Соёл урлаг::
"Люмино” хамтлаг шинэ уран бүтээлдээ орно
Нэгэн үе залуусын цөсийг хөөргөж,
аргагүй хит дуунуудаараа сонсогчидоо байлдан дагуулдаг байсан
хамтлагийнхныг уран бүтээлээ хийхгүй байгаад сонсогч фенүүд нь сэтгэл
гонсгор байгаа нь нууц биш. Харин хамтлагийнхан удаан завсарласны эцэст
уран бүтээлийн ажилдаа эргэн орж тоглолтоо хийхээр болсон тухайгаа манай
"UBS music”-ийн "Music Face” зочины цагаар яриад амжсан юм.
Хамтлагийнхны 15 жилийн ой ирэх жил тохиох бөгөөд ойдоо зориулан нүсэр
тоглолт хийхээс гадна өөрсдийн 8 дахь бие даасан цомгоо гаргахаар
төлөвлөөд байгаа юм байна.
"Люмино” хамтлаг анх 1998 онд 5 гишүүний
бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж 2000 оноос 3 гишүүнтэйгээр өдийг хүртэл
14 жилийн ойтойгоо золгоод байна. Тэд анхны цомгоо 2001 онд "Энд гарч
ирэв” нэртэйгээр гаргаж, цомогт багтсан дуунууд нь тэр үеийн залуусыг
аргагүй байлдан дагуулж байсан юм. Түүнчлэн тэд Монголын хип хоп
хамтлагийн хамгийн том төлөөлөгч төдийгүй хип хоп дууны хамгийн анхны
клип, цомог, тоглолт, бүр анхны уран сайхны кино гээд анхны гэх бүх
тодотголын эзэд байж ирсэн юм.
Тэд хэдий уран бүтээлээ олон жил завсардсан ч шинээр уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээх фенүүд нь олон байна.
Энэ дашрамд, нэгэн шинэ мэдээлэл
хүргэхэд хамтлагийн гишүүн Бажи өөрийн бие даасан хоёр дахь цомгоо
удахгүй гаргах гээд тун ч завгүй яваа бололтой. Hip hop бус R&B,
soul чиглэлээр туурвиж буй түүний шинэ цомог Бажиг нэгэн өөр ертөнцөөр
илэрхийлэх биз ээ.
Ө.Халиун
www.T1771.Tk