"Оскар”-ын шагналт жүжигчин бүсгүй АНУ-ын Ерөнхийлөгчид хаягласан
захидалдаа өөрийнх нь хүүхдүүдийг байнгын дарамталж, айдас түгшүүрт
автуулдаг папарацци нарын эсрэг авах арга хэмжээнүүдийг чангатгахыг
хүссэн байна. Холливудын 45 настай жүжигчин эмэгтэй хувийн хүсэлт бүхий
захидлаа Ерөнхийлөгч Барак Обамад хаяглан АНУ-ын төрийн дээд байгууллага
руу албан ёсоор илгээхээр шийджээ.
Энэхүү бичигтээ Хэлли Берри
төрийн тэргүүнээс түүний хувийн амьдрал болон хүүхдүүдийнх нь талаар
таагүй мэдээлэл цацаж, ямар ч зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийг нь авч
байдаг гэрэл зурагчдыг шийтгэх торгуулийн хэмжээг чангатгаж өгөхийг
хүссэн аж. 2012 оны тавдугаар сарын 10-нд Лос-Анжелес хотод болсон хэрэг
явдал жүжигчин эмэгтэйн тэсгэлийг алдуулжээ. Тэр өдөр од бүсгүй өөрийн
охин Нала Обритой цуг суралцдаг сургуулиас нь гарч явсан байна. Тэр үед
папарацци нар түүнийг отож байсан юм.
Од эмэгтэйн үзэж
байгаагаар АНУ-д алдартнуудын хувийн амьдралд ёс бусаар нэвтэрч, халддаг
хүмүүсийг шийтгэх хуулийн заалт тун зөөлөн гэнэ. "Би өөрийгөө өмөөрч
байгаа юм биш. Харин гэрэл зурагчдын ядаргаатай үйлдлүүдээс болж хохирч
мэдэх хүүхдүүдээ л хамгаалах гэсэн юм” гэж Берри бичжээ. Жүжигчин
бүсгүйн бодлоор зөвхөн Ерөнхийлөгч Барак Обама түүний асуудлыг
шийдвэрлэж өгөх чадвартайгаас гадна хууль, эрх зүйн системийг илүү
боловсронгуй болгох эрхтэй аж. Төрийн тэргүүн түүний хүсэлтэд ямар хариу
өгсөн нь тодорхойгүй байна.
www.T1771.Tk