Мэдээ, мэдээлэл::
Эрчүүдийн 37,5 хувь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэвЗэвсэгт хүчин байгуулагдсаны 93 жилийн
ой, эрчүүдийн баярын өдөр УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачлагаар өнөөдөр
"Эрчүүдийн эрүүл мэнд” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүд, Эрүүл мэндийн яам, зарим төрийн бус
байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн
Л.Эрдэнэчимэг "Сүүлийн үед эрчүүдийн эрүүл мэндийн асуудал анхаарах
түвшинд очсон байна. Хамгийн санаа зовоож байгаа асуудал нь
эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8-9 жилээр бага байгаа
нь өнөөдөр асуудал болгон хөндөхөд хүргэж байна.
Эрэгтэйчүүд тэр дундаа Монголын эрчүүд
эмнэлэгт цөөхөн хандаж, өөрсдийн эрүүл мэндэд санаа тавьдаггүй, аваар
осол, гадны нөлөөтэй осолд илүү өртөх, зүрх судас, хавдар, цус харвалт,
гэмтэл гэсэн өвчлөлүүдээр ихэвчлэн эрэгтэйчүүд өвддөг гээд олон
эмгэнэлтэй тоон үзүүлэлт байна. Тиймээс эрэгтэйчүүд эрүүл мэндийн
асуудлыг хурцаар тавьж, эрүүл мэндийн чиглэлд хөрөнгө төсөвлөх шаардлага
гарч байгаа” гэж саналаа илэрхийллээ.
Монголын 15-64 насны хоёр эрэгтэй хүн
тутмын нэг нь тамхи татдаг, 37,5 хувь нь архи, согтууруулах ундаа
хэтрүүлэн хэрэглэдэг, гурван эрэгтэй тутмын нэг нь жингийн илүүдэлтэй
эсвэл тураалтай байдаг гэсэн судалгаа байдаг аж. Мөн гадны нөлөөтэй буюу
осол аваар, гэмтэл зэргээс нийт эрэгтэйчүүдийн 24,9 хувь нь амь насаа
алдах тохиолдол гардаг бөгөөд зүрх судасны, осол гэмтэл, хавдрын өвчлөл
эрэгтэйчүүдэд ихээр тохиолддог гэх судалгааг Эрүүл мэндийн яамнаас
гаргасан байна.
Эрүүл мэндийн яамнаас 2013 оны
гуравдугаар сарын 18-ны өдрийн "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих”
өдөр болгон зарласан бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа тэмдэглэсэн байна.
Энэ хүрээнд эрэгтэйчүүдэд үнэгүй үзлэг, оношлогоо хийх ажлыг ч
эхлүүлсэн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулсан.
Цаашид эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн
асуудлыг төрийн бодлогоор зохицуулж, санхүүжилт олгох, аймаг, дүүрэгт
бүрт эрэгтэйчүүдийн кабинет байгуулахаар тус яамнаас төлөвлөөд байгаа
аж.
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг
2014, 2015 онуудад хэрэгжүүлэх стратеги боловсруулсан байна. Стратеги
төлөвлөлтийн хүрээнд ирэх 2018 он хүртэл бүхий л хоёрдугаар шатлалын
эмнэлгүүдэд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинет
байгуулж, эрэгтэйчүүдийн эмч нарыг бэлтгэх юм байна.
Мөн хэлэлцүүлгийн үеэр эрэгтэйчүүдийн
эрүүл мэндийн асуудлыг ярихаас гадна, 51/49 харьцаатай жендерийн
харьцааг өөрчилж, эрэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах,
эрэгтэйчүүдийн өвчлөлийн шалтгааныг тогтоож, урьдчилан сэргийлэх зэрэг
олон арга хэмжээг авч хэрэгжүүүлэх, бодлогын түвшинд шийдвэр гаргагчдад
хүргэнэ гэдгээ эмэгтэй гишүүдийн зүгээс онцолсон юм.