"Нууц” /богино өгүүллэг/
Чи эхлээд энгэрийн минь эхний товчийг тайлсан. Гар чинь ямар ч хүчгүй
болчихсон юм шиг чичигнээд, тэр жижигхэн бөөрөнхийг хүртэл нүхнээс нь
гаргаж чадахгүй ямар их удсан гээ? Магадгүй надад л аймшигтай удаж
байгаа юм шиг санагдсан байх.
Чиний өмнө нууцаа дэлгэх гэж яарсандаа биш ээ. Харин, тэр эхний
товчийг л би өрөвдөөд байсан юм. Цэцэгний дэлбээг таслах гээд, таслах
гээд л байх юм бол тэр дэлбээ улам л их тарчилдагтай адилхан санагдаад.
Арай л гэж мултарахад нь миний санаа амарсансан. Дараа нь хоёр дахь
товч...гар чинь харин урьдныхаасаа илүү түрэмгий байсан. Эхний товчийг
нандигнасан шигээ удсангүй. Эхний товч шиг эмзэг, хүрч боломгүй, ариун
санагдаагүй юм байлгүй, гурав дахь, дөрөв дэх, тав дахь товчнуудыг
бушуухан тайлсан. Ээлж дараалан мултрахдаа тэр товчнууд өөрсдийгөө
онцгой зүйл юу ч үгүй гэдгээ мэдэрсэн шиг бүдэгхэн сарны гэрэлд үл ялиг
гэмшингүй гялтганаж байсныг чи анзаараагүй л байх.
Харин зургаа дахь товч, хамгийн сүүлчийн товчин дээр очмогцоо чи
гацчихсан. Яг анхны товчин дээр гацаж байсан шигээ. Тэгэхэд чинь хэдийнэ
задгайрсан цамцны голд сул асгарсан хөх минь түвхэлзээд байхаар нь
санаа зовсондоо амьсгалаа түгжиж билээ. Хамгийн сүүлийн товчны мөлгөр
гадаргууг хурууныхаа өндгөөр илж, имэрч үзэж байхдаа чиний харц миний
цээжин дээгүүр гүйж байгааг би мэдэрч байсан. Тэгж тэгж байснаа чи
сүүлийн товчийг тайлалгүй үлдээгээд гараа авсан. Энгэрийн минь эцсийн
нууцыг амьд үлдээхийг хүсээ юу?
Гэсэн ч гар чинь хүрээгүй байхад 6 дахь товч өөрөө тайлагдсан, өөрөө
өөрийгөө нээж өгсөн. Нүхнээсээ торхийн мултрах чимээнд нь цочоод би
түрүүнээс хойш түгжчихээд байсан амьсгалаа хүртэл сулласан. Тэгчихээд
дараанаас нь түргэн түргэн амьсгалж гарсансан. Нээлттэй цонхоор шагайж
байсан салхинд тэгтлээ даарна гэж бодоогүй байсан намайг хараад өөртөө
түргэхэн гэгч нь наахад зүрхийг минь төөнөж эхэлсэн чиний хав халуун
цээж...хоёр нүцгэн бие наалдахад бидний арьс нэг нэгтэйгээ уусаад ч
байгаа юм шиг тийм гэхийн аргагүй сонин мэдрэмж төрж билээ.
Дараа нь чи толгойг минь хөндийрүүлж байгаад нүүрний минь талыг
хаасан гил хар үсийг хөшиг нээж байгаа аятай хуруугаараа өлгөж чихний
минь ардуур хийгээд "Ингэхээрээ илүү хөөрхөн юм” гэж хэлсэн. Урьд нь өөр
хэн ч үсийг минь хойшлуулахыг оролдож байгаагүй. Тэд намайг хамгийн
гоёмсог нүдээ үсээрээ халхалдаг байсныг мэдээгүй юм. Халхлаастай нүүр,
товчлоостой цамцны минь цаана цацарч байдаг гэрлийг чи л анх олж харах
гэж зориглосон. Хэзээд хэн бүхний нүднээс далдалдаг байсан хамгийн гоо
сайханлаг бүхнээ би чиний өмнө ил гаргасан. Өвдөхөө үл хайхран чамд
үүдээ нээсэн цэцэрлэгт минь үзэсгэлэнт оньсого бүхэн минь байсан. Чи
тийшээ орж, НУУЦЫГ минь тайлсан. Харин цагаан дээр тогтсон байсан улаан
яагаад тийм хүчтэй бас гүн харагдсаныг л би ойлгоогүй.
***
Чи нэг л өдөр явна гэж зүтгэсэн. Ханцуйнаас чинь зуурч чадахгүйгээс
хойш, сэтгэлээс чинь чангаах гэж оролдоод бүтээгүй. Өөр хэн нэг эмэгтэйн
нууцыг тайлахыг хүсээ юу? Үсийг минь хуруугаараа өлгөж сүүлийн удаа
чихний минь араар хийчихээд, хацарт минь алгаа наангаа, нүд рүү минь чи
их удаан ширтсэн. Мартахгүй гэж хичээсэндээ юу, эсвэл нүдэн дотор минь
өөрийн чинь дүр хоргодож байгаа эсэхийг олж харахыг хүссэнийх үү гэдгийг
чинь би мэдээгүй. Энэ ширтэлт миний цээжинд амь тэмцэж байсан бүхэл
бүтэн хорвоогийн хувьд сүүлчийн нар нь байж ч магадгүй гэдгийг л би
мэдэж байсан.
"Яагаад?” гэж би асуусан. "Дутуу орхисон хайр, сэтгэлд илүү тод
үлддэг” гэж чи хариулсан. Урьд нь хаадаг байсан бүхэн минь чиний өмнө
нээлттэй болсон болохоор, надад одоо нээх нууц үлдээгүй гэж чи
эндүүрсэн. Зүрхний хамгийн цаад талын буланд зөвхөн миний л онгойлгож
чадах шинэ нууцыг чи өөрөө надад бий болгож өгснөө мартчихсан байж.
Тийм ээ, чи НУУЦЫГ минь бүтээж өгсөн. Харин сүүлчийн товч мултарсан
тэр шөнөөс хойш миний энгэр өмнөхөөсөө яагаад илүү тод гэрэлтдэг болсныг
л би ойлгоогүй.