богино өгүүллэг
Сүүлчийн навч...
-Ээж ээ аав хаачисан юм бэ? Ээж нь дуугарсангүй. Хүү дахиад л:
-Ээж ээ, аав хаачсан юм бэ? Бүсгүй санаа алдснаа:
-Миний хүү идсэн зайрмагныхаа цаасыг битгий хаяарай
-Яагаад ээж ээ
-Гудамжинд хог хаяхгүй бол хот маань сайхан болно.
-Тэгвэл ээж ээ, энэ моднууд яагаад хог хаяаад байгаа юм бэ?
Бүсгүй дахиад л дуугарсангүй
* * *
Мод бүсгүйд дурлаад уджээ...
Бороо ганц нэг дусалсан тавдугаар сарын нэг өдөр. Шаргал цувтай
бүсгүй дэргэдүүр нь өнгөрөхдөө гэнэт зогтусжээ. Тэгээд булбрай зөөлхөн
хуруугаараа мөчрийг нь барьж үзснээ " Хөөх ямар хөөлхөн юм бэ" гээд
уулга алдан инээмсэглэжээ.
Наран зүг тоссон хүүхдийн гар шиг дөнгөж нахиалж буй навчыг нь хараад бүсгүй догдолсонд мод ч бас ихээр догдолжээ.
Сул тавьсан үс нь урин цагийн салхинд намиран алхах тэр бүсгүйд мод өдөр ирэх тусам дурлаж байлаа.
Өглөө бүр дэргэдүүр нь хүүгээ хөтлөөд алхах тэр түүнд сайхан харагдах
гэж мөчирөө улам сарвайн, навч бүхнээ дэлгэн мод ургасаар...
Гэвч бүсгүй түүнийг анх харсан шиг догдлон илбэсэнгүй, бүр харсан ч үгүй.
Бороо ороход улам өнгө нэмэн, ер бусын сайхан үнэр өөрөөсөө гаргах боловч бүсгүй түүнийг мартсан мэт харахгүй л өнгөрнө.
Дурлалдаа шатсан мод удалгүй шарлаж эхлэв. Анх мөчирийг нь илбэхэд
түүний ядам хуруунд гялалзаж байсан бөгжний өнгөөр навчисаа
алтдав. Харин мод яг одоо хачин их аз жаргалтай байна.
Яагаад гэвэл тэр бүсгүй хүүтэйгээ түүний нөмөрт сандал дээр хацраа улаа бутруулан инээж сууна.
Мод түүнд хичнээн их хайртайгаа мэдрүүлэх гэж ганхаж байгаа навчисаа тасдаж эхлэв,
"Хайртай", "хайргүй", "хайртай" гээд л тасдаад байлаа, Тэр навчис
бүсгүйн өлмийд харин "хайртай", "хайртай", "хайртай" гэсээр унаж байлаа.
Гэнэт тэнгэр бүүдийж, их салхи хөдлөн унаж байгаа навчисыг хаашаа ч юм эргэлдүүлэн хийсгэж эхлэв.
Бүсгүй яаран босож цувныхаа хормойд хүүгийнхээ нүүрийг наагаад гүйн одлоо.
Намрын сүүлчийнх ч байж мэдэх борооны хүйтэн дуслууд тэгтлээ шатсан модны зүрхэн дээр хайр найргүй бөмбөрдөн буулаа.
Хүнд дурласан модны сүүлчийнх нь навч хайртай гээд унахад бүсгүй
хэдийнээ хормойгоо дэрвүүлсээр булан тойрч байлаа. Хөлтэйсэн бол араас
нь гүйн очоод түүнд хичнээн их хайртайгаа хэлэхсэн...
"Хайртай" гээд унасан хамгийн сүүлчийн борооны дусалтай тэр навч
хүүгийн аавын нулимстай нүд шиг бүсгүйн хойноос ширтсээр үлдлээ...