Зөвлөгөө::
Хэрхэн өөрийнхөө онцлогт тохируулж мэргэжлээ сонгох вэ?
Амьдрал сонголтоор баян. Сонголтууд дандаа зөв байх албагүй ч
мэргэжлээ, ханиа, найзуудаа, сургуулиа, ажил албаа сонгоход зайлшгүй цаг
зарцуулах хэрэгтэй. Хэсэг бүлэг хүний хувьд мэргэжлээ олох нь амархан
санагдаж болно. Амархан мэт сонголтын цаана ирээдүйн алдаа оноо, амжилт
бүтэлгүйтэл нуугдан байдаг.
Мэргэжил бол үүрдийн хань. Хүний амьдрал мөнх биш учраас ирсэн бүхэн
буцдаг жамтай. Аав ээж, ах дүү, найз нөхөд бүгд л энэ замыг тойрохгүй
дайрна. Харин мэргэжлийн ур чадвар цаг ямагт таны дэргэд байна. Хэзээ ч
таниас урвахгүй бас хэн ч түүнийг булааж чадахгүй. Хүн идэвхтэй
амьдралынхаа 40 орчим жилийг ажлын байранд өнгөрүүлдэг гэдэг. Энэ бүх
хугацаанд мэргэжлийн чадвар л таныг ажилтай, орлоготой байлгаж чадна.
Сүүлийн жилүүдэд зөв буруу, эрэлттэй хоцрогдсон, сайхан муухай
мэргэжлийн талаар их ярих болж. Зөв буруу мэргэжил гэж байхгүй гол нь
зөв сонголт буруу сонголт гэж л байна. Өөрийн хувийн онцлог, хүсэл
сонирхол, ур чадварт нийцсэнийг сонгож чадвал ямар ч мэргэжил зөв бөгөөд
сайхан. Зөв сонголт хийхийн тулд хэд хэдэн алхамыг тооцох хэрэгтэй.
Чин хүслээ хай. Өөрийнхөө сэтгэлзүйг таньж мэдээгүй байж мэргэжлээ
олох гэж, ажил төрөл олох гэж, мөнгө олох гэж яарах нь зүйд үл нийцнэ.
Юуны өмнө өөрийн чин хүсэл, язгуур сонирхлыг илрүүл. Би чин сэтгэлээсээ
ямар хүн болохыг хүсэж байна вэ, энэхүү хүсэлд автаад хэр удаж байна
вэ гэдгээ өөрөөсөө асуу. Аливаад хэн нэгэн шиг болох гэсэн түр зуурын
хүсэл, сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж болохгүй. Хүүхэд 7-19 насандаа
хүссэн мэргэжлээ олон дахин сольж байвал энэ нь гэр бүл, орчин тойрных
нь хувиралттай холбоотой. Гэвч эцсийн шийдвэр л хамгийн чухал нь юм.
Гэхдээ хувирамтгай байдал нь 19 сараас бага биш байх хэрэгтэй.
Мөрөөдлийн мэргэжил нь байнга солигдож байдаг бол энэ нь сайны тэмдэг
биш юм. Иймээс хүсэл мөрөөдлөө бодитой болго.
Тухайн чиглэлээр бэлддэг их дээд сургуулиудаар зочил. Ирээдүйн ажлын
байруудаар явж бодит орчинд ажиллаж амьдарч буй хүмүүстэй уулзаж ярилц.
Ажил бүхэн амар биш. Хэн нэгний ярианаас хүнд бэрх ажил мэргэжлийн тухай
сонсоод шантарч болохгүй. Хүний энэ орчлонд хөдөлмөрлөхгүйгээр
амжилтанд хүрдэг, бэрхшээлийг эрхшээлдээ оруулахгүйгээр ялдаг нэг ч зүйл
үгүй.
Хувийн онцлог чанаруудаа ол. Хүн болгон адилгүй. Өөртөө итгэл итгэл,
үүрэг хариуцлага, өөрийгөө удирдах, зорилгодоо тэмүүлэх байдал зэрэг
олон шинжээрээ бид бие биенээсээ өөр. Үүнийгээ олохын тулд багш нар, аав
ээж, найз нөхөдтэйгөө чин сэтгэлээр ярилц. Ямар ажил мэргэжил тохирох
вэ гэх сэтгэлзүйн тест бөглөх нь илүү үнэнд нийцэж ч мэднэ. Зарим аав
ээжүүд хүүхдийнхээ хүсэл сонирхлыг биш өөрсдийнхөө хүсэл сонирхол, эсвэл
хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг таамаглан зөвлөх тал ажиглагддаг.
Тухайн мэргэжил эрэлттэй хэдий ч хүүхдийн хувийн онцлогт үл нийцвэл
түүнээс амжилт нэхэх хэцүү, хий дэмий цаг мөнгө үрсэн хэрэг болно.
Оросын эрдэмтэн сэтгэл зүйч Е.А.Климовын хүмүүс сэтгэлзүйн хувьд 5
бүлэгт хувааддаг бөгөөд үүнийг нь нээж чадвал өөрт тохирсон мэргэжлийг
олж болно гэж үзсэн. "Хүн-байгаль”, "Хүн-хүн”, "Хүн-тэмдэгт”,
"Хүн-техник”, "Хүн-уран сайхны дүр” гэсэн ангиллын алинд багтахыг таньж
мэдвэл ямар чиглэлээр суралцахаа шийдэж болно. Тухайлбал "хүн-хүн”
ангилалд багтах хүүхэд бол харилцааны ур чадвар шаардах ажил
мэргэжлүүдэд, "хүн-уран сайхны дүр” ангилалд багтвал урлаг уран сайхны
салбарт илүү үр бүтээл гарна.
Сүүлийн жилүүдэд хувийн зан чанарын судалгаа буюу "MBTI” тестийг
өргөнөөр ашиглах болж. Энэ тестээр хүмүүсийг 16 ангилах бөгөөд ямар ажил
мэргэжил тохирохыг шууд хэлж чадах үнэнд их ойр тест.
Ур чадвараа илрүүл. Тухайн чиглэлээр суралцах хүсэл
тэмүүлэл дангаараа хангалтгүй. Хүсэл тэмүүллийг бодит ажил болгоход
тухайн хүний сэтгэлзүйн онцлогоос гадна ур чадвар нөлөөлдөг. Ур чадвар
нь авъяас билэг, оюуны чадвар, мэдлэг, туршлагын нийлбэр юм. Олон
зүйлийн нийлбэр ч энэ шатанд төрмөл өгөгдөл буюу оюуны үндсэн 7 чадварыг
нь илрүүлэхийг хичээх хэрэгтэй. АНУ-ын сэтгэлзүйч Ховард Гарднер 1983
онд "Frame of mind” номондоо "хэл яриа”,
"математик-логик”, "дүрслэл-орон зай”, "хөгжим”, "бие-хөдөлгөөн”,
"харилцаа”, "өөрийгөө танин мэдэхүйн” оюун ухаан гэсэн ангиллыг санал
болгосон бөгөөд одоо ихэнх сургуулиуд уг загварыг хүлээн зөвшөөрч байна.
Энэ чадвараас аль чадварууд нь илүү хөгжсөн вэ гэдгийг мөн мэргэжлийн
тестүүдээр эсвэл өнөөг хүртэл аль хичээлдээ амжилт гаргаж буйг ажиглах
маягаар гаргаж болно. Тооны хичээлд огт амжилт гаргадаггүй хүүхэд
санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцахад түвэгтэй болно. Урлагийн од
болж гялалзахыг хичнээн хүссэн ч хөгжмийн ур чадвар нь хөгжихгүй бол яах
вэ? гэх зайлшгүй зүйлийг энэ шатанд тооцоорой. Аль ур чадвар нь
хөгжөөгүй бас давамгайлдгийг нь мэдчихвэл ямар мэргэжил таарахыг
төвөггүй хэлж болно. Аль ч ажлын байранд амжилт гаргахын тулд мэргэжлийн
хатуу чадвар хувийн уяан хатан ур чадвартай хосолж байж амжилт гаргадаг
болохыг хатуу анхаараарай.
Мэргэжлийн өсөлтийг судал. Дэлхий дахинд нийт 7000 төрлийн ажил
мэргэжил байдаг бөгөөд Монголд залуучууд 50 гаруйхан мэргэжил дотроос л
сонголтоо хийдэг байна. Энэ бага тоо ч тухайн эзэмших гэж буй
мэргэжлийнхээ өсөлтийг судлах хэрэгтэй. Өсөлт гэдэгт тухайн мэргэжилтний
сарын дундаж цалин, эрэлт хэрэгцээ, ажлын байрны аюулгүй байдал, өсөж
дэвших боломж, ажлын байрны стресс зэргийг авч үздэг. Зарим улс орон жил
бүр өндөр өсөлттэй 20 мэргэжлийн жагсаалтыг албан ёсоор гаргадаг.
АНУ-ын Үндэсний статистикийн хорооноос жил бүр "өсөлттэй” болон "илүүдэлтэй”
мэргэжлүүдийн жагсаалт гаргадаг. Манайд бол таамаглал төдий байгаа. Энэ
салбар хөгжих нь гарцаагүй тэгэхээр энэ чиглэлээр хүүхдээ сургавал
ажлын байртай гэж боддог. Бид ажлын байрны төлөө биш тухайн салбартаа
амжилт гаргах гэж их дээд сургуульд суралцдаг шүү дээ.
Боловсрол, Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн
газар гэх төрийн байгууллагууд жил бүр хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн
болон цаашдын чиг хандлагын талаар олон нийтэд баттай мэдээлэл өгөх
учиртай. Ингэж чадвал тухайн айл өрх хүүхдийнхээ сонирхож буй мэргэжилд
судалгаатай ханддаг болно. Чиг хандлагаас гадна тухайн мэргэжил
сэтгэлзүйн болоод физиологийн ямар шалгууртайг нь мэд. Тухайн хүн
мэргэжилдээ тохирох байдлыг ерөнхийд нь 2 ангилдаг.
• Бүрэн тохирохуй – Хүний сэтгэц, физиологид хатуу шаардлага тавьдаг,
тусгай сонгогдсон хүн хийх ёстой мэргэжил. Жишээ: сансрын нисгэгч,
балетчин гэх мэт.
• Харьцангуй тохирохуй-дурын эрүүл хүн хийж гүйцэтгэж чадах мэргэжил.
Хүн ажилдаа тохирох эсэхийг тодорхойлохдоо дараах үзүүлэлтүүдийг харгалзана.
Сургуулиа судал. Хүүхдүүд сургуулиа сонгочихоод
дараа нь мэргэжлээ сонгох хандлага ажиглагддаг. Жишээ нь МУИС-д л орвол
болоо, улсын сургуульд л орсон бол ямар мэргэжлээр сурах нь хамаагүй гэж
бодож болохгүй. Эхлээд мэргэжлээ сонгочихоод энэ чиглэлээр чанартай
боловсрол олгох ямар сургуулиуд байгааг харьцуулж судал. Жил бүр
мэргэжлийн сэтгүүл, боловсролын болон засгийн газрын байгууллагууд их
дээд сургуулийн зэрэглэлийг тогтоодог. Тэд ихэвчлэн багш боловсон хүчний
зэрэг цол, "нобель” гэх мэтийн томоохон шагнал авсан багш судлаачдын
тоо, шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлд багш оюутны нийтлэл хэвлэгдэж
буй эсэх, сургуулийн эрдэм шинжилгээний төсөл үйлдвэрт шууд ашиглагдаж
буй эсэх, сургууль болон үйлдвэрийн хамтын ажиллагаа, шинэ нээлт болон
оюутны тоо, төгсөгчдийн ажлын байранд очих хувь гэх мэт олон шкалаар
зэрэглэл тогтооно.
Гадны томоохон сургуулиуд чанартай байхын хэрээр төлбөр нь их өндөр.
Дэлхийн топ сургуулиудын төлбөр 30 мянган доллараас дээшээ бол манай
дээд боловсрол харьцангуй хямд. Дээд боловсрол хямд байгаа учир дээд
боловсролтой хүн үнэгүйдэж байгаа хэрэг. Дээд боловсролыг үнэ цэнэтэй,
чанартай болгохын тулд санхүүжилт, сургалтын агуулга, орчин, арга
барилыг цогцоор шийдэх ёстой. Сүүлийн жилүүдэд оюутнуудыг төрийн зүгээс
боломжоороо дэмжиж байна. Сарынхаа цалингаар номын санд байхгүй
хэрэгцээтэй номоо авах мөнгийг шийдсэн нь тун сайшаалтай.
Хэрвээ Монголд боловсрол эзэмших гэж буй бол сургалтын чанар,
элсэгчдийн болон төгсөгчдийн тооны харьцаа, үндсэн багш оюутны харьцаа,
одоо суралцаж буй оюутны амжилт, төгсөгчдийн мэргэжлээрээ ажиллаж буй
хувь, номын санд буй номын хүрэлцээ, хамгийн гол нь суурь зохиолууд
болон сүүлийн үеийн ном бүтээл, мэргэжлийн сэтгүүлүүд захиалдаг эсэх,
оюутныг өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог эсэх, зөвхөн онол биш дадлагын
ажилд анхаардаг эсэх, оюутны хөдөлмөрийн биржийг дэмждэг эсэх зэрэг
зүйлийг судалж байж сургуулиа сонгоорой.
Энэ бүхнийг тооцож эрхэм дүү сонголтоо хийгээрэй. Сонголт тань мэргэн байг.