Адал явдалт зохиол -
Үргэлжлэл.
УДТАЛ УУЛЗААГҮЙ УЧРАЛ ТОХИОВ Удтал хүлээсэн наймдугаар сарын нэгэн болж Засаг даргын утсаар дүү нь
холбоо барьж гуравны онгоцоор нисэх болсноо дуулгажээ. Үүлэн, Сараа хоёр
ч угтан Засаг даргынхаа машинаар гарчээ. Мөрөнгийн онгоц уулын цаанаас
цухуйхуй Үүлэнгийн сэтгэл урьд нь хэзээ ч догдолж байгаагүйгээр хөдлөн
дэргэдэх хүнээсээ өөрийн эрхгүй тамхи гуйснаа ч гүйцэд ухаарсангүй.
"Тамхиар яах гэсэн юм бэ?” гэх ханийнхаа дуугаар сая нэг юм сэхээрчээ.
"Харин ээ” гээд дороо холхих нь ухаан санаа нь олигтой төвлөрч өгөхгүй
байгаагийн шинж авай. Онгоц аль хэдийнэ бууж зорчигчид цувж эхэллээ.
Зорчигчдын дунд хэрд зэгзгэр сайхан бүсгүйгээр сугадуулсан бага дүү нь
том хар чемодан өрөөсөн гараараа чирсээр бууж ирэв. Өөд өөдөөсөө баахан
гэрэвшицгээн учрах нь тэр. Осолдохгүй л "Сайн явж ирцгээв үү?” гээд
үнссэнээ хальт мулт санана. Мартсанаас бэр эгчтэйгээ танилцацгаа гээд
Сараагийн өөдөөс харжээ. Тэд боловсон үг хэлэлцэн танилцлаа. "Таныг
"Тайгын анчин” гэхээр Дэрсү Узалархуу л юм бодсон гэсэн чинь хэвээрээ
байх шив дээ” гээд дүү нь яриа өдөхчөө аядна. Эрчүүдийг бодвол эмэгтэй
хүмүүс амархан нүүр хагардаг бололтой. Сараа, шинэ бэр хоёр аль хэдийнэ
эгч, дүүс болж орхиж. Эсэн бусын юм ярин инээлдэцгээнэ. Тэд шуудхан
тайга уруугаа давхижээ. Бага дүү, шинэ бэр хоёрт хөдөөгийн тэр дундаа
тайгын юм бүхэн шинэ сонин нь мэдээж. Үе үе уулга алдах нь холгүй
явцгаалаа. Бага дүү нь замдаа, "Ах "100” татах уу?” гэх нь түүнийг өмнөх
шигээ ам нь "цангаж” яваа болов уу гэж бодсоных бололтой. "Өө, яах вэ.
Очоод болцгооё гээд ах нь юу ч болоогүй юм шиг явах нь гайхаш
төрүүлснийг өгүүлэх юун. Ах эхнэртэй болоод нөгөө "юм”-наасаа жаал
холдоо юу. Ашгүй дээ. Түүнээс биш надаар юунд хэлүүлээ аж. Бараг мэнд ус
мэдэв үү үгүй юу холын идээ ундаа амсая даа гэх л хүнсэн хэмээн дүү нь
бодож явжээ.
Шөнө дөлөөр сумын төв ороод ирлээ. Тайгад
дотноссон нөхөд нь өөрсдийн ахан дүүс ирж байгаа юм шиг бүгдээрээ
цуглачихсан бүх зүйлээ бэлдэн хүлээж байв. Үүлэнгийнд хоол цай, идээ
будаа болоод амрахаар болов. Үүлэнгийн гэрийг шинэ хосод зориулан тусад
нь бэлдэж, тэр хоёрыг Сараагийн амьдарч байсан сумын зочид буудалд
оруулсан байна. Энэ бүхэнд Рэгжиймаагийн үүрэг роль маш ихийг хэлэх юун.
Энэ хүний ач буянаар Үүлэн тайгад ямар нэг юмаар гачигдах, барьц
алдахын бэрхшээлтэй тулгарсангүй. Залуу хос тэр хавиараа зугаалан
байгалийн цэвэр жимс идэж, ус уун амрахын дээдээр амарч эхлэв. Харин
Засаг дарга, Ренцэндорж, хэсгийн төлөөлөгч гурав сэм далим үүсгэн холоос
ирсэн виски, сакэ, шимийн юм, цагаан архи холин гурван өдөр найрлан
зочдод загасны шөл уулгах ёсоо мартах шахжээ. Рэгжиймаа үглэснээр сая
ухаарч холын зочдод загасны шинэ шөл уулгах аянд гэр бүлээрээ гарцгаан
найр үргэлжилжээ. Ах нь холоос ирсэн юм гээд орж гарахдаа ам хүрнэ үү
гэхээс урьдынх шигээ толгойгоо мэдүүлэн гудрахаа больжээ. Өргөн алаг
Шишгэдийнхээ өнөө тохойд очин тухлажээ. Загасчлах ажил мэдээж Сараад
оногдов. Энэ нь зочдын сонирхлыг гойд татсан нь зүйн хэрэг. Олон эр хүн
байтал бэр эгч нь уурга дэгээ бэлдээд эхлэхээр гайхсан бага дүү, бэр
хоёр нь "Та уурга угсарч чаддаг юм уу?” хэмээн асууж хөглөжээ. "Чадна”
гэхээс өөрийг хэлээгүй бэр эгч нь уурга дэгээгээ бэлдэж орхиод тэр
хоёрыг явцгаах уу гэсэн нь бүр алмайруулж орхиж. "Тэгээд та барих гэж
үү?” гээд дүү нарынх нь нүд аягандаа багтахааргүй болчихсон эргэлдэж
авай.
Сараа нүдээ донжтой ирмэх нь тэгэлгүй яах вэ гэхтэй
адил харагдана. Цүнхээлийн эрэгт очоод бэр эгч нь ёстой гайхамшгийг
үзүүлжээ. Түүний дэндүү уян налархай атлаа чамин бас эршүүд хөдөлгөөн
хараад ханашгүй санж. Тун удалгүй анхны загасаа барьсан нь тохой гаруй
зэвэг байв. Урт хүрэн шаргал амьтан мушгиралдан гарч ирлээ. "Өө, зэвэг
байна” гээд дэгээнээс сурмаг гэгч нь мултлаад усны мандал уруу шидэж
орхилоо. Усандаа сэлэх хувьтай загас байлаа. Т”а яаж байна аа” гэвэл
"Булуу цагаан барих ёстой юм аа” гэнэ. Жаахан урсгал дагая даа гээд
өгсөв. Загасчин газраа анддаггүй юм байна. Уургаа шидээд хэдхэн даялаад
ямар нэг загас хөтөлж эхэллээ. Чирэгдэн айсуй загас усны мандалд нэг ил
гарч, нэг далд орсоор хэрдээ л булгисаар явна. Мөнгөлөг цагаан өехий нь
түүнийг тэр чигт нь мөнгөн цагаан харагдуулах нь усны өнгөтэй хослоод
үзэсгэлэнтэй гэдэг нь жигтэйхэн. Тийм сайхан зүйлийг тэр хоёр харсан биш
хүүхэд мэт хашгиралдан гүйлдэж байлаа. Тийн ангуучилсаар арваад булуу
цагаан бариад ан үндсэндээ өндөрлөжээ. Отогтоо очвол эрчүүд хэдийнэ
халчихсан, эмэгтэйчүүд нь хоол, цай бэлдчихсэн байлаа. Зочдыг хоймор
залаад найр эхэлжээ. Нэгэнт хоноглохоор шийдсэн болохоор яарах хэрэг
байсангүй. Бэр эгч нь хорхойгоо дарахаар дахиад загасчлахаар хоёр дүүгээ
дагуулан оджээ. Ингэхдээ барьсан загасаа авахгүй буцааж тавихаар
шийдсэн байна. Хэдэн зэвэг, хайриус, булуу цагаан бариад байтал хачин
жигтэй юм тохиожээ. Урсгалд хаясан дэгээ урссаар цүнхээлд ортол цүл пал
хийгээд уургыг нь суга татангаа алджээ. Бөөн шуугиан найрлагчдын
анхаарлыг татан согтуу нь гарчихсан улс гүйлдэн ирэв. Арай
туршлагатайгаараа Засаг дарга уурга авч жолооч ордогоороо орж нэлээд
ноцолдон гаргаж ирвэл метр орчим тул байх нь тэр. Сараа хоёр дахь тулаа
барьсандаа баясна. Холын зочдын аян замын амралт зугаатай сайхан болохын
бэлгэдэл гээд авахыг Засаг дарга амаараа зөвшөөрчээ. Загасны шөл уух
аянаар нэг иймэрхүү сонинтой. Тэд төдөлгүй ахынхаа тайгын гэрт зочлохоор
явлаа. Тайгын гэрийн сониныг өгүүлж баршгүй нь ойлгомжтой.
Хамгийн
сонин зүйл нь байгалийн шүршүүр буюу Үүлэнгийн урласан усан эмчилгээ
байсан нь мэдээж. Хоёр дүү нь ч салахаа байжээ. Японд иймэрхүү байгалийн
мэт зохиомжилсон саун, усан эмчилгээ, сан байдгийг ярин өдөржингөө
шахуу умбаж шумбацгаана. Холын хийгээд хотын зочдод хур, сойр, хөтүүний
шөл уулгахаар тэр хавиараа анд гарлаа. Тэдний эрэлд хатаж хол явах хэрэг
байх биш дээ. Гэрийн бараа далд ороогүй байхад л ойролцоох модон дээр
ганц хоёроороо сууж харагдацгаана. Гэхдээ гэрийнхээ хаяанд буу
дуугаргахыг төвдсөнгүй. Сараа, шинэ бэр хоёр ганц нэг жимс шүүрсэн шиг
хөтлөлцөн алхана. Тэр хоёр анчдад саад болоод яах вэ гэж бодсон бололтой
тэрүүхэндээ суугаад хоцорчээ. Мань хоёр жаахан цаашлаад ангаа эхэллээ.
Нэгэн шинэсний мөчир дээр урьд үзээгүй ангийн бололтой лүглэгэр саарал
шувуу сууж харагдав. Таних гэж баахан харав. Тахианы хэрийн тэр
жигүүртэн цорхируу хэмээх шувуу байлаа. Сайхан бор шөлтэй, аргуу ч
амттай махтай гэгддэг нэгэн билээ. Харсанаа авдаг нь Үүлэнгийн чадвар
болохоор юу гэж алдах вэ. Хоёр хур, нэг цорхируутайгаа буцлаа. Шувуу
янзлахдаа шинэ бэр Сараагаас дутахааргүй аж. Тэр хоёр шувуугаар ёстой
тасархай хоол хийжээ. Ангийн шөл ууж, мах идсэн шиг жаргалдаа ташуурсан
дөрөв амрахын дээдээр амарцгааж авай. Өдөр бүр нэг иймэрхүү өнгөрч
байлаа. Анх ганцаараа ирснийг бодвол дөрвүүлээ болсон тул амьдрал сонин
гэхээсээ илүү амттай болоод иржээ, Үүлэнд. Нэг өдөр дөрвүүлээ тайгын
жинхэнэ цаатан айлд зочлохоор гарчээ. Ламаа өвгөнийд хамгийн түрүүнд
очлоо. Өвгөн сониуч хүн учраас хол ойрын хүмүүсийг баахан байцаадаг
хэнхэгтэй ч сайхан сэтгэлтэй зочломтгой нэгэн байлаа. Хол ойрын зочин
гэж сумын төвийнхнөө ярьдаг түүнд хотоос ирсэн Үүлэн эхэндээ ёстой холын
зочин байсан бол энэ удаа Японоос ирсэн хоёр жинхэнээсээ холын зочин
бололгүй яах вэ. Японы сонин сонсоно гээд Үүлэнг бараг мартах шахжээ.
Гурван гэрээр намаржиж буй тэдний урц хоёр зочинд ч сонин байлаа. Цаатны
урцанд цай ууж сууна чинээ санаагүй хоёр өвгөний асуултаас залхсангүй.
Мэдэхийн хэрээр хариулах ажээ.
Яриандаа халсан өвгөн
хөгшиндөө хандан "Өнөөхөөсөө чана” гэчихжээ. Эмгэн Үүлэн рүү
болгоомжилсон байдлаар харна. Үүлэн "Эмээ, сонин юм байвал хоёр дүүд
минь амсуулаач” гэв. Сонирхох юу байх вэ. Хуультай болохоор л гээд
дуугаа намсгана. Тэр нь тос даасан даанч сайхан гэх үг багадахаар амттай
хандгайн уруул байжээ. Энэ мэтийг идэж үзэн хоноод явахдаа гахайн мах
элдсэн гурилтай чануулж идээд мордоцгоожээ. Ийм маягаар ховор нандин
болгоныг шахуу амссаар явтал наймдугаар сар дундаа оров. Тэд гэр орноо
сайхан манаж орхиод дахин ирэхийн ерөөл тавин нэг мөр сумын төв орлоо.
Очсон өдрөө нөхдөө цуглуулан Улаанбаатар уруугаа явах болсноо дуулган
найрлажээ. Ихэд ижил дасал болсон нөхөр нь нэг мөр явах болсныг сонссон
нөхөд нь хэсэгтээ л шоконд оржээ. Алиа хошин зантай ажилсаг
Рэгжиймаагийн дуу ч цөөрөөд ирэв. Бүхнийг чимээгүйхэн амжуулсан тэр аян
замын зүйлсийг ягштал бэлдсэн нь мэдээж. Нөхөд нь тэднийг гаргаж өгөх
хүртлээ найрлахаар шийджээ. Тэр нь ч дээр байлаа. Хааяа ирж зусч амарч
байх тул байраа хадгалж байхыг зөвхөн Рэгжиймаад даалгажээ. Холын дөрөв
буцах өдөр ирлээ. Хүссэн ч, эс хүссэн ч ийм өдөр, цаг ирэх нь тодорхой
байсан тул бүгд л эрвийх дэрвийхээрээ хөдлөн мартсан орхисныг сануулна.
Яг явах болсон чинь сумын төвийнхөн бараг тэр аяараа цугларч ямар нэг
баяр наадам болж буй мэт хөл хөдөлгөөн өрнөжээ. Бүгд л сэтгэлийн зүйлсээ
барьсан харагдана. Тэр бүгдийг хамж цуглуулсаар байтал бараг машин ачаа
болсныг ангилж янзлаад араас нь нэгбүрчлэн хүргэж өгөхөөр болов. Холын
дөрвийг Засаг дарга онгоцонд нь суулгаж өгөхөөр унаандаа суух үед
уйлаан, майлаан болжээ. Төрсөн ахан дүүс мэт ижилссэн улс яг явах
болохоор сэтгэлээ нээн нулимсаа "нэрдэг” юм байна.
Ийнхүү Үүлэн эхнэр, дүү, бэрийн хамт нутгийн зүг хөлгийн жолоо залав аа.
www.T1771.Tk