
нэрийдлээр бин Ладены хүүхдүүдээс ДНК-гийн шинжилгээ авах учиртай байсан
юм. Гэвч цогцолборт байсан хүмүүс элдэв тарилга хийлгэхээс татгалзжээ.
2010 оны сүүлээр Обама Панеттад уг цогцолборт явуулах тусгай ажиллагааны
төлөвлөгөөг боловсруулахыг үүрэг болгосон бөгөөд ТТГ-ын тэргүүн ч
тусгай ажиллагаа явуулах нэгдсэн командлалын удирдагч вице-адмирал Билл
Макрейвентэй холбогдсон аж. Энэхүү тусгай ажиллагааг явуулахад гол
үүргийг уламжлал ёсоор АНУ-ын цэргийн хүчин гүйцэтгэх учиртай байв. Гэвч
сүүлийн үед "Далайн мигуй”-нууд иймэрхүү ажиллагаанд илүүтэйгээр
оролцох болжээ. Уг ажиллагааг явуулах үед Макрейвены даргаар адмирал
Эрик Олсон ажиллаж байсан бөгөөд тэрбээр өмнө нь DEVGRU байгууллагын
даргын албан тушаалыг хашиж байсан юм. 2011 оны нэгдүгээр сард Макрейвен
цагтаа DEVGRU байгууллагын орлогч даргаар ажиллаж байсан Брайан гэгчээс
уг ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахыг хүсчээ. Үүнээс нэг сарын
дараа америк хөл бөмбөгийн тамирчныг санагдуулам биетэй Брайан Виржини
муж улсын Лэнгли хотод байрладаг ТТГ-ын хэвлэх үйлдвэрийн байрны нэг
давхарт албан өрөөнд суух болжээ. Брайан өөрийн өрөөний ханыг Абботтабад
дахь цогцолборын гэрэл зургууд бо¬лон топограф газрын зургуудаар
дүүргэж орхив. Түүнийг өөр арваад нууц ажилтны хамтаар ТТГ-ын Пакистан
болон Афганистаныг хариуцсан терроризмын эсрэг төвийн мэдэлд өгчээ. Үнэн
хэрэг дээрээ бол тэд бие даан ажиллаж байв. Тэд ямар үүрэг хүлээн, юу
хийж байгаагаа чандлан нууцалж байжээ.
Тусгай ажиллагаа
явуулах командлал болон ТТГ-ын хооронд нааштай харилцаа аль Вьетнамын
дайны үеэр бий болжээ. Гэвч энэ байгууллагуудын хоорондын ялгаа
тэдгээрийн ажилтнууд Ирак болон Афганистанд хамтарч даалгавар биелүүлэх
болсноор арилах болсон юм. "Эдгээр хүмүүс хамтдаа өсч дэвжсэн. Манай
тогтолцоонууд нэг нэгэндээ нэвтэрсэн бөгөөд бид нэгдсэн нэг хэлээр
ярьдаг болсон” хэмээн Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалын нэгэн
ажилтан өгүүлжээ.
Үүнийг батлах жишээ хангалттай бий. Ирак болон
Афганистанд үйл ажиллагаа явуулж байсан цэргийн командлагч асан генерал
Дэвид Петрэус удахгүй ТТГ-ыг толгойлох билээ. Мөн ТТГ-ын захирал
Панетта Батлан хамгаалахын сайд болж байх жишээтэй.
Гуравдугаар
сарын 14-нд Обама Цагаан ордоны Шуурхай зөвлөлдөх танхимд үндэсний
аюулгүй байдлын зөвлөхүүдээ дуудан ирүүлж бин Ладеныг устгах талаар
явуулах ажиллагааныхаа хувилбаруудыг авч хэлэлцжээ. Үндсэндээ бол гол
хоёр арга зам дурайж байв. Нэг нь, тусгайгийн дайчдыг илгээн устгах,
нөгөө нь агаараас цохилт өгөх арга байв. Зөвлөхүүдийн зарим нь Пакистаны
цэргийнхэнтэй хамтарч ажиллахыг санал болготол нөгөө хэсэг нь
татгалзсан хариу өгчээ. Обама ч энэ ажиллагааны талаар пакистанчуудад
мэдээлэхгүй байхаар шийдэн ер нь тэдэнтэй ямар нэгэн холбоо тогтоохгүй
байхаар болов. "Пакистанчууд ердөө л хормын дараа ам алдаж орхино гэсэн
болгоомжлол байсан юм” хэмээн Обамагийн ахлах зөвлөхүүдийн нэг ярьжээ.
Зөвлөгөөний эцэст Ерөнхийлөгч дайралтын төлөвлөгөөг боловсруулах ажлаа
үргэлжлүүлэхийг Макрейвенд даалгав.
Брайан ТТГ-ын Төв
байранд DEVGRU-гийн Улаан эскадрилийн дарга Жеймс болон ахлах ахлагч
Марк нарыг урьжээ. Дараагийн хоёр долоо хоногийн хугацаанд тэд бин
Ладены байж болзошгүй байшинд хэрхэн нэвтрэхээ хэлэлцсэн аж. Нэг
хувилбараар бол нисдэг тэрэг шуурхай багийг хотын захад хүргээд
байлдагчид бие даан хот руу нэвтрэх учиртай болов. Гэвч энэ тохиолдолд
шуурхай баг гэрэлд цохих өндөр магадлалтай байсан юм. Түүнээс гадна
зорилтот газраа явганаар очих замдаа байлдагчид их хүч алдах болно. Өөр
нэг хувилбараар бол газар доогуурх хонгилоор уг байшинд нэвтрэх
оролдлого хийх байлаа. Гэхдээ байшин дор нууц хонгил байх магадлал өндөр
байв. Түүгээр бин Ладен зугтах оролдлого хийж магадгүй байв. Гэхдээ энэ
салбарыг хариуцдаг тагнуулынхны өгсөн мэдээллээр бол цогцолборын ойр
орчмын газрын хөрс усаар нэвчсэн болох нь тодорхой байлаа. Иймээс
төлөвлөгөө боловсруулагчид хамгийн зөв арга бол цогцолборын дотор
дайчдыг буулгах явдал юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. "Тусгай ажиллагаа
явуулахад хамгийн гол нь санаандгүй дайрах нь зүйтэй. Тэд гэнэт хаанаас ч
юм нисдэг тэрэг нисч ирээд дээвэр дээр нь десант буулгана гэдэгт
бэлтгэлтэй байгаагүй болов уу” хэмээн тусгайгийн нэг ажилтан өгүүлэв.
Гуравдугаар
сарын 29-нд Макрейвен төлөвлөгөөгөө Обамад танилцуулжээ. Ерөнхийлөгчийн
цэргийн зөвлөхүүдийн үзэл бодол хуваагдсан аж. Тэдний зарим нь уг
төлөвлөгөөг дэмжсэн бол нөгөө хэсэг нь агаараас цохилт өгөх явдлыг
дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэгвэл тагнуулын илүү нарийвчлалтай мэдээлэл
аваагүй тохиолдолд аливаа үйлдэл хийхгүй байхыг зөвлөсөн хүмүүс ч
гарчээ. Десант буулгахын эсрэг байр суурьтай байсан хүмүүсийн нэг бол
Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс байлаа. Тэрбээр 1980 онд болсон үйл
явдлыг сануулав. Тэгэхэд "Дельта” тусгай ангийн дайчид Тегеран хотод
барьцаалагдсан Америкийн иргэдийг суллахыг оролдсон билээ. Харамсалтай
нь тэдний сууж явсан нисдэг тэрэг Ираны цөлд осолд орсон бөгөөд
америкчууд найман хүнээ алдсан билээ. "Тэр үед энэ төлөвлөгөөг мөн л
сайшааж байсан” хэмээн Гейтс анхааруулжээ. Тэрбээр В-2 Spirit бөмбөгдөгч
онгоцнуудыг ашиглан агаарын цохилт өгөхийг уриалж байв. Энэ тохиолдолд
Америкийн цэргийнхэн Пакистаны газар нутагт нэвтрэх шаардлагагүй байсан
юм. Гэтэл энэ ажиллагаанд удирдлагатай 32 бөмбөг шаардлагатай болно
гэдгийг агаарын цэргийн хүчнийхэн тооцоолж гаргажээ. Энэ бөмбөг нэг бүр
нь 900 гаруй килограммын жинтэй билээ. Цэргийнхний тооцоолсноор ийм
хэмжээний тэсрэх бөмбөг есөн метрийн гүнд байгаа нуувчийг сөнөөхөд
шаардлагатай болох байлаа. Гэтэл ийм хэмжээний бөмбөг тэсэрсэн
тохиолдолд газар хөдлөлт болж буй хэмжээний доргилт үүсэх байсан аж.
Үүнээс болж бүхэл бүтэн хот үнс нурам болно гэдгээс болгоомжлоод Обама
завсарлага авчээ. Ингээд Ерөнхийлөгч агаарын цохилт өгөх хувилбараас
татгалзан Макрейвенд дайралт хийх төлөвлөгөөгөө практик дээр туршихыг
тушаав.
Брайан, Жеймс, Марк нар Улаан эскадрилийн "Далайн
мигуй” байлдагчдаас 20 хүнийг сонгож аваад дөрөвдүгээр сарын 10-нд Умард
Каролина муж дахь цэргийн нууц ангид ирэхийг тушаав. Тэнд дайчид дасгал
сургуулилт хийх учиртай байлаа. DEVGRU байгууллага нь нийтдээ дөрвөн
эскадрилиэс бүрддэг бөгөөд тэдгээрийн бие бүрэлдэхүүн ойролцоогоор 300
хүнээс бүтдэг аж. Ингээд ангийн сургуулилтын талбай дээр бин Ладены байж
болзошгүй цогцолборын ижил хувилбарыг барьж байгуулжээ. Дараагийн тав
хоногийг байлдагчид сургуулилт хийхэд зарцуулжээ.
Дөрөвдүгээр
сарын 18-нд энэ отряд Невада муж руу ниссэн бөгөөд тэнд дайчид дахин
нэг долоо хоног бэлтгэл хийжээ. Тэндэхийн газар зүй, байр байдал нь
ажиллагааг явуулах хотынхтой ойролцоо байсан юм. Тэнд байсан хуучин
байшингийн балгас бин Ладены байж болзошгүй байшингийн үүргийг гүйцэтгэж
байлаа. Хоёр нисдэг тэрэгний баг орой болгон нар жаргасны дараа
сургуулилж байсан гэдэг. Маркийн толгойлсон 12 дайчин эхний нисдэг
тэргэнд сууж, бусад 11 дайчин, Ахмед Каир нар нөгөөд нь суух ёстой байв.
Бүрэнхий болонгуут дайчдыг нисдэг тэргээр балгасан дээр хүргэж тэд
нисдэг тэрэгнээс доош олс ашиглан бууж байсан аж. Орчуулагч Ахмед өмнө
нь зөвхөн бичиг цаасны ажил хийдэг байсан тул энэ талаар ямар нэгэн
мэдлэггүй байв. Гэвч тэрбээр олсоор буух дасгалыг төвөггүйхэн сурчээ.
Дайралтын төлөвлөгөөг сайтар сургуулилсан аж.
Үргэлжлэл бий...
Маш нууц сониноос