Соёл урлаг::
Дуучин Номинжин жүжигчин болжээ
Нью-Йорк хотод төвтэй олон улсын тайзны урлагийн МИТУ компанийн уран
бүтээлчид манай улсад ирж, дуучин Номинжинтой хамтран "Зүрхэн тасархай”
нэртэй жүжиг тоглохоор болжээ. Энэ сарын 16,17-нд "Black box” театрт
болох эл жүжиг нь нийгэм, соёлын тогтворгүй байдал хүмүүсийн хайр
сэтгэлийн асуудалд хэрхэн нөлөөлж байгаа тухай өгүүлэх юм. Дуу, бүжиг,
уран уншлага зэрэг тайзны урлагийн бүх төрлийг нэгтгэсэн тус жүжгийн
зохиолыг Хейнер Муллер бичиж, Рубен Поландо найруулж байгаа гэнэ.
Гол дүрд Номинжингоос гадна МИТУ компанийн жүжигчин Жастин Нестор,
Майкл Литтиг нар тоглох юм. Монгол бүсгүй, Америк залуугийн хайр
дурлалын тухай өгүүлэх 45 минутын үзүүлбэр бүрийн дараа уран бүтээлчид
үзэгчидтэйгээ 15 минут ярилцах гэнэ. Ингэснээр театрын амьд харилцааг
бий болгож, дэвшүүлсэн асуудлынхаа тухай гүн гүнзгий ойлголт хүмүүст
өгөх гэнэ. МИТУ компани ашгийн бус төсөл хэрэгжүүлж, нийгэмд эерэг нөлөө
үзүүлэхийн тулд уран бүтээлээ туурвидаг. Энэ жил эдийн засаг, уул
уурхай, баялаг түүхээрээ дэлхийн анхаарлын төвд байгаа манай улсыг
сонгон "Зүрхэн тасархай”-г тоглохоор болсон аж. Тэд Номинжинг сонгон
саналаа хэлэхэд ихэд талархан хүлээн авсан гэсэн. Уран бүтээлчид энэ
сарын 10-нд цуглаж тайзны сургуулилтаа эхлүүлэх гэнэ.