Шинжлэх ухаан:
Нарыг судлах хиймэл дагуул бүтээнэ
Их Британи улс нарыг судлах SolO (Solar Orbiter) гэдэг тойрог замын
аппарат бүтээхээр болжээ. Нарны судалгаа хөтөлбөрийн хүрээнд бүтээж
байгаа уг хиймэл дагуул нь тойрог замд байгаа сансрын бусад апппаратаас
Наранд хамгийн ойрхон очих гэнэ.
SolO хиймэл дагуул нь Нарны гэрэл
зургуудыг авч, янз бүрийн хэмжилт хийх бөгөөд энэ нь уг тэнгэрийн биет
дээрх үзэгдлийг судлахад дөхөм болох ажээ.
2017 онд хөөргөхөөр
төлөвлөж байгаа уг хиймэл дагуулыг бүтээх 300 сая еврогийн өртөгтэй
гэрээг Европын сансрын агентлаг Британийн "Astrium UK" компанитай
байгуулсан байна. Энэ нь Британид сансрын салбар үүсэн бий болсноос
хойшхи хамгийн өртөг өндөртэй төсөл болж байгаа юм.
Тойрог замын шинэ
аппарат Нарны аймгийн гүнд буюу Нарнаас 42 сая км зайд байх юм. Харин
Нарны илчинд тэсвэртэй байлгахын тулд тусгай материалаар бүрэх гэнэ.
"Нарны
маш халуун энерги нь хамгийн ноцтой асуудал юм. Тусгай хамгаалалт үгүй
бол аппарат 500 градус хүртэл халж сүйрэх болно" гэж Astrium UK
компанийн эрдэм шинжилгээний судалгааны салбарын дарга Ральф Корди
ярьжээ.
Аппаратыг хэт халалтаас сэргийлэхийн тулд тус компанийхан
дулаанд тэсвэртэй нягт давхарга ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь
дотоод температурыг өрөөний тасалгааны хэмд барьж электроник болон
бусад тоног төхөөрөмжийг гэмтээхгүй байх гэнэ.
SolO хиймэл дагуул нь
Нар эргэн тойрон дахь орон зайд хэрхэн нөлөөлж байгааг тухайлбал, манай
Нарны аймгийг дүүргэж байдаг цэнэгт эгэл бөөмсийн үүсэл болон тэдгээрийн
урсгалын хурдыг судлах ажээ.
Нарны энэ салхи нь маш хүчтэй байж
магадгүй бөгөөд чиглэл нь Нарны гадаргууны идэвхжилд нөлөөлдөг байна.
Харин цэнэгт эгэл бөөмсийн ийм урсгал Дэлхийн агаар мандалд хүрэх үед
туйлын туяа үүсдэг ажээ.
Нарны аппаратыг 5 гол төхөөрөмжөөр
тоноглоно. Уг аппарат нь мөн нарны туйлд болж байгаа зарим үйл явцыг
судлах бөгөөд Дэлхийгээс ажиглагддагүй үйл явцыг судлах боломжтой болох
юм.
Энэ төслийн гол зорилго нь сансрын цаг агаар астрофизикт яаж илэрдгийг судлах ажээ.
Наран
дээр болж байгаа хүчтэй шуурга нь сансар руу хэдэн тэрбум цэнэгт эгэл
хэсгүүдийг цацдаг бөгөөд энэ нь Дэлхийн цахилгаан соронзон давхаргад
нөлөөлж, цахилгаан дамжуулах шугам болон хиймэл дагуулын үйл ажиллагаанд
саатал гарахад хүргэдэг.
Шинжээчдийн гол зорилго бол иймэрхүү үзэгдлийг урьдаас зөв таамаглах явдал юм.