Түүх::
Богд Жавзандамба шүлэгч байжээ
Монголчууд бид удахгүй нэгэн том баяр тэмдэглэх гэж байна. Манайхны
зарим нь мэдэхгүй ч байж мэднэ. Тэгэхдээ Март, Цэргийн баяр гэдэгтэй огт
адилгүй юм. Тэмдэглэж байгаа баярынхаа утга учрыг ойлгохоо байжээ.
Манжийн эрхшээлд 200 гаруй жил баригдаж ирсэн монголчууд 1911 онд эрх
чөлөөгөө олсон гэдгийг өнөөдөр мэдэж байгаа хэн байна аа. Сүүлдээ олныг
дуурайж христийн баярыг шүтэгчдээс нь илүү тэмдэглэдэг боллоо. Энэ онд
Монголд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсч, Монгол Улс тусгаар
тогтносны 100 жилийн ой тохиож байна. Монголчууд бид эх түүхээ сайн
мэдэхгүй явсаар өнөөдрийг хүрчээ.
Түүхээ мэдэхгүй хүн өөрийгөө танихгүй гэдэг үг бий дээ. Монгол
үндэстэнд бахархах зан үйл, түүх, соёл гээд өөрийн өвөрмөц онцлог бий.
Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг анх хэн санаачилсан тухай
түүхчид олон янзаар бичсээр л байна. Бид өнгөрсөн социалист нийгэмд эх
түүхээ дэндүү гуйвуулж ирснийг одооноос л ухаарав бололтой. XX зууны
эхэн буюу 1900-гаад оны эхэн үед Монгол Улс бурханы шашинтан байжээ.
Түүний тэргүүн болох VIII Богд Жавзандамба хутагтад сүсэглэн дээдлэхгүй
хүн байгаагүй гэдэг.
Иймээс Богд хааны нэр нөлөө ар өвөр Монгол, Буриад, Халимаг гээд нийт
монгол үндэстэнд түгэж байсан байна. Нэгэн зууны турш урлаг уран
зохиолд муу муухайгаар дүрслэгдэж байсан Богд хааныг Монголын үндэсний
эрх чөлөөний хувьсгалыг удирдаж амжилтад хүргэхэд нэр хүнд нь нөлөөлсөн
гэж үзэж байна. Богд хаан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний
эрх чөлөөний хувьсгалыг зохион байгуулан ялалтад хүргэжээ. Өнөөдөр Богд
хааны тухай сонирхолтой материалууд дэлгэгдэж байна.Тэрээр Халхын найман
богдоос ганцаараа гавьжийн дамжаа барьсан юм гэдэг.
Тэр нь одоогийнхоор бол докторын зэрэг хамгаалахтай адил аж. Богд
хаан ухаан сэргэлэн, элдэв зүйл цуглуулдаг баялаг үзмэртэй, хосгүй
эрдэнийн сантай байсан бөгөөд машин барьдаг байсан гэж ярьдаг. Мөн
хөгжим сонирхдог, шатар тоглодог хүн байжээ. 1911 онд Монгол Улс тусгаар
тогтносны дараа хаан ширээний тухай ихээхэн яриа гарсан гэдэг. Тухайн
үед Алтан ургийхнаас нэгийг нь хаан ширээнд суулгах яриа гарсан гэдэг.
Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан Сайн ноён хан гээд дөрвөн аймаг байж.
Эзэн Чингисийн алтан ургаас уламжилж ирсэн нь дээрх аймгуудын хаан нар
байв.
Түшээт хан аймгийн хааныг хамгийн ойр төрөл гэж үзэж байж. Халхын
түшээт хаан Дашням "Энэ түвд хүнийг бодвол насаар ахмад нь хаан суух
ёстой” гэсэн яриа гаргаж байсан тухай яриа бий Богд нь 1874 онд таван
настайдаа Монгол газар хөл тавьж Их хүрээнээ Богдын сэнтийд заларч 48
жил тасралтгүй шашин төрийг хослон барьж байгаад 1922 онд таалал
төгсчээ. Хэдийгээр энэ хүний судсаар нь түвд цус гүйж байсан боловч
Монгол газар шороон дээр хөл тавьснаасаа хойш усыг нь уувал ёсыг нь
дагадаг гэдгээр монгол хэл, зан заншлыг гарамгай эзэмшиж монголчуудаас
ялгарахын аргагүй хувирсан гэдэг.
Богд Жавзандамба хутагт багаасаа сэргэлэн цовоо уужуу ухаан бодолтой,
алиа хошин үгтэй, хэнтэй ч эвийг олоод харилцаж чаддаг эгэл нэгэн хүн
байсан гэж ярьдаг. Нэг өдөр Богдын өргөө ордонд орос эмэгтэйн олон
хуниастай урт банзал өмсчихсөн эрээн алчуураар толгойгоо боочихсон үл
таних нэг хүн ороод ирж гэнэ. Сайтар ажиглавал Богд лам өөрөө байсан
гэдэг. Түүнийг нь харсан ихэс дээдэс элгээ хөштөл инээж байсан тухай
яриа бий.
1913 онд Богдын зарлигаар Хаант орос улсад очсон Ерөнхий сайд
Т.Намнансүрэн Оросын цагаан хаан хоёрдугаар Николайтай нүүр тулан уулзаж
ирэхдээ гар ажиллагаатай кино аппарат худалдан авч ирж Богд хаанд бэлэг
болгон өгчээ. Богд хаан тэр киногоо хааяа ордондоо үзэж сэтгэл нь
хөөрөн сууж байсан тухай яриа бий. Богд хааны монгол бичгийн цуглуулгад
Түвд, Хятад, Энэтхэг бичгийг монголоор орчуулан муутуу цаасан дээр
хулсан үзгээр бичсэн түүх, уран зохиолын олон арван ном байдаг байжээ.
Түүний номын санд "Энх амгалан хааны бодлогын бичиг”, "Бигэрмижид
хааны намтар”, "Гурван улсын түүх”, "Тан улсын түүх”, "Мэргэн гэгээний
сургааль” зэрэг онц сонирхолтой номууд байдаг байсан байна. Тэр бүү хэл
Богд шүлэг бичдэг байсан тухай баримт байдаг аж. Тэрээр Гамингийн шоронд
хоригдож байхдаа нэгэн шүлэг бичжээ. Энэ шүлэг нь дээхнэ Хэл зохиолын
хүрээлэнгийн ажилтан Ч.Алтангэрэл гэдэг хүнд байжээ.
Тус шүлэгт:
Галзуурсан гамингууд
Гайгүй шорон мэт байшиндаа
Гаргахгүй түгживч
Гарах нэгэн цаг буй л
Үзэмж муутай гамингууд
Үхэр бууныхаа аманд
Үхүүлэх хэмээн санаа тавивч
Үндэсний олон минь аварна хэмээн бичжээ.
Н.Лхагва