Зөвлөгөө::
Англи хэлийг яавал илүү үр дүнтэй сурч болох вэ?
Сэтгэц, хэл шинжлэлийн эрдэмтдийн тогтоосноор долоо хоногт 10-12,
өөрөөр хэлбэл өдөр бүр 1,5 цагийг хэл судлахад системтэй зарцуулж чадвал
тодорхой амжилтад хүрч болдгийг тогтоожээ. Аль нэг гадаад хэлийг
сурахаар шийдэхээсээ өмнө ийм хэмжээний цаг гаргаж чадах эсэхээ цэгнэж
үзээрэй.
Нэг эхлээд л, хэсэг хаяад л өөрийгөө залхаан цээрлүүлээд яахав. Миний
нэгэн танил англи хэлийг A, B, C-гээс нь зургаан удаа эхэлж үзсэн гэж
ярьж билээ. Эмгэнэлтэй түүх шүү. Аливаа гадаад хэлний мэргэжлийн анги,
эсвэл эрчимжүүлсэн сургалтын долоо хоногийн цаг нь 20-25 байдаг. Ер нь
тухайн хэлний аль нэг түвшингээс нэг шат ахихад /тухайлбал from
pre-intermediate to intermediate/ ойролцоогоор 120 багц цагийн сургалт
хангалттай байдаг нь туршлагаар нотлогдсон.
Ажлынхаа хажуугаар ийм цаг хаанаас гаргах билээ гэж бодож байна уу.
Тэгвэл өдрийн 24 цагийн наймд нь ажиллаж, наймд нь унтаж амарч, үлдэх
наймыг нь чөлөөт цаг буюу өөртөө зарцуулъя л даа. Хүн нойрсож байхдаа
хэл сурах боломжийг эрдэмтэд ирээдүйд нарийн судалж үзэх байх. Гэхдээ
англиар ярьж байна хэмээн зүүдэлбэл хэл сайн сурахын шинж гэдэг шүү. Ер
нь гипнопеди буюу нойрон дунд сургалт явуулах аргыг бүр 1916 оноос
туршиж эхэлсэн байна. Харин аль нэг хэлийг бус Морзын цагаан толгой зааж
байжээ.
Гадаад хэл сурах нэг арга бол тухайн хэлээр цээжилж тогтоох ёстой
бичвэрийг дуу хураагуурт уншиж бичнэ. Нэг шөнө гучаад үгээс бүрдсэн
10-12 богино өгүүлбэр хангалттай. Унтахын өмнө бичвэрээ хараад бичлэгээ
дагаж уншина. Гэрлээ унтраасны дараа 40 минутын турш дууг нь намсгах
маягаар сонсож, өглөө сэрмэгцээ түрүүчийнхээ эсрэгээр бичлэгээ аажмаар
чангалж, 25-30 минутын дараа нойроос бүрэн сэртлээ сонсоно. Ийм маяаар
18 шөнийн хичээлээр ойролцоогоор 800-900 үг тогтоодог нь ердийн
уламжлалт аргаар сурснаас даруй 6-7 дахин их хэмжээний мэдлэг эзэмшдэг
нь батлагджээ. Эрүүл мэндэд ч хоргүй. Мөн бичиг үсэгт тайлагдсан хүн
минутад дунджаар 300 үг уншдаг гэнэ. Тэгвэл 60 хоромд дунджаар 300 үг
уншдаг юм чинь 15 минутад 4500 үг гэсэн үг. Долоо хоногт 31500, сард 126
мянга, жилд нэг сая 512 мянган үг болж таарна. Ямар ч ном 60-100 мянган
үгийн сантай байдаг.
Дунджаар 75 мянга гэвэл өдөр бүр 15 минут уншаад байхад жилдээ 20 ном
унших боломжтой. Эсвэл боломжгүй зүйл үү. Өдөрт ядаж 15 минут уншаад
байвал долоо хоногт нэг тал ном, сард хоёр, жилд 20, харин амьдралдаа
мянгаас ч илүү ном уншиж болох нь ээ. Ихэнх хүмүүс сурч байгаа хэлээрээ
ном уншихдаа мэдэхгүй үг гарах бүрт толь бичиг эргүүлсээр залхдаг. Ингэх
шаардлага байхгүй. Үнэхээр хэрэгтэй үг бол дахин давтагдах байдал,
эсвэл тухайн хам сэдвээс нь таах боломжтой. Ийнхүү тааж утгыг ойлгох нь
механикаар толь бичиг хардаг зуршлаас хавьгүй ач холбогдолтой юм.
Нэгэн ухаант буурал "Таяг тулаад хөлтэй болдоггүй. Даяг /төвдөөр толь
бичиг/ үзээд хэлтэй болдоггүй” гэжээ. Шинэ үг хэллэгийг оюун
дүгнэлтээрээ олж мэдэх бүр урамшиж, улмаар цааш сурахад хөдлөх хүч
болдог. Хэл эзэмшинэ гэдэг маань бусдыг ойлгох, бусдад өөрийгөө зөв
ойлгуулна л гэсэн үг шүү дээ. Танд амжилт хүсье.
www.T1771.Tk