/өгүүллэг/
Сонголт
-Хүүе, гараад ирлээ гэж зүрх нь өөрт нь
хэлэх мэт хүчтэй цохилж эхлэв. Одоо энэ охиныг нүднээс нь түрүүлээд зүрх
нь таньдаг болжээ. Машинаа асаагаад, нуугдсан газраасаа гарч очих
гэсээр байтал өөр нэгэн такси шурдхийн зогсож, охин ч суугаад явчихлаа.
Хаа очихыг нь мэдэж байгаа ч дагаад л
баймаар... Одоо өтгөн сормуусаа буулгаад, цүнхээ ухан сууж байгаа даа
гэж бодсоор нэг мэдэхэд гэрийнх нь гадаа иржээ. Дэгжин цагаан түрийвчээ
гаргаж ирээд мөнгөө өгч байгааг нь хүртэл мэдэж байлаа. Охин таксинаас
яаран буугаад, богино саарал шубныхаа хормойг хийсгэн гэрлүүгээ гүйлээ.
Дандаа ингэж гүйж явдаг юм шүү, юундаа яардаг юм бол доо. За маргааш
өглөө уулзъя даа гэж бодоод хуучин муу машиныхаа жолоог эргүүллээ.
Баяраа энэ хөөрхөн охиныг гэр
сургуулийнх нь хооронд зөөгөөд багагүй хугацааг үджээ. Анх 10-р
хорооллын Өнөр хотхоны гаднаас гараа өргөн зогсож байхыг нь харсанаас
хойш л зүрх нь шал өөр хэмнэлээр цохилж эхэлсэн. Гоолиг биедээ зохисон
сайхан саарал туулай шубатай, тэгшхэн хөлөө барьсан өмд, түрийтэй саарал
гутал өмсөж, урт хар үсээ сүлжсэн охин машиных нь арын суудалд
суумагцаа:
<.p-Худалдаа үйлдвэрлэлийн дээд гэж
хэлэхдээ сэтгэлд нь өөрийнөө дархалчихсан. Баяраа тэр өдөр хөөрхөн охины
өөгүй цагаан царай, алаг нүд, өтгөн сормуус, улаахан уруулыг толиндоо
харсаар явсан. Зорьсон газраа очоод:
-Хэд вэ гэхэд нь сандарсандаа:
-Мянга таван зуу гэж аманд орсон тоогоо хэлтэл:
-Хөөх яасан сайхан хямдхан юм бэ гэж
баярлан хэлэхэд нь тэгшхэн цагаан шүд нь улаахан уруулынхаа цаанаас ямар
сэтгэл татам харагдсан гээч. Тэгээд уран дархны бүтээл мэт сайхан
хуруугаараа мөнгөө тоолж өгөөд буусансан.
Баяраа тэр өдөржин сургуулийнх нь үүдийг
сахьсан. Тарахад нь хэргээр замдаа таарсан хүн болж очоод зогссон. Охин
цүнхээ ухаад өөрийг нь анзаараагүй ч өнөөх "мянга таван зуу” гэдгийг
сонсоод:
-Хөөх дахиад тааралддаг байна шүү гэж олзуурхан хэлж билээ.
Маргааш нь дахиад л тааралдаж, нөгөөдөр
нь ч мөн адил. Хааяа том дүнхэр жипний цонхоор охины сайхан царай хальт
харагдаад хурдлан одох нь ч бий. Гэхдээ л ихэнхдээ такси барих гээд
зогсоход нь бушуухан очиж хаалгаа нээдэг байв. Охин удалгүй такси
жолооддог гэм зэмгүй залуутай танил болсон.
Эгшиглүүн сүүлдээ энэ залуу өөрт нь
дурлачихаад ингэж өглөөд гэрийн гадаа, оройд сургуулийн гадаа байдаг
болсныг нь ч гадарлаж эхэллээ. Үнэндээ энэ том алаг нүдтэй, хар
хөмсөгтэй бор залуу түүний зүрхэнд ч бас сэм сэмхэн үүрээ засаж,
уулзахгүй бол үгүйлж, уулзвал сэмхэн баярладаг болж ирлээ. Гэвч тэрээр
өөрийгөө таксиний жолоочийн хүршгүй өндөрлөг гэдгийг мэдэж байв. Хэн ч
хараад араас нь дагамаар унаган гоо үзэсгэлэн, ялдам ааш, төрийн
байгууллагын том дарга аав, хөлөө хугалах шахан гүйдэг хэтэвч зузаан
залуучууд гээд түүний хувьд таксиний жолоочийг авч хэлэлцэх зүйл байхгүй
мэт.
Тэр нэгэн орой найзуудтайгаа шөнө болтол
суучихаад харихаар алхах замдаа танхай залуучуудтай тааралдаж,
амьдралдаа анх удаа хамгийн ихээр айсан юм. Чихэндээ ч сонсмооргүй
завхай шалиг үгээр доромжлох залуучууд өөрийг нь бүчин авахад:
-Хөөе наад бузар сарвуугаа тат! гэж
чанга хэлсэн хүн таксиний жолооч байв. Дөрвөн залуутай ядах юмгүй
зодолдож байгааг нь хараад үнэхээр дурламаар, өөрийг нь аврахаар ирсэн
цагаан морьтой ханхүү шиг л санагдлаа. Тийм өндөр биш ч биерхүү болохоор
цохилт бүр нь нүдэнд оч үсэртэл тусаж байгаа нь илт. Ямар нэгэн бие
хамгаалах урлагаар хичээллэдэг бололтой, хөл гар нь хүчтэй, хөдөлгөөн нь
эвлэг, бултаж зайлахдаа хурдан шаламгай байлаа. Эгшиглүүнд яг л боевик
кино үзэж байгаа мэт санагдаж байв. Танхай залуучууд ухаан алдсан нэгнээ
чирээд зугтах үед цагаан морьт ханхүү нь цагаан аксенттай таксиний
жолооч болон хувирч, охиныг гэрт нь хүргэж өглөө. Харих замдаа
талархаснаа илэрхийлж, хойшид сайхан найзууд байхаар болов.
Хоног өдрүүд өнгөрсөөр, таксиний
жолоочид улам бүр сэтгэл татагдах боловч бас нэгэн сэтгэл хөдөлгөмөөр
залуу өөрийг нь эргүүлж эхэлсэн нь толгой баячуудын нэгнийх нь хүү болох
Сүхээ байлаа. Баяраа хуучин муу аксенттай бол Сүхээ цоо шинэ сувдан
цагаан экспедишн унана. Баяраагийнх нэгдүгээр хорооллын эцэст хуучин муу
ганц өрөө байранд ээж, гурван дүүтэйгээ байдаг бол Сүхээ зайсанд байдаг
тансаг харшдаа аав, ээжтэйгээ амьдарна. Баяраагийн гэрийн сарын орлого
таксинийх нь олсон мөнгө, ээжийнх нь тэтгэвэр байхад Сүхээгийнхний
орлого аавынх нь нэр сүртэй том компанийн толгой эргэм их ашгаар
хэмжигдэнэ.
Удалгүй валентиний баяр болж, Эгшиглүүнд
хоёр янзын бэлэг ирлээ. Нэг нь Баяраагийн өөрийн гараар урласан болор
бугуйвч байлаа. Баяраагийн гарын ур дүйг илтгэх мөнгөн тээгтэй тоорын
ягаан болор бугуйвч хараад л баймаар хөөрхөн ч Сүхээгийн өгсөн
сваровскийн тансаг хослолын дэргэд даанч өнгөгүй харагдана. Баяраа
Эгшиглүүний гараас атгаж үл зүрхлэн цэцэрлэгээр зугаалсан бол Сүхээ
хотын хамгийн тансаг зэрэглэлийн ресторанд түүнийг урьлаа.
Өөрийг нь сургуулиас нь авахаар уралдан
ирэх хоёр залуугийн аль нэгийг нь сонгох ёстой байлаа. Баяраа эр хүний
харам нулимсаа залгин байж "Ээгий, найз нь чамайгаа жаргалтай байлгахын
төлөө бүхнээ зориулна. Би чамдаа хайртай” гэж хэлээд тэвэрсэн бол Сүхээ
"Би чамайг дандаа жаргааж явах болно, би чамайг хэн нэгэнд алдмааргүй
байна” гэж хэлээд том алмазан шигтгээтэй бөгжийг өвдөг дээрээ сөгдөн
өгөв.
...
Тэрээр Сүхээг сонгоод бүтэн 15 жилийг ардаа үджээ...
Гэртээ ороход хүү нь хичээлээсээ ирээгүй
байлаа. Тусдаа жолоочтой болохоор оройтсонд нь санаа зовсонгүй. Хаа
очиж даруухан юм болохоор удахгүй ороод ирнэ гэдгийг нь мэдэж байв.
Харин Сүхээг хэзээ ирэх бол гэхээс илт дургүй нь хүрч, сүүлийн үед дахин
дахин толгойд нь эргэлдсээр байгаа "салах” тухай бодолдоо автав.
Компани, байр, машинууд бүгд нөхрийн нэр дээр. Сална гэж шийдсэн
цагаасаа хойш хурааж эхэлсэн мөнгө нь ганц өрөө байр л болох байх.
Тэгээд би хаана ажилд орно гэж? Над шиг гүйцэтгэх захирал байсан хөгшин
хүүхнийг хаана менежерээрээ авах билээ. Туршлагадаа итгээд өөрийнхөө
бизнесийн салбарт ажиллана гэвэл Сүхээ намайг хаа ч багтаж шингэхээргүй
болгоод өгөхөө мэдэх байлгүй.
Ингэж бодох зуураа тэр нэгэн жил өөрт нь
бэлэглэж байсан болор бугуйвчийг нандигнан хийсэн бяцхан хайрцагнаасаа
гарган ирж атгалаа. Барих болгонд дулаахан мэдрэмж төрүүлж, дурсамж,
харууслаар өөрийг нь хөглөдөг болор бугуйвч анх урласан эзнийхээ тухай
хамгийн нандин бүхнийг өгүүлнэ. Хэдэн жилийн өмнө хөл дээрээ тогтох
аргагүй болтлоо согтчихоод баарны ширээ дэрлэн хэвтэж байхад нь гар
дээрээ өргөн гарч, гэрт нь хүргэж өгсөн хүн яах аргагүй Баяраа байсан.
Баяраагийн нэрээр дуудсан үгүйгээ санахгүй байгаа ч Баяраад тэврүүлж
явахдаа асгартал уйлж байснаа санаж байв. Бас жирэмсэн байхдаа гэрийнхээ
гадаа ухаан алдан унахад эмнэлэгт хүргэсэн хүн ч Баяраа л байж таараа.
Өөр хүн байсан бол сэрэхийг нь хүлээчихээд л гараад явчихгүй шүү дээ.
Тиймээ тэр амьдралдаа хамгийн тэнэг сонголтыг хийсэн. Тэр Сүхээд биш,
Баяраад хайртай байсан. Сүхээ ч гадарладаг байсан. Одоо тэр нь сайхан
шалтаг болсон. "Чи тэр золбин царайтай таксины жолоочтойгоо зайлаарай”
гэж хэлэх бүрд нь болдогсон бол яг хэлснээр нь гараад явмаар л
санагддаг. Даанч Баяраа сураг чимээгүй болсон. Бодвол хаа нэгтэй аз
жаргалтай яваа биз дээ. Эхнэр хүүхэдтэй ч болчихсон байх. Тиймээ, одоо
бүх зүйл оройтсон, Сүхээгээс салаад хайчих ч билээ дээ. Хүүгээ өндөр
төлбөртэй дунд сургуулийг нь төгсгөчихөөд яг сална гэж бодож байсан.
Угаасаа Сүхээ зайлбал ганцаараа зайлаарай гэж өөрийг нь торгоодог. Эх
хүн үрээ хэзээ ч орхихгүй гэдгийг нь мэддэг. Тиймдээ ч Эгшиглүүн хүүгээ
толгой дааж шийдвэр гаргах өдрийг хүлээсээр ирсэн. Харин одоо бол хүүгээ
гадаадын хамгийн сайн, хамгийн үнэтэй дээд сургуулийг төгсгөчихөөд
салмаар санагдана. За энийг хийчихээд салъя, тэрийг бүтээчихээд салъя
гэж бодсоор олон жилийг үдэж дээ. Сална гэж шийдээд мөнгө хуримтлуулдаг ч
нэг хэсэгтээ харзаная гэж бодоод буцааж үрнэ. Үнэндээ энэ амьдралдаа
дассан ч юм шиг...
Хаалганы код дуугарч, Сүхээгийн согтуу
алхаа сонсогдов. Цагаан хивсэн дээгүүр гуталтайгаа туучин орж ирсэн
нөхөр нь өөрийг нь хараад зог тусаж, гуйвлан ирснээ хүзүүгээр нь
тэврээд, архи тамхи ханхалсан амаараа шүлстэн үнслээ. Тэгсэнээ баримал
мэт хөдөлгөөнгүй зогсох эхнэрээ огцом түлхэж:
-Чи ч хөгшин дээрээсээ хөлдүү хүүхэн
болж дээ зайлуул. Одоо намайг ороод ирэхэд ядаж нүднийхээ үзүүрээр
харахаа ч байж. Чи намайг яагаад архи уудгийг мэдэх үү? Чамаас болж
уудаг юм. Чи л намайг ийм болгосон. Тэгсэн мөртлөө яагаад ингээд мангас
харсан юм шиг дургүй байдаг юм бэ!
-Чи зайлаад өгөөч!
-Өөрийнхөө гэрээс үү? Хонгор минь жаахан андуураад байнаа даа. Би зайлаад өгье гэдэг байсан биш билүү? Зайлж болно шүү.
-Зайлнаа, хүү бид хоёр чамаар дутахгүй!
-Хөөе чи! гэж нөхрийнх нь дуу чангарч:
-Миний хүү шүү! Аваад зайлна гэж санасны ч хэрэггүй!
-Чиний хүү биш! Чи хэзээ аав байсым бээ!
-Юу гэнээ? Тэгээд хэний хүүхэд юм?
Таксиний жолоочийнх уу? Ингэж хэлэхийг нь сонсоод "Миний хүү” гэж хэлэх
гэсэн боловч оройтжээ. Сүхээгийн хүнд нудрага улаан нүүрэн дундуур нь
гал бутартал буулаа. Цааш нь юу болсныг нь мэдсэнгүй. Бүүр шөнө дөл
болсон хойно ухаан ороход хүү нь хажууд нь сөхрөөд суучихсан, толгойд нь
хүйтэн жин тавьж байв. Хүүгийнх нь туранхай цагаан хацар дээгүүр нулимс
бөмбөрнө.
Эгшиглүүн хүүгээ тайвшруулан:
- Миний хүү, хоёулаа явахуу? гэхэд:
-Ээжээ, хоёулаа өвөө эмээдээ очъё тэхүү гэж царайчлангуй хэлэв.
Эгшиглүүн хурдан босож, ойр зуурын өмсөх
хувцасаа чемодан саванд чихэж эхэллээ. Сүхээ их буу буудсан ч
сэрэхээргүй согтуу хүний бөх нойроор унтжээ. Хүү нь ээжийгээ хэсэг харж
байснаа өөрийнхөө юмнуудыг үг дуугүй эмхэлж эхлэв. "Чаднаа, хүү минь
байгаа цагт би бүхнийг чадна” гэсэн бардам бодол толгойд нь эргэлдэнэ.
Бие нь хөдлөх тоолонд хөндүүрлэх нь Сүхээ ганц цохиод зогсоогүйг
илтгэнэ. Ядрах цагт хэрэг болж магадгүй гээд өөрийнхөө хамаг алт
эрдэнэсээ хийсэн хайрцгаа авахдаа бяцхан болор бугуйвчаа гаргаж зүүлээ.
Болор бугуйвч өөрийг нь дулаацуулахыг мэдэрч, хоёр чемоданаа чирээд
гарахдаа огтхон ч харамссангүй.
Аав ээжийнд нь дүү нь эхнэр хүүхэдтэйгээ
амьдарч байгаа ч тэдний гурван өрөөнд хүүтэйгээ багтахаа мэдэж байв.
Хадгаламжийн дэвтэрт нь овоо хэдэн төгрөг байгаа болохоор хөөрхөн жижиг
бизнес эрхлээд байж болох байх. Бүр болохгүй бол аль нэг байгууллагад
нарийн бичиг хийсэн ч яахав. Одоо болор бугуйвчаа зүүгээд, дандаа өөдрөг
амьдарнаа гэж бодоод олон жил инээгээгүй нүүрэндээ инээмсэглэл
тодруулан хүүгээ үнслээ.
...
Өөрийг нь сургуулиас нь авахаар уралдан
ирэх хоёр залуугийн аль нэгийг нь сонгох ёстой байлаа. Баяраа эр хүний
харам нулимсаа залгин байж "Ээгий, найз нь чамайгаа жаргалтай байлгахын
төлөө бүхнээ зориулна. Би чамдаа хайртай” гэж хэлээд тэвэрсэн бол Сүхээ
"Би чамайг дандаа жаргааж явах болно, би чамайг хэн нэгэнд алдмааргүй
байна” гэж хэлээд том алмазан шигтгээтэй бөгжийг өвдөг дээрээ сөгдөн
өгөв.
...
Тэрээр Баярааг сонгоод бүтэн 15 жилийг ардаа үджээ...
Эгшиглүүн том байгууллагын зогсоолд
зогсох саяхан японоос орж ирсэн жижиг тэрэгнийхээ жолооны ард суугаад
өдрийн их ачааллаас мултарсандаа баярлан нэг сайхан суниаж авав. Нас
нэмэгдэхийн хэрээр эмэгтэй хүнийх нь гоо үзэсгэлэн тодорч байгаа
Эгшиглүүн хамгийн сайхан хатагтай болжээ. Нэр сүртэй том компанид энгийн
нэгэн менежерээр ороод өдгөө хэлтсийн дарга болон дэвшжээ. Өөртөө
зохисон цав цагаан үнэгэн шубаны дотор хар даавуун хослол өмсөж,
гутлынхаа тоноглолтой адил гялалзсан шигтгээтэй жижиг цүнх барьсан нь
донжтой сайхан харагдана. Хүйтэн машинаа халаангаа хөхнөөсөө гараагүй
байгаа жаахан охиноо бодон инээмсэглэв. Булцгар жаахан гараа өргөөд,
тэнтэр тунтар алхсаар ирдэг охиноо гэртээ үлдээгээд ажилдаа орно гэдэг
амаргүй даваа байсан боловч одоо нэгэнт дасчээ. Хадам ээж нь дөрвөн
хүүхэд өсгөсөн хүн болохоор охиныг нь хэнээс ч илүү харж, хэнээс ч илүү
хайрлана. Анхных нь ач болохоор амиа тавин энхрийлнэ.
Баяраа багаасаа л машин тэрэг засах
хоббитой байсан болохоор хэдэн жилийн өмнөөс гэр хороололд бяцхан газар
авч, засварын газар байгуулсан нь одоо л хөлөө олж байгаа билээ. Эхнэрээ
ирэхээс өмнө яаран харьдаг түүний ажлыг хоёр эрэгтэй дүү нь
үргэлжлүүлсээр орой болсон хойно л засварын газраа хаана. Баяраагийн
ганц охин дүү нь засварын газрын нягтлангийн үүргийг яв цав биелүүлнэ.
Хадам ээж нь том хүүгээ эрт буугаад ирмэгц тусдаа гараагүй байгаа гурван
хүүхдийнхээ хоолыг очиж хийхээр яаран гарна.
Эгшиглүүнийг гэртээ ороход том хүү нь
хичээлээсээ ирээгүй байлаа. Баяраа цаад өрөөнд охинтойгоо тоглож байгаа
бололтой үхэр шиг чанга чанга мөөрч, охин нь ход ход инээнэ. Орох бүрд
өөрийг нь халуун дулаан, инээд хөөр, хамгийн их аз жаргалаар угтдаг энэ
гурван өрөө байр нь банкны урт хугацааны зээлийн ачаар бага багаар
тэдний өмч болж байгаа юм. Эхнэрээ орж ирсэнийг мэдсэн Баяраа охиноо
тэвэрсээр угтан ирээд, духан дээр нь үнэрлэн үнсэхэд аль хэдийн
өөриймсөг санагдах болсон үл мэдэг машины тосны үнэр үнэртэнэ.
-Хүү яасан оройтож байх юм бэ? Миний бүлтгэр ботгохон аавтайгаа гоё тоглоснуу? гэсээр хувцсаа тайллаа.
-Хүү өнөөдөр давтлагатай. Надад гоё хоол хийгээрэй гэж лүндэн буулгачихаад явсан байна лээ. Миний хань ядарсан уу?
-Гайгүй ээ. Та хэд өнөөдөр олон машинтай байв уу?
-Нормал баригч нь эвдэрсэн нэг марк 2,
авах юмгүй доголдсон бас нэг хоёр машин ирсэн. Би сайн зааж өгчихөөд
ханиа ирэхээс өмнө яараад хүрээд ирлээ.
-Би ирэх яахав дээ. Ажлаа дуусгахгүй.
Ээж нөгөө хэдийнхээ хоолыг хийх гээд яараад яваад өгснүү? -Харин тиймээ.
Надтай зөрөөд л гараад гүйсэн.
Эгшиглүүн үнэхээр их аз жаргалтай
байлаа. Хааяа нэг мөнгө төгрөг хүрэлцэхгүй хэцүү санагдсан үед, эсвэл
Баяраатайгаа бяцхан ам мурийхдаа дээр үед өөрт нь бэлэглэж байсан тансаг
сваровскийн хослолыг гарган ирж зүүдэг ч энэ амьдралдаа хэзээ ч сэтгэл
дундуур байсангүй. Тэр хамгийн зөв сонголт хийжээ. Эхний хэдэн жил
хоосон ядуугийн зовлонг хангалттай үзсэн ч хайр гэдэг зүйл юуг ч бүтээж,
бий болгож чаддаг, ямар ч нөхцөлд аз жаргалтай байлгадаг ид шидтэй
ажээ.
Хаалганы цоож дуугарч, хүү нь хацар нь
улайчихаад инээсээр орж ирэв. -Ээж ирчихсэн юмуу? Ээ миний өөлхөн дүүг
дээ. Чи өөрөө явж чаддаг юм байж аавдаа тэврүүлээд еэ еэ бөөвөө! гэж
чангаар хэлэхэд өөдөсхөн дүү нь хөлөө сарвалзуулан газарт буугаад бяцхан
гараа өргөн ахруугаа баацаганан алхлаа...
...
Өөрийг нь сургуулиас нь авахаар уралдан
ирэх хоёр залуугийн аль нэгийг нь сонгох ёстой байлаа. Баяраа эр хүний
харам нулимсаа залгин байж "Ээгий, найз нь чамайгаа жаргалтай байлгахын
төлөө бүхнээ зориулна. Би чамдаа хайртай” гэж хэлээд тэвэрсэн бол Сүхээ
"Би чамайг дандаа жаргааж явах болно, би чамайг хэн нэгэнд алдмааргүй
байна” гэж хэлээд том алмазан шигтгээтэй бөгжийг өвдөг дээрээ сөгдөн
өгөв.
...Эгшиглүүн сонголтоо хийлээ. Энэ
сонголтоороо нэг залууд нь "Уучлаарай найз минь, би түүнийг сонгосон.
Одоо хоёулаа зүгээр л сайхан найзууд байя” гэж хэлсэн билээ.
2012 он Улаанбаатар хот
www.T1771Music.Ucoz.Net