Шинжлэх ухаан::
2012 онд дэлхий төгсөх эсэх тухай таамаглалуудын учир Маяа үндэстний 5125 жилийн урт хугацааны цаг тоолол 2012 оны 12 дугаар
сарын 21-нд дуусах болсонтой холбогдуулан одон орончид, судлаачид 2012
онд тохиох нарны систем, од эрхисийн хөдөлгөөнтэй холбон дэлхийд
тохиолдох янз бүрийн үзэгдлийн тухай харилцан адилгүй таамаглал
дэвшүүлээд удаж байна. Нэг хэсэг нь маяачууд энэ өдөр дэлхий сүйрэх
учир тооллоо дуусгасан гэж байхад нөгөө хэсэг нь энэ үед орчин үеийн
техник хэрэгсэл тэдний олон зууны турш бүтээх хугацааг хоромхон зуур
гүйцэтгэх тул цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй болсныг урьдчилан
харсан гэж үзэцгээж байна. Маяа үндэстэн бол МЭ III зуунаас IХ зуун
хүртэл Төв Америк буюу одоогийн Мексикт төвлөрөн тогтож байсан тухайн
үед аварга том пирамид байгуулахаас эхлээд нар, сар, од эрхисийн
хөдөлгөөнийг нарийн тооцож хүн төрөлхтний түүхэнд одоо хүртэл
бүтээгээгүй олон мянган жилийн цаг тооны бичгийг бий болгосон өндөр
соёл иргэншилд хүрсэн үндэстэнд тооцогдож байв. Маяа үндэстэн үгүй
болсон хэдий ч тэдний угсааны долоон сая гаруй хүн Мексик, Гондруас,
Гватемал, Перу зэрэг оронд амьдарч байна. Одон орны техник хэрэгсэл,
шинжлэх ухаан хөгжөөгүй тэр үед ийм гайхамшигтай урт хугацааны цаг
тооны бичиг бүтээсэн явдал оньсого хэвээр үлдэж орчин үеийн одон
орончид энэ нууцыг тайлахахыг оролдсоор өдий хүрэв. Нийт Маяа
үндэстэн тийм урт хугацааны цаг тооны бичгийг зохиосон нь тухайн үед
асар өндөр соёл иргэншилд хүрсэн үндэстэн байсныг нотолж байгаа юм.
Гэвч тэд яагаад мөхөх болов, юуны учир тооллоо 2012 оны өвлийн туйл
болох өдөр дуусгах болсон талаар элдэв таамаглал, нотолгоо гарч ирсээр
удаж байна.
Эртний маяачуудын Мексикийн Табаскод сийлж
үлдээсэн Тортугуеро дахь он тооллын хөшөө маяа судлаачдын анхаарлыг
маш их татаж байгаа юм. Үүнийг манай эриний 600-800 зууны үед бүтээсэн
хэмээн үзэж байгаа бөгөөд түүн дээр 80 хэсэг сийлсэн хотгор дээр 80
өгүүлбэр, хэллэгийг бичсэний дотор нэлээд нь 2012 онтой холбоотой
гэж судлаачид үзэж байна. Тэд үүнийг сүсэг бишрэлтэй холбон
тайлбарлаад бурхан энэ урт хугацааны тооллын орчлыг төгсгөж
байна гэжээ. Маяачууд 20 жилийн хугацаатай катун гэдэг хуанлитай
байв.
Маяачууд 20 жилийн давтамжтайгаар 400 жилийн мөчлөгөөр
тооцож МЭӨ 3000, МЭ 2000 гаруй жилийн урт хугацааны тооллыг бүтээсний
дотор сүүлчийн 400 жилийг 2012 оны 12 дугаар сарын 21-нд дуусгаж
цаашид үргэлжлүүлэхгүйгээр зогсоожээ. Маяачууд дэлхийн сүйрлийг
урьдчилан зөгнөж хэлээгүй боловч одон орончид, судлаачид урт
хугацааны тооллыг гэнэт дуусгасан явдлыг тэд дэлхийн төгсгөлийг
урьдчилан харсан гэж тайлбарлажээ. Гэвч дэлхийд одон орон судлалаар
тэргүүлэгч АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг 2012 онд дэлхий сүйрэх
асуудлыг шинжлэх ухааны баримтад тулгуурлан няцааж байна. Маяачууд
үлдээсэн нэлээд олон бичээс түүний дотор Паленкийн сүм дэх нэгэн бичигт
манай дэлхийн ирээдүйн амьдрал 7000 жил үргэлжлэх тухай дурджээ.
Болгарын их зөнч Ванга 5079 онд дэлхийн өнөөгийн соёлт амьдрал
төгсөнө гэж зөгнөн хэлж байв.
Гэвч тэд 2012 онд тохиолдох нар, од
эрхисийн хөдөлгөөний тухай янз бүрийн таамаглалуудыг анхааралтай авч
үзэх ёстой гэдэг асуудалтай санал нэг байгаагаа илэрхийлжээ.
Тухайлбал
зарим Маяа судлаач эрдэмтэд Марк Ван Стөүн, Линда Скеле, Дэвид Фрэйд,
АНУ-ын Флоридагийн Үндэсний Түүхийн Музейн Латин Америкийн Урлаг,
Археологийн эрдэм шинжилгээний ажилтан Сузан Милбрат нар Маяагийн
урт хугацааны тоолол дуусаж байгаа нь дэлхий төгсгөл гэж үзэж болохгүй
бөгөөд дахин урт хугацааны тооллын шинэ эрин эхлэх болно гэж нотлов.
Маяачуудын тооллын төгсгөлийн дараа Шинэ Эрин Үе эхэлнэ гэдэг онол бүр
1975 онд гарч ирсэн байна. Мексикийн нууцлаг байдал хэмээх номыг
зохиогчид тухайлбал Франк Уотерз 2012 оноос хүмүүсийн ухамсрын зургаа
дахь мэдрэхүйн шинэ үе эхэлж түүнийг дэлхийн ухамсрын шинэ эрин гэж
үзжээ. Жоси Аргуеллес,Теренс Конвергенс нарын "Бүрэлдмэл зөн ба үл
үзэгдэх ертөнц" номд 1999 оноос од эрхэсийн хөдөлгөөн хүмүүсийн нийгмийн
амьдралд нөлөөлж шинэлэг оюун санаа бүрэлдэн тогтож байгааг дурдав.
Зарим судлаачид 2011 онд нарны соронзон шуурга, Японд болсон газар
хөдлөлтийн гамшиг, бусад байгалийн үзэгдэл хүмүүсийн оюун санаа,
нийгмийн амьдралд нөлөөлж болохыг Арабын ертөнцөд өрнөж буй үйл явцтай
холбон үзжээ. Шинэ эрин үеийн онол нь 2012 оноос хойш хүмүүсийн оюун
санаанд их хувьслыг авчрах бөгөөд Өрнөдийн соёлын үндсэн чиглэл
эргэлзээтэй байдалд орно гэжээ. Энэ үйл явц нь ямар нэг сүйрлийн тухай
ярихаас илүү өөр соёл, нийгэм улс төр, оюун санааны их идэвхжлийн тухай
баталж байна.
1987 онд Аргуеллес үүнээс өөр таамаглал дэвшүүлж
"Маяачуудын хүчин зүйл, технологиос хол зам" хэмээх номдоо 2012 оны 12
дугаар сарын 21-нд дэлхий нь од эрхисийн "Их гэрлийн" дэргэдүүр өнгөрөх
үйл явцыг маяачуудын тооллын төгсгөлтэй холбон тайлбарлав. Чухам энэ
үед тэнгэрийн заадас дээр нарны системийн гариг, одны орд эгнэн
байрласнаар дэлхийн соронзон оронд өөрчлөлт гарч дэлхийд байгалийн
сүйрэлт үзэгдэл болно гэжээ.1990-ээд оны дунд үеэс АНУ-ын одон орон
судлаач эрдэмтэн, маяа судлаач Жон Мэжор Женкинз 2012 оны 12 сарын
21-нд нар болон түүний системийн гаригууд зурхайн ордны нэг төвшинд
эгнэн байрлана гэж нотлоод Аргуеллестай адилхан таамаглал дэвшүүлсэн
байна.
Харин одны орд тэнгэрийн заадаст нэг эгнээнд жагсах явц
26 000 жил тутамд тохиолдох бөгөөд энэ үзэгдэл 2012 онд болно гэж үзээд
маяачууд тооллоо төгсгөсөн гэж Женкинз баталж байна. Тэрээр 2012 оны
өвлийн туйл сарын байрлалыг тэнгэрийн заадаст орохыг зааж байна.
Женкинз 2012 оны 12 сарын 21-нд одны орд тэнгэрийн заадаст нэг эгнээнд
байрлах явдлыг "Цөмийн аюултай" бүс гэж үзжээ. Женкинз ингэснээр
дэлхий тэнгэрийн заадаст байрлах тоосонцортой хар үүл буюу хар нүх
маяачуудын хар зам гэгддэг харанхуй орчинд одны орд байрласнаар
дэлхийн хөдөлгөөн, соронзон оронд өөрчлөлт орно гэж үзэв.
Дэлхийн
радиус 12 760 км, нарны радиус 1,4 сая км байх тул бусад гаригийн
радиусыг харьцуулан харж болно. Бидний одон орны хичээлээр үздэг нарны
аймгийн найман гаригийг орчин үеийн одон орны шинжлэх ухаан 12 болсныг
зургаар харуулсан байна. Нарны зүүн гар талын дөрөв дэх нь манай дэлхий
юм. 450 000 жилийн өмнө бий болсон Нибиру гэдэг дэлхийгээс долоо дахин
том жижиг нар шиг гариг тэнхлэгээ өөрчилж дэлхий рүү ойртож яваа нь
дэлхийн бас нэг сүйрлийн шалтгаан болж магадгүй гэж Женкинз бас
үзжээ.
Бүр 1995 онд энэ таамаглал гарч Нибиру 2003 онд дэлхийтэй
мөргөлдөх буюу ойрхон өнгөрнө гэж зарим одон орончид нотлохыг оролдож
байсан боловч тийм явдал болсонгүй. Гэвч үүнийг бас л 2012 оны 12 сарын
21-нд болно гэж дэлхийн төгсгөлтэй холбон тайлбарласаар байна. Гэвч НАСА
үүнийг үгүйсгэж дэлхий дахин дөрвөн тэрбум жилийн настай бөгөөд үүнийг
маяачуудын тоолол дуусч байгаа явдалтай холбон тайлбарлаж болохгүйг
сануулаад нарны системийн гаригууд тэнгэрийн заадаст эгнэн байрласан ч
гэсэн ямар нэг сүйрэл гарахгүй гэдгийг батлахын зэрэгцээ дэлхийн
соронзон оронд бага зэрэг өөрчлөлт гарч болохыг үгүйсгээгүй байна.
Ялангуяа холбооны хэрэгсэл, интернет, цахилгаан эрчим хүчний
найдвартай байдалд анхаарлаа хандуулахыг сануулжээ. Одоо нүдээр харж
болох Нибиру гариг дэлхийгээс 6 тэрбум км-ийн зайтай өнгөрнө гэж батлав.
Мөн НАСА нарны системийн гариг нэг эгнээнд жагсана гэдгийг батлах буюу
няцаагаагүй боловч тийм үзэгдэл болсон ч гэсэн дэлхий татах хүч,
соронзон оронд өөрчлөлт орж хойд өмнөд туйл эргэх тухай зарим
таамаглалыг няцаагаад ийм явдал хэзээ ч гарах боломгүй зүйл бөгөөд 400
000 жилд болно гэж баталдаг боловч ийм явдал ирээдүйн хэдэн мянган жилд
тохиолдохгүй гэжээ. Харин нарны соронзон шуурга 11 жилийн давтамжтай
болоход байгалийн гамшигт үзэгдэл их гардгийг батлаад ийм идэвхжлийн
эрчимтэй үе 2012-2014 онд болно гэжээ.
Маяачуудын тооллын
төгсгөлтэй холбоотойгоор гарч байгаа элдэв таамаглалуудын дотроос хүн
төрөлхтөнд айдас төрүүлсэн гамшигт үзэгдлүүдэд итгэх явдал давамгалж
байгааг санал асуулгаар тогтоосон байна.Үүнд ОХУ-ын нийслэл Москва
хотоос 60 км газарт 60 000 хүн багтах байгууламж, Швейцарьт элитүүд
хоргодох газар барьж байгаа тухай, Бразилийн Рио Де Жанейро хотын
захирагч хүн амаа энэ болзошгүй гамшгаас хамгаалах тухай уриалга
гаргасан зэрэг олон мэдээ үүнийг баталж байна. Гэвч 2012 оны 12 дугаар
сарын 21-нд маяачуудын тоолол дуусах явдлыг хүн төрөлхтөн урьдын адил
тайвнаар хүлээн авч хамгийн урт шөнө, хамгийн богино өдрийг уламжлал
ёсоор үдэж нар, сарны тоолол цаашид үргэлжилж орчин үеийн одон орон,
сансар судлалын шинжлэх ухаанд итгэж хүлээх үлдэж байна.
Англи хэлнээс орчуулсан С.СЭНГЭЭ www.T1771.Tk